Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Сэргэлэн: Манай улсад сүрьеэгийн тохиолдол жилд 4,000 гаруй бүртгэгдэж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
 

Монгол Улсад хэрэгжүүлж буй Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Энэ талаар "Глобаль сан"-гийн мэргэжилтэн М.Сэргэлэнгээс тодруулсан юм.

Тэрбээр "Монгол Улс сүүлийн 20-иод жил олон улсын байгууллагуудын тусламжтайгаар сүрьеэгийн эсрэг тусламж, үйлчилгээгээ явуулсаар ирсэн. Өмнө нь "Данида" гэж төсөл байсан. Энэ төслийн хүрээнд сүрьеэгийн эмчилгээ, оношилгооны үйл ажиллагааг явуулдаг байсан бол, 2003 оноос эхлэн "Глобаль сан"-гийн төслүүд хэрэгжиж эхэлснээр сүрьеэгийн оношилгооны чадвар, эмчилгээний үр дүн харьцангуй дээшилсэн. 

2006 он хүртэл олон эмд тэсвэртэй, аюултай сүрьеэг оношилж чаддаггүй байсан. Харин энэ сангийн санхүүжилтээр оношилгооны шинэ арга, хэрэгсэл орж ирснээр тус өвчнийг оношилдог болсон. Одоогийн байдлаар жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байгаа. 2013-2015 онд сүрьеэгийн тархалтын судалгааг анх удаа хийсэн. Тархалтын судалгаагаар одоо бүртгэгдэж байгаа тохиолдлоос гурав дахин илүү байна гэж гарсан. 

Учир нь бид илүү идэвхтэй илрүүлгийн арга хэмжээг аваад байжээ. Жишээлбэл, эмч эмнэлгийн ажилтнууд сүрьеэгийн зовиур илэрсэнг л үзээд байсан бол илрүүлж чадаагүй нь шинж тэмдэггүй сүрьеэтэй. Тэгэхээр шинж тэмдэггүй сүрьеэтэй хүмүүс гэртээ сууж, эсвэл гадуур халдвараа тараах боломжтой. Бид ирэх жилүүдэд судалгаандаа үндэслээд хоёр жилийн дотор идэвхтэй илрүүлгийг эмзэг бүлгийнхэнд хийе гэсэн стратегийг боловсруулан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна.

Дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар тээгч байх боломжтой гэсэн тоо баримт бий" гэлээ.

Уулзалт хэлэлцүүлгээр үргэлжилж, удахгүй хэрэгжүүлэх төслийг танилцуулан санаа бодлоо солилцсон юм.