Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Путинтай утсаар ярихдаа өөрийг нь магтсанд талархжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярилцжээ.

Тэдний ярианы гол сэдэв нь Хойд Солонгосын хямрал байсан юм. Кремлийн мэдэгдэлд хоёр орны төрийн тэргүүнүүд “Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон” гэж өгүүлсэн байна.

Харин Цагаан ордон “Хойд Солонгосын нөхцөл байдлыг зохицуулахад хамтран ажиллах талаар хэлэлцсэн” гэж мэдэгдэлдээ дурджээ.

Үүнээс гадна Цагаан ордон тун хачирхалтай ярианы талаар мэдэгдэлд дурдсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна.

Тодруулбал Трамп Путинтай ярихдаа өөрийнх нь ажил үйлсийг магтаж ярьсанд талархсан гэнэ.

Мэдэгдэлд “Жил тутмын хэвлэлийн хурал дээрээ Америкийн эдийн засгийн сайн үр дүнг магтан сайшаасанд талархаж байгаагаа ерөнхийлөгч Трамп ерөнхийлөгч Путинд илэрхийллээ” гэжээ.

Өчигдөр утсаар ярихаасаа өмнө Владимир Путин жил бүр зохион байгуулдаг оны эцсийн хэвлэлийн хурал дээрээ “Эдийн засаг, зах зээл нь ямар өсөлттэй байгааг харцгаа. Америкийн эдийн засагт итгэх итгэл сэргэж байгаа нь эндээс харагдаж байна” хэмээн Трампын ажлын үр дүнг магтаж, түүний өрсөлдөгчид нь бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүмжилсэн юм.

Тэр бас хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгчийг зүгээр л “Дональд” гэж нэрлэж ярьсан нь ямар дотно харилцаатай болохоо харуулсан явдал байлаа.

Москвад болсон Путины хэвлэлийн хуралд олон зуун сэтгүүлч оролцсон юм. Гэхдээ тэр Америкийг магтахын хажуугаар Солонгосын хойгийн асуудлыг хурцатгахгүйн тулд бүх талууд дайсагналаа зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалжээ. Москва Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрөөгүй байгааг бас батлан хэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP