Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Пүрэвдорж: Зөв бодлого явуулбал, магадгүй ирэх 4 жилд зээлийн хүү буураад л эхэлнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн ухааны доктор Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Таныг төв банкийг удирдаж байх үед эдийн засаг төдийлөн л тогтвортой байгаагүй. Тухайн үед бас амаргүй жилүүдийг Монгол Улс туулж байсан шүү дээ. Төв банк макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд ямар бодлого баримталж байсан бэ?

-Тэр үеийн бэрхшээлийг одоо тоочоод хэрэггүй байх. Зүгээр өнөөдөр сургамжтай байх талаас нь ганц нэг зүйл хэлье. Өнөө өглөө вэб сайтуудаар “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь байх” хуулийн төслийг өргөн барьсан тухай мэдээллүүд гарсан байна. Энэ бол зах зээлийг нэлээн доргиох эрсдэлтэй мэдээлэл. С.Эрдэнэ гишүүний өөрийнх нь хэлснээр зээлийн хүү 36 орчим хувьтай байна гэсэн. Үүнийг хоёр дахин бууруулж, 18 хувьд хүргэх асуудал нь өөрөө санхүүгийн зах зээлийг доргиох бүрэн боломжтой мэдээлэл. Зээлийн хүүг захиргаадаж тогтоох нь Монголын хувьд байж болохгүй сөрөг үзэгдэл.

Манай улстөрчид эдийн засагт дур зоргоороо ханддаг, дайрч ордог, угширсан муу бодлогын л нэг илрэл. 2004-2008 онд уул уурхайгаас олсон багахан орлогынхоо ихэнхийг “хүүхдийн мөнгө” гэж тарааж цацсан. Дараа нь 1.5 сая төгрөг бас тараасан. Мэдээж эдийн засгийн чадавхи нь байхгүй байсан учраас эдгээр бодлогын үр дүнд өртэй л үлдсэн. Яагаад гэхээр эдгээр мөнгөнүүд хэрэгэлээнд импортыг дэмжиж, гадагшаа л гарсан. Тэрний дараа бензин шатахууны үнэ, хүнс, барилгын материалын салбарт төв банкнаас мөнгө хэвлэж, банкаар дамжуулан зах зээлээс бага хүүтэй зээл олгож, үнийг зохицуулах бодлого явуулсан. Эдгээр бодлогууд үр дүнд хүрсэн үү гэвэл нэг нь ч хүрээгүй. Өнөөдөр зээлийн хүүг хүчээр тогтооно гэж байгаа нь дээрх бүх буруу бодлогын л нэг илрэл, хэлбэрээ өөрчилсөн хувилбар нь болж байна. Манай эдийн засаг өөрөө бүтцийн доголдолтой.

Гадаад зах зээлээс хамааралтай, түүхий эдийн үнийг дагаж хэлбэлздэг гэх зэрэг сул тал бий. Үүнийг бид амархан засч чадахгүй. Гэхдээ төр засгаас ард иргэд болон бизнесийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг нь Монголын эдийн засгийн өөрийнх нь бүтцээс болж үүсч байгаа хэлбэлзлийг багасгаж, урт бөгөөд дунд хугацаанд тогтвортой хөгжлийг хангах. Гэтэл сүүлийн үед төр засаг эдийн засгийг тогтвортой байлгах бус харин ч эсрэгээрээ тогтворгүйжүүлэх гол хүчин зүйл болчихоод байна. Улс төрийн амлалт, ард түмэнд таалагдах гэсэн хөнгөн хуймгай байдлаар төрийн бодлогод хандаж байх шиг. Бүү мэд, тэгж л харагдаж байна.  Ямар ч дүрэмгүйгээр эдийн засаг руугаа дайрдаг ийм байдал зөвхөн миний үед ч биш үндсэндээ бүхий л үед Монголын эдийн засгийн хөгжлийг хойш нь татаж ирсэн. 

-Ер  нь зээлийн хүүг бууруулахад төр засаг, Монголбанкны зүгээс ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ. Монголбанкны зүгээс ажлын хэсэг байгуулаад, стратеги боловсруулах судалгааны ажлыг эхлүүлсэн. Гэтэл зарим улстөрчид шууд хязгаар тогтоох хэрэгтэй гээд тэрийг нь зарим эдийн засагч нэртэй хүмүүс ихээхэн дэмжиж байх юм. Хүүгийн дээд хязгаар тогтоох нь яаж ч бодсон зөв шийдэл биш байх, тийм үү? 

