Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын нийгэм, эдийн засгийн тоо баримтуудыг сүүлийн байдлаар танилцууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг өчигдөр буюу Баасан гарагт нийтлэгдсэн “Statistics Korea” тайланд багтаажээ.

Тус улсын эдийн засаг өнгөрсөн онд 3.9 хувиар өссөн нь 1999 оноос хойш үзүүлсэн хамгийн өндөр өсөлт болсон байна. Харьцуулбал өнгөрсөн жил Өмнөд Солонгосын эдийн засаг 2.8 хувийн өсөлттэй байсан юм.

Хүн ам нь өнгөрсөн жил 24.9 саяд хүрсэн нь Өмнөдийн ахан дүүсийнхээ талаас арай бага байна. Өмнөд Солонгосын хүн ам энэ хугацаанд 51.2 саяд хүрсэн юм.

Хэрвээ хүн амыг нь нийлүүлбэл Солонгосын хойг нийтдээ 76.1 сая хүн амтай болжээ.

Хойд Солонгосын үндэсний нийт бүтээгдэхүүн (GNI) 36.4 их наяд вонд хүрсэн нь Өмнөдийн 1,638.1 их наяд воны үндэсний нийт бүтээгдэхүүний 2.2 хувьтай тэнцсэн байна.

Хойдын нэг хүнд ноогдох ДНБ нь 1.46 сая вон бол Өмнөдийнх 32 сая вон буюу 22 дахин их байжээ.

Эдийн засгийн хоригт байгаа Хойд Солонгосын гадаад худалдаа өнгөрсөн онд $6.5 тэрбумд хүрсэн байна. Харин Өмнөд Солонгосын гадаад худалдаа $901.6 тэрбум байжээ.

Хойд Солонгост 3.6 сая хүн гар утас хэрэглэж байгаа нь хүн амын 14 хувь болсон байна. Харьцуулбал Өмнөд Солонгосын гар утас хэрэглэгчийн тоо 61.3 сая хүрч, хүн амын тооноосоо давжээ. Энэ нь нэг хүн хэд хэдэн гар утас хэрэглэдэгтэй холбоотой.

Эрчим хүчний салбарын хувьд Хойдууд 7.7 сая кВ эрчим хүч үйлдвэрлэсэн бол Өмнөд Солонгосынх үүнээс 14 дахин их буюу 105.9 сая кВ байжээ.

Хойд Солонгосын нийт засмал замын урт 26,176 километр байгаа нь Өмнөдийн дөрөвний нэгтэй тэнцэж байна. Хурдны замын хувьд Өмнөд Солонгост 4,438 км урттай байдаг бол Хойдынх үүний зургааны нэгтэй тэнцүү буюу 774 км юм.

Харин Хойд Солонгосын Өмнөд Солонгосоос давуу зарим үзүүлэлтүүд гарсан байна.

Тухайлбал Хойд Солонгосын нүүрсний олборлолт өнгөрсөн онд 31.1 сая тоннд хүрсэн нь Өмнөдийнхөөс 18 дахин өндөр байжээ. Бас төмөр замын хувьд Хойдууд 5,226 км уртаар Өмнөдөөс 1.3 дахин илүүрхсэн байна.

Үр тарианы үйлдвэрлэлийн хувьд Хойд Солонгос 4.8 сая тонн байсан бол Өмнөд Солонгос 4.7 сая тонн байжээ. Хойд Солонгосын тариалалтын ихэнх хэсэг нь 2.2 сая тонн хэмжээтэй цагаан будаа гэнэ. Дараа нь 1.7 сая тонн хэмжээтэй эрдэнэшиш удаалжээ. Харин Өмнөд Солонгосын үр тарианы 90 хувийг цагаан будаа эзэлсэн байна.

Хүн амын төрөлтийн хувь хэмжээ 2016 онд Хойд Солонгост 1.94 байсан бол Өмнөдөд 1.33 байжээ. Энэ нь төрөх насны 1,000 эмэгтэй тутамд ноогдох төрөлтийн тоо юм.

Өмнөд Солонгос сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн бага төрөлтийн хувьтай орнуудын нэг болоод байгаа.

 

Эх сурвалж: Korea Times