Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын шүүх олон мянган хүний өмнө 10 гэмт хэрэгтэнд цаазын ял оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын Гуандун мужийн Люфэнь хотод өнгөрсөн Бямба гарагт нээлттэй шүүх хурал болж, 10 хүнд цаазын ял оноожээ.

Спортын цэнгэлдэх хүрээлэнд цугларсан олон мянган хүний өмнө шүүх гэмт этгээдүүдэд ял оноон шууд цаазлахаар авч явж байсан байна. Цаазын ял сонсогсдын 7 нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдсэн бол үлдсэн хүмүүс нь хүн амь, дээрмийн хэрэгт холбогджээ.

Хонг Конгоос 160 км зайтай Люфэнь хотод дөрөв хоногийн өмнөөс шүүх хурлын тухай зар тарааж, иргэдийг ирж сонирхохыг урьсан байна. Гэмт этгээдүүдийг нэг нэгээр нь дуут дохиотой цагдаагийн задгай машин дээр авчран жижиг индэр дээр ээлжлэн зогсоож, ялыг нь уншин сонсгож байжээ. Шүүх ажиллагааны видео холбоос.

Хятад улс жил бүр дэлхийн бусад улсуудын нийлүүлснээс олон хүнийг цаазалдаг. Бодит тоог нь төрийн нууцад тооцож, ил зарладаггүй юм.

АНУ-ын хүний эрхийн байгууллага Дуй Хуа Сангийн тооцоолсноор өнгөрсөн онд 2,000 орчим хүнийг цаазалжээ.

Зөвхөн хүн амины хэрэгт бус, хар тамхи тээвэрлэлт, эдийн засгийн гэмт хэргүүдэд бас цаазын ял оноодог хуультай юм. Гэхдээ Хятадад олны өмнө нээлттэй шүүх хурал хийх нь ховор. БНХАУ байгуулагдсаны эхний жилүүдэд голдуу задгай талбайд нийтийн өмнө шүүдэг байжээ.

Люфэнь хотод таван сарын өмнө найман хүнийг мөн ингэж олны өмнө шүүж, цаазын ял оноож байв. 2014 онд энэ хотод 3,000 цагдаа оролцсон ажиллагааны үеэр 182 хүнийг баривчилж, гурван тонн орчим мет (мөс гэгддэг) мансууруулах бодисыг хураан авч байв. Тус бүс нутагт Хятадын бүх мөсний гуравны нэгийг үйлдвэрлэдэг гэсэн тоо байдаг.

Харин олны өмнө цаазлах үзэгдэл маш ховорт тооцогддог бөгөөд сүүлийн үед Шинжааны нутагт терроризмтай холбоотой зарим хүнийг олны өмнө цаазалсан гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: The Guardian