Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунгэрэл: Шүүхэд Хушуутын голыг авч үлдэх талаар итгэл үнэмшил бүхий зүйл ярих үүрэгтэй байгаа

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн Л.Сүрэнхүү Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Тост, Тосон бумбын нуруу болон Хушуутын гол орчимд олгогдсон нүүрсний хоёр тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Ашигт Малтмал Газрын Тосны газрыг хариуцагчаар татжээ.

Мөн өчигдрөөс эхлэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл иргэн Л.Сүрэнхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцохоор болсон байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тост багийн иргэн Л.Сүрэнхүү "Би Өмнөговь аймгийн ногоочин хүн. Энэхүү уул уурхайн компани нь 2017 оны гуравдугаар сарын 9-өөс эхлээд миний амьдардаг, ногоо тарьдаг, мал малладаг газар үйл ажиллагаагаа явуулахаар шав тавьж, өөрийн кэмпээ байгуулсан.

Энэ кэмпээ байгуулахдаа газар, усны зөвшөөрөл аваагүй, нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй байгаа юм. Энэ бүгд нь дөрөвдүгээр сард миний хүсэлтээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажилласан УИХ-ын гишүүн Амарзаяагаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдсан. 

Энэхүү ашиглалтын лиценз авах үйл ажиллагааг би хууль бус гэж үзэж байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Ингээд урьдчилсан хэлэлцүүлэгт шүүхийн байгууллага миний хүсэлтийг хүлээж аваагүй учраас их харамсаж байна. Тиймээс одоо давж заалдах шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. 

Энэ хугацаанд би маш олон удаан өөрийн ажил, амьдралаа орхиод Улаанбаатар хотод ирсэн. Тиймээс миний нутаг усыг сайн мэдэх УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг хамтарч ажиллахыг хүсэлт тавьсан. Хамтарч ажиллах болсондоо маш их баяртай байгаа.

Өнөөдөр Гурвантэс суманд 6 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Иргэн бидний нүдээр 30 гаруй гол горхи үгүй болсон. Говийн бидэнд ус бүхнээс илүү үнэтэй байдаг. Ус бол бидний нандин эрдэнэ. Иймээс уул уурхайн үйл ажиллагаа явуулсаар байвал усгүй болж, бид амьдрах орчингүй болно" гэв.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Амьдрах орчныхоо төлөө тэмцэж Монгол Улсын шүүхээр явж байгаа иргэн өмнө нь байгаагүй. 

Л. Сүрэнхүүгийн тэмцэл маш чухал ач холбогдолтой. Тиймээс иргэний үүргээ биелүүлж шүүхэд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь ажиллах саналыг дуртайяа хүлээж авсан. 
Монгол Улсын иргэн тайван замаар, хуулийн аргаар зорилгодоо хүрэх үндсэн хуулийн эрхтэй. Амьдрах орчныг төр хамгаалах ёстой, төрийг өнөөдрийн байдлаар шүүх төлөөлж байна. 

Л.Сүрэнхүү өнөөдөр өөрийнхөө өмнөөс өргөдөл гаргаж байгаа ч, энэ нь бүх нийт Монголчуудынхаа өмнөөс гаргасан өргөдөл гэж би үзэж байна. 

Энэ сарын 21-нд болох шүүх хуралд миний бие яагаад энэхүү Хушуутын голыг авч үлдэх хэрэгтэй талаар итгэл үнэмшил бүхий үгийг хэлж нэхэмжлэгчээ төлөөлөх үүрэгтэй байгаа" гэлээ.