Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюуны тусламжтайгаар хэнийг ч порно кинонд тоглуулах боломжтой болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюун ухаан эргэлзээгүй бүх салбарт хувьсгал хийж байгаа. Хорт хавдрыг устгах, автын ослыг үгүй болгох, магадгүй цаг уурын өөрчлөлтийг зогсоох хүч үүний цаана бий. Гэхдээ хиймэл оюуныг зөвхөн хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглаж байна уу гэвэл эргэлзээтэй.

Тухайлбал өөр нэг хэсэг мэргэжилтнүүд хүмүүсийг айлгах зүйлийг ч үүгээр хийж байна.

Америкчууд голлон ашигладаг Reddit сошиал сүлжээний “deepfakes” гэх нэртэй хэрэглэгч саяхан хиймэл оюунд суурилсан нүүр солих алгоритм зохион бүтээжээ. Өөрөөр хэлбэл видео дүрсэнд гарч байгаа хүний нүүрийг өөр хэний ч нүүрээр солих боломжтой болсон гэсэн үг.

Тэр одоогоор “Wonder Woman” киноны гол дүрийн жүжигчин Галь Гадот, поп од Тэйлор Свифт, жүжигчин Эмма Уатсон, Скарлет Иоханссон зэрэг олны танил бүсгүйчүүдийг насанд хүрэгчдэд зориулсан киноны баатар болгоод байна.

Дараах видео дүрсэнд Галь Гадотын нүүрийг оруулсан байгаа нь:

Одоохондоо энэ алгоритм нь хангалттай сайн болоогүй байгаа ч баргийн хүнийг үнэмшүүлэхээр хуурамч видео дүрсийг бүтээж чадаж байгаа юм. “Machine learning” буюу машин өөрөө бие дааж суралцах технологид суурилсан тул цаашдаа улам сайжрах нь тодорхой.

Google компанийн нээлттэй програмын кодыг ашиглаж бүтээсэн иймэрхүү системийг хиймэл оюуны чиглэлд ажилладаг ямар ч мэргэжилтэн боловсруулж болохоор байна.

Нүүр солигч машин нь YouTube, Google Images үйлчилгээнүүдээс тухайн хүний нүүрний төрөл бүрийн хувирлыг олж цуглуулсан мэдлэг, мэдээлэл дээрээ үндэслэн ийнхүү дурын видео дүрсэнд оруулж чаддаг юм.

Энгийн хэрэглээнд зориулагдсан дундаас дээш график хүчин чадалтай компьютерийг ашиглан хэдхэн цагийн дотор ийм дүрс бүтээж болох бол хүчин чадал муутай компьютерт цөөн хэдэн өдрийн ажил болно гэж хиймэл оюуны эксперт Алекс Чампендард ярьж байна.

Амьдралынхаа туршид дунджаар 25,000 селфи зургаа авч үлдээдэг болж байгаа нь судалгаагаар батлагдсан шинэ үеийнхний хувьд ийм хуурамч видео бүтээхэд ашиглагдах материалаар хиймэл оюуныг дутаахгүй нь тодорхой.

 

Эх сурвалж: TheNextWeb