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь гээд хуульчлах юм бол юун түрүүнд Монголбанкаа татан буулгах хэрэгтэй. Ямар ч хэрэг байхгүй. Монголбанкны мөнгөний бодлого гэдэг чинь тэр хүүгээр л дамжиж явдаг юм. Тэгэхээр мөнгөний бодлогыг Улсын Их Хурал дээр хэлэлцэж, баталсны ч хэрэг байхгүй. Валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлэх ч хэрэг байхгүй. Зээл, хүүгийн асуудлыг цаашдаа ч Их хурал дээрээ байнгын хороо, эсвэл бүлэг дээрээ хэлэлцээд шийдвэрлэж байна биз. Үнэхээр ингэж хэлэхээс өөр арга алга. Тэгээд хадгаламжийн хүү, зээлийн хүү өндөр байна гээд байгаа. Тэгвэл хүү яагаад өндөр байна вэ гэхээр дахиад л түрүүн хэлсэнчлэн төр засгийн тогтворгүй бодлогын л үр дүн шүү дээ.

Нэг тодорхой жишээ хэлье. Намайг ажлаа авахаас өмнөх жил инфляци 32 хувь, зээлийн хүү 29 хувьд хүрч байсан. Бид зөв бодлого явуулаад, 2012 он гэхэд зээлийн хүү 14-15 хувь руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, 4 жилийн дотор 10 орчим хувиар буурсан байдаг. Өнгөрсөн 4 жилд хэрвээ зөв бодлого явуулсан бол зээлийн хүү өнөөдөр эргээд 20 гаруй хувьд хүрэхгүй л байх байсан. Тэр үндсэн нөлөөгөө арилгаагүй байж, хамаг бурууг хадгаламж эзэмшигчид рүү өгөөд, хадгаламж эзэмшигчдийн орлогыг бууруулах асуудлыг яриад, банкны салбарыг мөнгө хүүлэгч гэж үзээд  байж болохгүй. Шалтгаанаа зөв олж тогтоох хэрэгтэй. Зөв бодлого явуулбал, магадгүй ирэх 4 жилд зээлийн хүү буураад л эхэлнэ.   

-Зээлийн хүүг бууруулахын тулд инфляцийг бууруулах ёстой. Гэтэл хүүг хүчээр тогтоолоо гээд инфляцийг хуулиар тогтоож чадахгүй шүү дээ. Нэгэнт инфляцийг хуульчлах боломжгүй учраас зээлийн хүүг ч бас хуулиар тогтоох боломжгүй байх? 

-Хэрвээ зээлийн хүүг хүчээр тогтоогоод эхэлбэл, банк ч үгүй болно шүү дээ. Зээлийн хүүг хүчээр бууруулна гэдэг чинь хадгаламжийн хүүг бууруул гэсэн үг. Гэтэл хадгаламж эзэмшигчид буруугүй шүү дээ. Хадгаламж эзэмшигчид хуримтлалыг бий болгосноороо Монголын банкны системийн тогтвортой ажиллагааг хангаж, нөгөө талаараа улс орныхоо хөгжилд өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байна. Харин үүнийг зөв зүйтэй удирдах үүрэг нь төрд болон банкинд байгаа.

Төр эдийн засаг тогтвортой өсч, эрсдэл нь буурч байх бодлогоо явуулж чадаагүй байж, банкинд зээлийн хүүг бууруул гэж хүчээр тулгаж болохгүй. Одоо УИХ хүүг хүчээр тогтоовол их “муухай” зүйл болно. Монголбанк хүүний дээд хэмжээг тогтоохыг хуулиар батлачихвал улстөрчид сонгууль дөхөөд ирэхээр Монголбанк руу зээлийн хүүгээ бууруул гэж маш хүчтэй дайрч эхэлнэ.

Яваандаа сонгуулиас сонгуулийн хооронд зээлийн хүү гэдэг маш том сэдэвтэй болно. Бүх бурууг нь Монголбанк руу чихэж, эцэстээ Монголбанкыг алдаагаа өөрсдөөсөө зайлуулж гарах үүд хаалга л болгоно. Гэхдээ Монголбанк ийм зам руу орохгүйг хичээж, эсэргүүцэх бодлого барих байх л даа. Эцсийн дүндээ миний хадгалуулсан мөнгө үнэ цэнээ алдаад эхэлбэл, тэрнийг банкинд хадгалуулах шаардлага байна уу гэсэн асуудал хадгаламж эзэмшигчдэд тулгарч мөнгөө татаад эхэлнэ. Хэрвээ их хэмжээний мөнгө үл итгэлээс болж  татагдаад эхэлбэл, банкууд унана шүү дээ. 

