Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр туулай хөөсөн Төв банк “хоосон” хоцордог

ikon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Төв банк бол 300 гаруй жилийн түүхтэй, макро эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий иргэдийн амьдралд хүчтэй нөлөөлөх шийдвэр гаргадаг институци юм.

Монгол Улсад төв банк байдгийг бид Монголбанк гэж нэрлэдэг. Анх ам.доллар солиулах гэж Монголбанкны хаалга татаж байсан иргэд цөөнгүй бий. Гэхдээ Монголбанк ам.долларыг иргэдэд арай хямд зардаг, эсвэл өндөр үнээр худалдаж авдаг газар биш.

Төв банкуудын бодлого шийдвэр зөвхөн валютын ханшаас хавьгүй өргөн хүрээнд хэрэгждэг бөгөөд жинхэнэ мэргэжлийн, тооцоо судалгаатай шийдвэр гаргахыг шаарддаг. Шийдвэрийн далайц ч хүчтэй, иргэдийн амьдралд нөлөөлөх нь ч их.

Өдгөө дэлхийн ихэнх улс төв банктай болсон байна. Төв банкууд нь Засгийн газраасаа хараат бусаар ажиллах үндсэн шаардлагатай. Учир нь Засгийн газар улс төрчдөөс бүрддэг бол төв банк эдийн засагчдаас бүрддэг. Засгийн газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд улс төрийн шийдвэр гаргадаг бол төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг.

Орчин үеийн төв банкууд үнийн тогтвортой байдал буюу инфляцийг бодлогынхоо үндсэн чиглэл болгожээ. Төв банкны тухай хуулинд Монголбанкны үндсэн зорилтыг “монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал гэж ойлгогдох нь түгээмэл. Гэвч энэ нь нөгөө талаас инфляци буюу үнийн тогтвортой байдлыг хангана гэсэн үг. Тиймээс өдийг хүртэл улс төрчид, иргэд тодорхойгүй томьёоллоос болж төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг зөвхөн Монголбанкны асуудал гэж түлхэх хандлагатай явж ирсэн. Төгрөгийн ханш ганцхан Төв банкны хэрэгжүүлж буй мөнгөний бодлогоос гадна Засгийн газрын хэрэгжүүлдэг төсвийн бодлогоос ихээхэн хамааралтай учраас өдийг хүртэл Монгол төгрөгийн савлагаа их, иргэдийн аж амьдралд дарамттай байж ирлээ.

График: Ам.долларын Монгол төгрөгтэй тэнцэх ханшийн өсөлт 2001 оноос, Монголбанк.мн

 

Үүнээс гадна дээрх тодорхойгүй томьёоллоос болж Монголбанкны удирдлага томилогдох бүрт үндсэн зорилго нь өөр өөрөөр тайлбарлагдах хандлагатай байдаг.

Тухайлбал

  • О.Чулуунбат Ерөнхийлөгчийн агсны бүрэн эрхийн хугацаанд валютын захад маш хүчтэй оролцож, Монголбанк валютын ханшийг тодорхойлж байсан. Энэ нь удаан үргэлжлэх боломжгүй гэдэг нь гадаад валютын нөөц хүрэлцээтэй түвшинд хүрч чадаагүй, 2008 онд валютын нөөцийнхөө талыг алдсанаас харагддаг.
  • А.Батсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд валютын нөөц, хүрэлцээгүй түвшинд хүрч буурсан тул ханшийг онилсон бодлогоос инфляцид анхаарал хандуулсан.
  • Л.Пүрэвдорж Ерөнхийлөгчийн үед инфляцид илүү анхаарал хандуулж, гадаад валютын нөөц бүрдүүлэхэд анхаарсан.
  • Н.Золжаргал Ерөнхийлөгч гадаад зээл (бонд), татаастай хүүтэй төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж мөнгө нийлүүлэх замаар инфляци, ханшийг аль алийг нь тогтворжуулахыг зорьсон.

