Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Од хоорондын зорчигчоос харь гарагийн хөлгийн шинж илэрсэнгүй

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Манай нарны аймагт өөр одны системээс зочилж ирсэн өвөрмөц сонин биетийг эрдэмтэд харь гарагийн хөлөг байх магадлалтай гэж үзэн хүчтэй телескопоор шинжлэхээр болсон билээ.

Навчин тамхины хэлбэртэй, Оумуамуа гэж нэрлэгдсэн энэхүү биет нь хоёр сарын өмнө дэлхийд хамгийн их ойртож, одоо нарны аймгаас гарах замдаа яваа юм.

Хүн төрөлхтөн анх удаагаа од хоорондын (interstellar) биетийг олж илрүүлсэн нь энэ байв. Харин уг биетээс ямар нэг радио долгион цацарч байгаа эсэхийг Лхагва гарагт хэсэг эрдэмтэд шалгаж үзээд урьдчилсан байдлаар илрээгүйг өчигдөр зарлажээ. Гэхдээ телескопоор авсан мэдээлэл дээр хийх шинжилгээ үргэлжилж байгааг бас дуулгасан байна.

Түүний өвөрмөц траектор, хэлбэр (400 метр урт, 40 метр өргөн) нь бусад сансрын биетүүдээс ялгаруулж байгаа тул ийм шинжилгээ хийхээр болсон юм.

Өнөөг хүртэл хүн төрөлхтний мэдэж байгаа 750,000 астероид, солир зэрэг нарны аймаг дахь биетүүдийн аль нь ч өөр одны системээс үүсэлтэй гэгдэж байгаагүй.

Шинжилгээг ахалсан Калифорни Берклейн их сургуулийн судлаач Эндрью Саймон “Оумуамуа нь хэдэн тэрбум жилийн өмнө болсон ямар нэг тэсрэлтийн улмаас өөрийн одноос хаягдсан астероид байх. Манай нарны аймагт тохиолдлоор орж ирээд буцаж байгаа нь энэ болов уу” хэмээн ярьжээ.

Нартай харьцуулахад секундэд 38.3 метрийн хурдтай аялж яваа Оумуамуа одоо дэлхийгээс 200 сая километрийн зайд байгаа ба арваннэгдүгээр сард Ангарагийн тойрог замаар дайрсан бол ирэх тавдугаар сард Бархасбадид ойрхон өнгөрч, 2019 оны нэгдүгээр сард Санчирийн тойрог замыг дайрч өнгөрөхөөр байна.

Анх Хавайн их сургуулийн одон орончид түүнийг илрүүлж, нутгийн хэлээр элч хэмээх (Оумуамуа) нэрийг өгсөн юм.

 

Эх сурвалж: Japan Times