-Монголбанкнаас санаачлан Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцээд эхэллээ. Хэрвээ та хуулийн төсөлтэй танилцаж амжсан бол таныг төв банкны удирдлагаар ажиллаж байх үед хуулийн хүрээнд тулгамдаж байсан асуудлуудыг шийдвэрлэхэд хэр анхаарч үзсэн хуулийн төсөл болсон гэж үзэх вэ? 

-Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг уншсан. Юун түрүүнд төв банкны тухай хуулиар Монголбанкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” гэж шууд тусгах нь зөв. Төгрөгийн тогтвортой байдал гэхээр өргөн утгаараа инфляци мөн хэдий ч улс төрчид үүнийг төгрөгийн ханштай хольж, солих байдлаар гуйвуулж, олон нийтэд буруу мэдээлэл өгөх хандлага байдаг. Тийм учраас үүнийг “Үнийн тогтвортой байдал” гэж өөрчлөх нь зөв юм.

Мөн Засгийн газар Монголбанкны харьцааг тодотгож байгаа. Монголбанк Засгийн газарт зээл өгөхдөө улирлын хэрэгцээг хангах байдлаар, тухайн жилдээ багтаж төлүүлдэг. Хуулийг ингэж л ойлгож, хэрэгжүүлж ирсэн. Үүнийг илүү тодотгож байгаа нь зөв. Гэхдээ үүнд нэг зүйлийг онцолж, тодотгох ёстой. Өөрөөр хэлбэл, үүнээс өөрөөр Монголбанк, Засгийн газрын аливаа санхүүжилтийг хийхгүй гэдгийг хуулиар хориглож өгөх ёстой. Тийм хориглох заалт байхгүй болохоор Засгийн газар сонгууль дөхөөд ирэхээр элдэв амлалтаа биелүүлэхэд Монголбанкийг ашиглах, шахах тал гарах гээд байдаг. Мөнгөний бодлогын зөвлөлийн асуудлыг бас хуульчилж байгаа. Үндэслэлийг нь харвал нэг хүний нөлөөллийг багасгах гэсэн байна лээ.

Гэхдээ үүний нөгөө талд мөнгөний бодлогыг будлиулдаг ганц зүйл нь өөрөө улс төр шүү! Энэ утгаараа Монголбанкны Ерөнхийлөгч дангаараа бодлогоо гаргаж, хэрэгжүүлдэг нь бас сайн талтай. Яагаад одоогийн хуулинд ингэж тусгасан гэхээр Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил. Энэ хугацаанд ажлыг нь хийлгээд, хариуцлагыг нь хүлээлгэе л гэсэн санаа. Гэтэл одоо УИХ-аар хэлэлцүүлж байгаа хуулиар бол Мөнгөний бодлогын зөвлөлийн эцсийн шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч гаргадаг байсныг  Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус 6 гишүүний оролцоог нэмэгдүүлж хамтын шийдвэр гаргадаг байхаар оруулж байгаа нь  ардчилсан зарчмаар шийдэж байна л даа.  Гэхдээ үүнийг манай улстөрчид юу гэж харах вэ гэхээр төлөөллөө суулгах суваг л болгож харна. Тийм учраас гишүүдийнхээ шалгуур, заалтыг маш сайн тусгаж өгөх ёстой. Тэнд суух хүн мэргэжлийнх байх ёстой. Улстөрч байж болохгүй.

Мэргэжлийн ёс зүйтэй байж, тангараг өргөх ёстой. Мөнгөний бодлогын хороо байгуулахыг буруу гэхгүй. Үүнийг хийхдээ маш сайн бодох ёстой шүү гэж байгаа юм. Зургаан хүн суучихаад, гурав гурваараа хоёр тийшээ хараад суучих юм биш биз. Хэрвээ тэгэхэд хүрвэл мөнгөний бодлогын хараат бус байдлыг хангахад үр дүнгээ өгч чадахгүй байж болзошгүй л гэж хараад байгаа юмл даа.  Хяналт, шалгалтын зөвлөл гэж бас байх юм билээ. Үүнд банкууд төлөөллөө оруулахыг хичээнэ. Үүнд банкуудыг буруутгах аргагүй. Тийм учраас мөн л шалгуураа маш сайн тодорхойлох ёстой.  

