Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн шилдэг БҮТЭЭЛЧ хүүхэд тодорлоо

ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас жил бүр шалгаруулдаг Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорсоор байна. Техник технологийн политехник коллежд Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхдийг тодруулж, шагнал, батламжийг нь гардууллаа.

Шагналыг гардуулсан Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр "Өмнөх жилүүдэд Шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт нэг дор гардуулдаг байсан. Энэ жилээс сургуулиудаар өртөөлчилж гардуулж байгаагийн нэг нь өнөөдөр Техник технологийн политехник коллеж дээр болж байна" гэлээ.

Бүтээлч байдлаараа тодорсон долоон хүүхдээс Техник технологи политехник коллежийн гуравдугаар курсийн оюутан Ж.Жанлав-Ойдов шалгарч, Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхэд боллоо. Ж.Жанлав-Ойдов нь тус сургуульд гагнуурчин мэргэжлээр суралцдаг бөгөөд сургуулийн аварга гагнуурчин, Монгол ур чадвар тэмцээний аваргаар тодорч, Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон Дэлхийн ур чадвар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Тусгай байр, Үндэсний ялагчийн хос медальтай ирсэн юм.

Тэрбээр тэмцээний бэлтгэлээ Оюутолгой компани дээр бэлдэж, дэлхийн тавцанд амжилт гаргасан учир тус компанид ажиллах урилгыг гардан аваад байгаа ажээ. Ж.Жанлав-Ойдов өөрийн хийсэн ажлуудыг үе тэнгийнхэндээ тайлбарлахын сацуу “Тусалж дэмжсэн багш нар, сургуулийн хамт олон, гэр бүлийнхэндээ болон Дэлхийн ур чадвар тэмцээний баг хамт олонд маш их баярлалаа” хэмээн талархлын үг хэлсэн юм.