Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын шинэ дайн гуравдугаар сараас хэтрэхгүй эхэлнэ гэж Хятадын генерал анхааруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойгт ирэх гурван сарын дотор хэзээ ч хамаагүй дайн дэгдэнэ гэж Хятадын чөлөөнд гарсан генерал ярьжээ.

Тиймээс засгийн газраа болзошгүй дайнд бэлэн байхыг дэслэгч генерал Ван Хонгуан уриалсныг ХКН-ын төв хэвлэл Глобал Таймс мэдээлсэн байна.

Тэр “Өнөөдрөөс хойш ирэх оны гуравдугаар сар хүртэл хугацаанд Солонгосын хойгт шинэ дайн дэгдэхэд ойрхон байна” гээд “Хятад улс Солонгосын дайнд сэтгэлзүйн бэлтгэлтэй байх, зүүн хойд Хятадыг дайны бэлэн байдалд оруулах хэрэгтэй” гэжээ.

Гэхдээ дайны бэлтгэл гэдэг нь довтлох бус, хамгаалах зорилготой байх ёстой гэсэн байна. Тухайлбал хил дагуу пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсэг байрлуулах, Хойд Солонгосын дүрвэгчдийг хүлээж авахад бэлэн байх зэрэг арга хэмжээг дурджээ.

Мөн цөмийн зэвсгээс үүдэлтэй байгаль орчны хордолт, газар хөдлөлт зэрэг эрсдлийг тооцох хэрэгтэй гэнэ. Хойд Солонгосын дэглэм сүүлийн хэдэн сарын хугацаанд устөрөгчийн бөмбөг туршиж, хэд хэдэн баллистик пуужин харваад байгаа юм.

Тэд хамгийн сүүлийн туршилтаар өөрийгөө АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт цохилт өгөх чадвартай болсныг зарласан. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Пёньянтай ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа зарласан юм. Гэвч үүний маргааш бусад албаны хүмүүс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоох амлалт өгтөл хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэж мэдэгдсэн нь Цагаан ордон энэ асуудлаар нэгдмэл байр суурьгүй байгааг нь харуулжээ.

 

Эх сурвалж: Independent