-Таны үед Банкны тухай хуульд өөрчлөлт орж байсан. Чухам ямар агуулгатай байсан бэ?

-Тэр үеийн гол өөрчлөлт Монголбанкны хяналтын чадварыг дээшлүүлэхтэй холбоотой байсан. 

-Одоо банкны тухай хуулин дээр хяналт, шалгалтыг сайжруулахтай холбоотой заалтууд  орж байгаа. Банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, эрсдэлээс хамгаалах чадварыг сайжруулах гэх мэтчилэн...

-Дэлхий нийтэд эдийн засгийн хөгжлийн бодлогод нэг өөрчлөлт ороод байгаа. Тэр нь эдийн засгийн сүүлийн хоёр удаагийн хямралтай холбоотой. Эдийн засгийг өсч байгаа үед нь татаж, хуримтлал үүсгэх, буурч байгаа үед нь нөөц хөрөнгөөрөө тэлэх. Өөрөөр хэлбэл, мөчлөг сөрсөн бодлого руу шилжээд байгаа. Энэ 4 жилд зэс, нүүрсний үнэ өслөө. Дээр нь Валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд эдийн засаг гайгүй болоод эхлэхээр зээл их гарах байх.

Тэгэхээр би банкуудын өмчлөгч нар, менежерүүдэд өмнө нь ч хэлдэг байсан. Одоо ч хэлэх нэг зүйл бол улс төрийн тогтворгүй байдалтай, эрсдэл их байгаа энэ үед хадгаламж, эзэмшигчдийн хөрөнгийг найдвартай байлгахын тулд эрсдэлийн удирдлагаа сайжруулах, мөчлөг дагасан бодлогоос татгалзах хэрэгтэй байна. Эрсдэлийн удирдлагын талаар Монголбанктай хамтран ажиллах хэрэгтэй. Мөн банкууд дотоодын хяналт, шалгалтаа сайжруулах, найдваргүй зээл гаргах үүд, хаалгыг маш сайн хаах зэрэг асуудал байна.

Монголбанкны хяналт, шалгалтад өртөхгүйн тулд нэг зээлдэгчид хоёр гурав таслаад их хэмжээний зээл өгчихдөг, тэрнээсээ болж банк нь унасан түүх бий. Эрсдэлийн удирдлагаас гадна өмчлөлийн хувьд хэт төвлөрсөн байдалтай байна. Яах вэ, нэг өмчлөгчтэй байгаад, тэр нь маш сайн эрсдэлээ удирдаад явдаг бол сайн л байна. Гэхдээ өнөөдрийн Монголын банкуудын хэмжээ, гаргаж байгаа зээлийн дүн эдийн засгийн хөгжлөөсөө хоцорчихоод байна. Тэгэхээр банкууд томрох хэрэгтэй байна. Үүний тулд өмчлөл дээрээ гадаад, дотоодын найдвартай хөрөнгө оруулагчтай хамтрах, хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт гадаадын банк орж ирж л таарна. Тэр үед зах зээлээ хамгаалахын тулд өнөөдөр банкаа томруулах, сайжруулах хэрэгтэй. 

-Танд тэр үед улс төрийн дарамт шахалт хэр их ирдэг байсан бэ?

- Улс төрийн зүгээс эдийн засгийг тогтворгүйжүүлж байгаа нь өөрөө асар том дарамт шүү дээ. Тэр үед эхэндээ Засгийн газар, Монголбанк хамтраад эдийн засгаа сайхан засаад авсан. Гэтэл 2010 оны эхнээс нөгөөдүүл чинь мөнгөө тарааж эхэлсэн. Тэр нь инфляцийн дарамтыг маш ихээр нэмэгдүүлсэн. Дээрээс нь гадаад валютын тэр үед хуримтлагдаж байсан нөөцийг үргүй зарахад хүргэсэн. Энэ үед Монголбанк өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд, инфляциа алдчихгүй байхын төлөө, дээр нь төсвөөс орж ирж байгаа их мөнгөний урсгалыг зохицуулах, гадаад валютын  нөөцөө нэмэгдүүлэх гэх зэргээр. Монголбанкны ажил 2-3 дахин нэмэгдсэн. Энэ асар том дарамт. Би 3.8 жил ажилласан. Тэр үед АН-ын бүлэг намайг хоёр удаа огцруулах гэж гарын үсэг зурсан. Би гомдоллож байгаа юм биш. Ерөнхийдөө ажил хийж байгаа хувь хүний хувьд харахаар засаг дээр өөрсдөө хамтарч суугаад, тэгээд баахан мөнгө тарааж, эдийн засгийг хүндрүүлчихээд, тэрнийг нь засах ажил хийж байхад жижиг, сажиг юмаар өөлөөд, огцруулах асуудал тавиад байхаар хэцүү л дээ. Я