Ийнхүү Монголбанкны үндсэн зорилгыг удирдлага бүр өөрөөр харж, өөрчилж байгаа нь нэг талаас бодлогын савалгаа үүсгэж, улс төрчид Мөнгөний бодлогод улс төрийн зорилгоор нөлөөлөх суваг болж иржээ. Үр дүнд нь Төв банкны Ерөнхийлөгчийн иргэд улс төрч гэж боддог болсон сөрөг талтай.

Ийнхүү төв банкны бодлогын зорилго шийдвэр гаргагчидтай холбоотойгоор цаг хугацааны туршид өөрчлөгдөж буйг эдийн засгийн шинжлэх ухаанд бодлогын цаг хугацааны нийцгүй байдал гэж томъёолдог. Үүнээс үүдсэн бодлогын савлагаа макро эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг тул хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдлыг үүсгэдэг. Ийнхүү бодлого талаасаа эдийн засаг савлах эрсдэл нээлттэй байгаа нь зээлжих зэрэглэлд, урт хугацааны хөрөнгө оруулалт татахад сөрөг нөлөө үзүүлж байна.

Тиймээс зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд үнэлгээ хийхдээ Монголбанкнаас үндсэн зорилтоо юу гэж ойлгож байна вэ? Инфляцийг зорилт болгосон мөнгөний бодлого хэрэгжиж байгаа юу? гэсэн тодруулах асуултыг асуудаг байна.

2017 оны V сард орсон ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ асуудал ахиад л тулгарав. Хоёр туулай хөөсөн Төв банк хоосон хоцордгийг сүүлийн 27 жилийн түүх бидэнд харууллаа.

Тиймээс Монголбанк хөөх ёстой үндсэн “туулай” буюу “Үнийн тогтвортой байдлыг хангах” үндсэн зорилттой болох нөхцөл шаардлага тулгараад байна. Яг одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулж үндсэн зорилтыг хоёрдмол утгатай биш “Үнийн тогтвортой байдлыг хангах” болгон өөрчлөх гэж байгаа нь дэмжүүштэй юм.

Инфляци макро эдийн засгийн бодлого хамгийн зөв зохистой үед л тогтдог. Тиймээс төв банкны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь ч хялбар байх болно. Төв банкны үндсэн зорилго хангагдаж, нам тогтвортой инфляци бий болох нь түүнийг тодорхойлж буй макро хүчин зүйлс ч тогтвортой болсны гол илрэл юм.

Урьдчилж таамаглах аргагүй гэнэтийн шокын нөлөөгөөр богино хугацаанд инфляци зорилтот түвшинээс зөрөхийг үгүйсгэхгүй ч, Монголбанкны зорилт нь цөөн, товч тодорхой үед олон нийтэд илүү ойлгомжтой байдлаар таниулж тайлбарлах, улмаар зах зээлийн хүлээлтийг оновчтой чиглүүлж инфляцийн хүлээлтийг удирдах, дунд хугацаанд зорилтоо биелүүлэх чадамж нэмэгдэх, хариуцлага, ил тод байдал нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.

Энэ нь валютын ханшийг тоохгүй хаяна гэсэн үг биш бөгөөд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хувьд зах зээлийн суурь нөхцөлтэй нийцтэй, уян хатан тогтох одоогийн зарчмыг хадгалснаар Монгол Улсын хөрөнгийн зах гадаад зах зээлд нээлттэй байхад ямар нэгэн хязгаар, хяналт тогтоолгүйгээр валютын нөөцийг шавхагдах эрсдлээс сэргийлэх, хямралаас сэргийлэх, хямралыг хохирол багатайгаар даван туулах боломжийг бүрдүүлнэ.

Инфляци буурч, инфляцийн дарамтгүй тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгосноор валютын ханш урт хугацаандаа тогтвортой байх боломжтой. Энэ зохист бодлогын үр дүнд Монголбанк ч, Засгийн газар ч, Ард иргэд ч хожно. 

 

Нийтлэлч Э.Цэлмэг