Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нээлттэй хэлэлцүүлэгт Д.Энхбат агсны, С.Зоригийн хэрэгт холбогдож ял авсан иргэдийн гэр бүлийнхэн иржээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулж байна. 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Д.Энхбат агсны гэр бүлээс гадна С.Зоригийн хэрэгт холбогдож ял авсан иргэдийн гэр бүлийнхэн иржээ.

Хүний аминд хүрчихээд тагнуулын байгууллага одоог хүртэл уучлалт гуйгаагүй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "УИХ-ын Байнгын хороод нь Б.Хурцтай холбоотой өргөдлийг хэлэлцэхээс зугтаж байгаа учраас УИХ-ын гишүүн санаачилж өргөдөл гаргасан иргэдээ сонсох, олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө дүгнэлт гаргаж, томилох эрх бүхий албан тушаалтанд нь явуулна. 

Хэлэлцүүлэгт Дамирангийн Энхбатын гэр бүлээс ирсэн байна.

Д.Энхбатыг хүн амины хэрэгт холбогдуулан олон сар жилээр шоронд хорьж, тамлан зовоож, элдвийн тариа хийж байгаад хууль бусаар хүний аминд хүрчихээд тагнуулын байгууллага одоог хүртэл уучлалт гуйгаагүй байна. 

Нуугдаж, зугтах шаардлага байхгүй. Нууцаар томилдог биш нээлттэй томилдог байх хэрэгтэй" гэв.

Яг одоо л дарахгүй бол аллага, хядлага, хэлмэгдүүлэлт болно

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Болд "Би өнгөрсөн 3, 4 жилд айдастай байсан. Надтай ажилласан бүх хүмүүсийг барьж хорьсон. Хоёр хүн амиа алдсан. 

Надад авсан мөнгө байхгүй, гэмт хэрэг байхгүй. Үүнийг би хаа ч хэлнэ. Надад айх юм байхгүй. 

Өнөөдөр жирийн иргэдээ дарамталж байна. Хэнийг ч хаана ч юунд ч холбогдуулж болох юм байна. 

Яг одоо л дарахгүй бол аллага, хядлага, хэлмэгдүүлэлт болно.

Монголын Их хурал ард түмнийхээ нүүрийг харж чадахаа байлаа. Та нар битгий ай. Монголын ард түмнийг баллаж байгаа бүлэглэлийн эсрэг тууштай явна".

ТЕГ- ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг хилсээр ялласан

 
Гэрэл зургийг mpa.mn

ТЕГ- ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэг "Нээлттэй хэлэлцүүлгийг явуулах санал санаачилгыг гаргаж, зохион байгуулж буй хүмүүстээ баярлалаа. 

Д.Цогтбаатар нь тагнуулын албанд ажиллаж байсан. Ажлын онцлогоос шалтгаалж хэвлэлийн өмнө ил гарах боломжгүй гэж үзсэн. 

Миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар 2005-2006 онд Б.Хурцтай хамт ажиллаж байсан. Энэ үед Б.Хурцыг бусдыг хууль бусаар тагнаж, 50 сая төгрөг авах гэж буйг нь эсэргүүцсэний төлөө муудалцсан. 

Б.Хурц гэдэг хүн 2013 оноос АТГ-ын дэд дарга болсныхоо дараа өш хонзонгоо авах гэж Цогтбаатарыг Герман хүнийг хөнөөсөн хэрэгт холбогдуулж 8 сар цагдан хорьсон. 

11 дүгээр сарын 20-нд Цензургүй яриа нэвтрүүлэгт холбогдохдоо ахиад л Д.Цогтбаатарыг утсыг нь барьж, машиныг нь уначихсан явж байсан гэж ярьсан. Энэ асуудлаар шүүхэд хандсан. Одоо бид Хан-Уул дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулахаар өгөхөөс өөр аргагүй боллоо. 

Д.Цогтбаатарыг хилсээр ялласан.  Ерөнхийлөгчийн туслах асан Цагаан, Пүрэвсүрэн нарыг Солонгосчуудаас авлига авсан байж болзошгүй мэдээллийг АТГ-ын дэд дарга Б.Хурцад өгсөн. Үүнийг харьяаллын дагуу АТГ-д хэлснээрээ төрийн нууц задалсан болгуулж, зөвхөн энэ зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан. Тэгээд энэ хүн хэлмэгдчихсэн явж байгаа" гэв.

Батлагдаагүй тоотоор эрүү үүсгэж, намайг хорьсон

 
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн Б.Жаргал "Би Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар 8 жил, төрд хоригдох хүртлээ 29 жил ажилласан. 

АТГ-аас 2013 оны 9 сарын 23-наас 2014 оны 2 сарын 21-нийг хүртлэх хугацаанд 151 хоног хоригдсон. 

Би хоёр зүйл ангиар яллагдсан. ЭХТА 70-2 гэдэг ангиар яллагдсан. 

Ингэхдээ Гансүх, Энхбат нарын хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахдаа зуслангийн байр, машин худалдан авсан болох нь тогтоогдсон, болзошгүй байна гэсэн утгатай албан бичиг явуулсан. 

Батлагдаагүй тоотоор эрүү үүсгэж, намайг хорьсон. Байцаалтын явц болон шүүх хурлаар авлига авсан нь тогтоогдоогүй. 

Авлигаар авсан гээд байгаа хоёр хөрөнгийг нь гэр бүлийн гишүүний орлогоор, цалингийн зээлээр өгсөн гэдэг нь нотлох баримтаар нотлогдсон. 

Хоёрдугаарт, прокуророос намайг шинжээчийн дүгнэлт худлаа гаргасан гэж ЭТХА-гиар ялласан" гэв.

 С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад тусгай ажиллагаа явуулсан асуудал энэ Б.Хурц гэдэг хүнд холбоотой байж магадгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Ганбаатарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаар түүний өмгөөлөгч мэдээлэл өглөө. "С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад тусгай ажиллагаа явуулсан асуудал энэ Б.Хурц гэдэг хүнд холбоотой байж магадгүй.

Байнгын хорооны хурал дээр төрийн нууц, тусгаар тогтнолтой холбоотой асуудал ярьсан учраас энэ асуудлыг шийдсэний дараа томилгооны асуудлыг шийдэх ёстой. Энэ хүн ноцтой гэмт хэрэг хийсэн байж болзошгүй" гэв.

С.Ганбаатарын хэргийг хэлэлцэх нь утгагүй гэж бодож байна

Херо энтертайнментаас төлөөлж иргэн Б.Батзориг үг хэллээ. Тэрбээр "С.Ганбаатар яах гэж Солонгосчуудаас мөнгө авсан юм. Энэ бол нэг хулгайч нөгөөг нь барьсан л асуудал шүү дээ. 

Тагнуулын байгууллага муу ч гэсэн заримдаа оновчтой үйлдэл хийгээд байгаа юм. Өнөөдөр С.Ганбаатарын хэргийг хэлэлцэх нь утгагүй гэж бодож байна" гэв.