Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани хиймэл оюуны судалгааны төвийг Бээжинд нээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Google компани Бээжин хотод хиймэл оюуны (AI) судалгааны төв нээж байгаагаа зарлажээ.

Хиймэл оюун, түүн дотроо “machine learning” технологийг ирээдүйн тооцоолох техникийн үндэс болно гэж үздэг ба АНУ-ын Google, Microsoft, Facebook компаниуд, Хятадын Alibaba, Tencent, Baidu компаниуд энэ салбарт хүчтэй өрсөлдөөн эхлүүлээд байгаа.

Хиймэл оюуныг ашиглан жолоочгүй автомашин, автомат үйлдвэрлэл, орчуулгын болон нүүр царай таних системүүдийг хөгжүүлэх боломжтой. Google компани Хятадад судалгааны төв нээсэн нь тус улсын авьяас чадвартай мэргэжилтнүүдийг өөртөө татах зорилготой нь холбоотой. Дэлхийд өнөөдөр АНУ, Хятад улсууд хиймэл оюуны технологиор тэргүүлж байгаа юм.

“2015 онд дэлхийн шилдэг 100 AI технологийн сэтгүүлд нийтлэгдсэн материалын 43 хувийг Хятадууд бичсэн байна” гэж шинэ төвийн тэргүүн Ли Фэйфэй өөрийн блогт бичжээ.

Тэр бас “Бид зарим шилдэг мэргэжилтнүүдийг хэдийнээ ажилд аваад байгаа. Ирэх саруудад ажиллах багаа бүрдүүлнэ” гэсэн байна.

Хятадын хүн амын тоо, математикийн болон бусад шинжлэх ухааны хүчтэй боловсрол нь AI салбарын мэргэжилтнүүдийг бэлдэх чухал суурь болж байгаа юм.

Google компани одоогоор Хятадад хоёр оффис ажиллуулж байгаа ба тэдгээрт ажиллаж байгаа 600 орчим мэргэжилтний тал нь дэлхийн хэмжээний бүтээгдэхүүнүүд дээр төвлөрдөг гэнэ. Хэдийгээр Google-ийн хайлтын систем Хятадад хориотой байдаг ч сүүлд Бээжингийн эрх баригчид тус компанийн орчуулгын бүтээгдэхүүнүүдийг зах зээлдээ нээсэн байна.

 

Эх сурвалж: AFP