Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа хорлосон k-pop одын сүүлчийн захидлыг ил болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Өмнөд Солонгосын хамгийн алдартай k-pop хамтлагуудын нэг SHINee-гийн гоцлол дуучин Ким Жон Хюн амиа хорлосон нь тус улсын нийгмийг цочроогоод байна.

27 настай дуучин залууг ухаангүй хэвтэж байхыг Сөүлийн Ганнам дүүргийн Чённамдон дахь түрээсийн орон сууцнаас олж, эмнэлэгт хүргэсний дараа амьсгал хураасан юм.

Мөрдөгчид түүний байрнаас төмөр цар дээр шатаасан нүүрс олсон нь угаартсан байж магагүй гэх эхний дүгнэлтэд хүргэжээ. Тэгвэл өнөөдөр дуучны дотны найз болох “Dear Cloud” рок хамтлагийн дуучин Жан Хэ Ён инстаграм сүлжээнд түүний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг нийтэлсэн байна.

Хэзээ бичсэн нь мэдэгдээгүй байгаа уг захидлыг Жан хүлээж авсныхаа дараа гэр бүлийнхэнтэй нь зөвлөлдөөд нийтэд хүргэхээр шийджээ.

Захидал “Би дотроосоо сүйрч байна. Намайг алгуурхан идэж байсан сэтгэлийн хямрал одоо намайг бүхлээр нь залгичихлаа. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь” хэмээн эхэлсэн байна.

Цааш нь “Би өөрийн энэ байдалдаа эмч нарыг буруутгаж, тэдний ажлыг амархан гэж боддог байв. Гэтэл энэ үнэхээр аймшигтай зүйл байж. Над шиг ингэж зовж, шаналсан өөр хүн байхгүй байх” гэжээ.

“Алдартай нэгэн байна гэдэг миний амьдрал биш бололтой. Тийм ч учраас намайг ингэж зовж байгаа юм гэж тэд хэлсэн…Би яагаад ийм замыг сонгох болов? Үүнийг давж гарна гэдэг миний хувьд бүтэшгүй юм” гэж тэр захидалдаа бичсэн байна. Эцэст нь Ким Жон Хюн “Миний хийсэн бүхнийг хангалттай сайн байсан гэж хэлээрэй. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Баяртай!” гэж дуусгажээ.

Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэс дуучны үхлийн шалтгаан тодорхой байгаа тул задлан шинжилгээ хийхгүй гэж мэдэгдсэн байна. Мөн ар гэрийнхэн нь ч ингэхийг зөвшөөрөөгүй гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap