Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Японы хаягдсан хүүхдийн эмнэлэг “нэр усгүй төрөлт”-ийг хуульчлахыг уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хүсээгүй хүүхэд буюу манай ойлголтоор “хүрдний хүүхэд” хүлээж авдаг цорын ганц байгууллага Японд байдаг. Өчигдөр буюу Бямба гарагт тэд хүсээгүй жирэмслэлтээс төрсөн хүүхдийг нэр усгүй бүртгэдэг хуультай болохыг засгийн газарт уриалжээ.

Гэхдээ хүүхдийг насанд хүрсэн хойно нь хэнээс төрснөө мэдэх эрхээр хангах юм.

Баруун өмнөд Японы Кумамото хотын Жикэй эмнэлэгт хүсээгүй хүүхдийг эх нь орхиж явах боломжтой байдаг. Хүүхдээ орхисон эхчүүдийн нэлээд нь нэрээ үлдээдэггүй байна.

Хэрвээ эхийн нэрийг нууцалдаг хуультай болвол илүү олон хүүхэд болон эхийн амийг аврах боломжтойг эмнэлгийн удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Зарим эхчүүд хүсээгүй замаар жирэмсэлнсээ нуухын тулд шинээр төрсөн хүүхдээ устгах, эсвэл эмнэлгээс гадуур төрөх тохиолдол байдаг.

Эмнэлгийн санал болгож байгаа аргаар бол эхчүүд хүүхдээ орхихдоо тусгай лацтай дугтуйд нэр усаа бичиж үлээх ба орон нутгийн захиргаа түүнийг нь хадгалах юм. Хожим хүүхэд нь том болсны дараа энэ дугтуйг нээж үзэж болох ажээ.

Өөрөөр хэлбэл хэн гэдэг хүнээс төрснөө мэдэх эрхээр хүүхдийг хангах юм байна.

 
Хүүхэд орхих хайрцаг

Анх 2007 онд тус эмнэлэг Германы “хүүхдийн хайрцаг” загвараас санаа авч гаднаа хүүхэд орхих хайрцаг бий болгосон юм. Ингэснээр хүсээгүй хүүхдээ эх нь устгах, хамгаалалтгүй газарт орхиж явахаас сэргийлэх болсон байна.

Тус хайрцагт орхисон 130 хүүхдийн 62 нь эмнэлгийн нөхцөлд төрөөгүй, 26 нь эхийн нэр ус тодорхойгүй байжээ.

Герман улс нэр усаа бүртгүүлэхгүйгээр хүүхэд төрүүлэх, эмнэлэгт орхих эрхийг хуульчилсан байдаг ба хүүхдийг 16 нас хүрэхэд нь эхийнхээ нэрийг мэдэх боломжоор хангадаг байна.

 

Эх сурвалж: Kyodo News