мар ч байсан Их хурал үүнийг ойлгоод, асуудлыг хэлэлцэхгүйгээр өнгөрөөсөн. Одоо сүүлийн дөрвөн жилийн Монголбакны бодлогыг их шүүмжилж байна. Гэхдээ тэр бодлогын улс төрийн хариуцлагыг Ардчилсан нам хүлээх ёстой. Өнгөрсөн 4 жилийн бодлогыг Ардчилсан намын Засгийн газар Их хуралтайгаа хамтраад хийсэн.

Хөтөлбөрөө гаргаад, Их хуралдаа танилцуулаад, эхэндээ баахан магтаж, ёстой сайхан юм болчихлоо гээд, хамтраад хэрэгжүүлсэн байж, тэрний хариуцлагыг зөвхөн Монголбанкны Ерөнхийлөгч хүлээнэ гэвэл шударга бус. Үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр Монголбанкны ажил улс төрийн бодлого хоёр салангид л байх ёстой. Монголбанкаар ажлыг нь хийлгэ. Алдаа гаргасан байвал улстөржихгүйгээр шалгасан шиг шалгаад, хариуцлагыг нь тооцдог байх ёстой. 

-Төв банкны ерөнхийлөгч нарыг огцруулж байгаа шалтгааныг харахаар ихэвчлэн ханшаа тогтвортой барьж чадсангүй гэдэг юм билээ. Гэхдээ энэ яг бодитой, үндэслэлтэй шалтгаан байж чадах уу?  

-Ханш маш олон зүйлээс болж хөдөлдөг. Төсвөөс, Монголбанкны бодлогоос, Их хурлын шийдвэрээс ч юм уу. Юунаас болж ханш хөдөлж байна вэ гэдгийг тодорхойлох ёстой л доо. Ер нь бол төв банкны ерөнхийлөгчийг сонгуульд ялсан намын Их хурлын дарга нь “Одоо би тантай ажиллахгүй, та өргөдлөө өг” гээд л халчихдаг. Хувь хүнийхээ хувьд нэгэнт бодлого, чиглэл нийлэхээргүй болсон, тийм нөхцөлд ажлаа өгсөн нь дээр л дээ. Харамсах зүйлгүй. Харин улс орны хөгжил, тогтвортой байдал талаасаа харвал энэ маш муухай жишиг. Дээр нь мөнгөний бодлогын зөвлөл гээд бас нэг улстөржсөн юм болчихвол яана вэ. Маш хэцүү л харагдаж байна.  

-Шинэ хуулиар Төв банкны ерөнхийлөгчийн хараат бус байдлыг хангах чиглэлд нэлээд олон зүйл заалт оруулсан. 

-Хуулийг яаж ч бичиж болно. Ерөнхийдөө Монголын улс төрийн соёл дээшлэхээс нааш Монголын улстөрчдийн хар амиа бодсон, ойрыг харсан явцуу байдал засагдахаас нааш энэ засагдахгүй л дээ. Хэчнээн сайн хууль байгаад нэмэргүй. 

-Эдийн засаг хүндэрсэн байгаа үед төв банкны хэрэгжүүлэх бодлого ямар байх ёстой юм бол? 

-Тэр өөрийн гэсэн стандарттай, олон улсын жишигтэй. Монголбанк ч хямралын үед явуулж байсан бодлогын маш том сургуультай байж байгаа. Тодотгоод хэлэхэд, тухайн нөхцөлд ямар бодлого явуулах вэ гэдгийг Монголбанкны мэргэжлийн албадууд маш сайн гаргаад ирнэ. Үүнд Валютын сан, эсвэл Дэлхийн банкны заавар, зөвлөгөө шаардлагагүй. Зөв бодлогыг манай Монголбанкны мэргэжилтнүүд маш сайн гаргаж ирж чадна. Харин тэр бодлогыг хэрэгжүүлэх зориг зөвхөн Монголбанкны Ерөнхийлөгчид байх нь хангалтгүй. Засгийн газар, Сангийн сайд, Их хурал тэр бодлогыг ойлгож байх ёстой. 

-Ярилцсанд баярлалаа. 
.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин