Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн хиймэл оюуны тусламжтайгаар NASA хоёр шинэ гараг нээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөг хүртэл NASA харь гарагуудыг Кеплер телескопын тусламжтай илрүүлсээр байгаа. Сансарт байрлах энэхүү дурангаар NASA нийтдээ 3,000 гаруй гараг нээсний дотор амьдрал оршиход таатай хэд хэдэн гараг байгааг илрүүлсэн юм.

Харин энэхүү ажиллагаа Google компанийн боловсруулсан хиймэл оюуны тусламжтай улам сайжирсан тухай өчигдөр NASA мэдээллээ.

Google-ийн програм хангамжийн ахлах инженер Крис Шаллю, NASA-гийн астрофизикч Эндрью Ванденбург нар нэг баг болж, хиймэл оюунт машинд харь гарагийг хэрхэн илрүүлэх арга техник зааж өгсөн байна.

Ингэснээр өмнө нь NASA-гийн судлаачдын Кеплерээс ирсэн мэдээллээс олж чадаагүй шинэ гарагуудыг дахин илрүүлж чаджээ.

Судлаачид харь гарагийг илрүүлэхдээ тухайн гарагийн тойрон эргэлдэж байгаа одыг ажиглаж, уг одны наагуур гараг давхцаж өнгөрөх хэсэгхэн агшинд мэдээллийг нь олж авдаг юм. Өөрөөр хэлбэл хурц гэрэлтэж байгаа одны наагуур өнгөрөх бяцхан хар цэгийг олсноор шинэ гараг илэрдэг.

Гэхдээ энэ нь маш хэцүү ажил бөгөөд заримдаа гарагийг илрүүлж чадалгүй алдах нь бий.

Харин Шаллю, Ванденберг нарын боловсруулсан хиймэл оюунт машин Кеплерээс ирүүлсэн өмнөх зургуудыг дахин шинжилж үзээд олж чадалгүй орхисон хоёр шинэ гарагийг нээжээ.

Тэднийг Kepler-90i, Kepler-80g гэж нэрлэсэн байна. 2009 онд сансарт ажиллаж эхэлсэн Кеплер телескоп нийтдээ 200,000 одны өөр өөр цаг хугацаанд авсан 14 тэрбум зургийг дэлхийд илгээгээд байгаа. Google-ийн инженер Шаллю өөрөө одон орон сонирхдог бөгөөд тус компаниас ажилтнууддаа олгодог 20 хувийн чөлөөт цагаа дээрх системийг боловсруулахад зарцуулж эхэлсэн юм байна.

Google компани ажлын цагийн 20 хувиа өөр өөрийн сонирхсон зүйлд зориулахыг нийт мэргэжилтнүүддээ зөвшөөрдөг. Ингээд тэр NASA-гийн мэргэжилтэнтэй хамтран Кеплерийн зургуудаас харь гараг хайх хиймэл оюуныг боловсруулсан нь энэ юм.

Шинэ систем нь эхний 670 одны мэдээллээс алдагдсан хоёр шинэ гараг илрүүлсэн тул цаашдаа илүү олон гараг нээгдэнэ гэж тэд үзэж байгаа гэнэ.

Дээр илрүүлсэн Kepler-90i гараг нь Kepler-90 одны системийн нэг гараг бөгөөд дэлхийгээс 30 хувь том, хадархаг бүтэцтэй. Гадаргын температур нь Цельсийн 424 хэм тул амьдрал орших боломжгүй. Уг одны систем нь манай нарны системтэй ижил олон гарагтай, харин гарагууд нь одондоо илүү ойр байрласан ажээ. Kepler-80g нь дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, бусад таван гарагийн хамт ижил зайнд одоо тойрон эргэлдэж байдаг юм байна.

Шаллю цаашдаа ажлын цагийн 20 хувиа энэ төсөлд үргэлжлүүлэн зориулах ба бусад 150,000 одны мэдээллээс илрүүлж чадалгүй орхисон гарагуудыг нээх юм байна.

 

Эх сурвалж: Quartz