Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Судлаачид Монголын салхины нөөцийг буурна гэж тооцоолжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ирэх 100 жилд цаг уурын дулаарлаас хамаарч дэлхийн салхины нөөцийн хуваарилалтад өөрчлөлт гарах тухай судлаачдын дүгнэлт өчигдрийн “Nature Geoscience” сэтгүүлд нийтлэгджээ.

CIREC (Cooperative Institute for Research in Environmental Studies), RASEI (Renewable and Sustainable Energy Institute) байгууллагуудын хамтарсан судалгаанд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын салхины нөөц буурч, харин өмнөд хагаст нэмэгдэх тухай мэдээлсэн байна.

Энэхүү ажил нь цаг уурын өөрчлөлт салхины эрчим хүчний үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон анхны томоохон судалгаа болсныг эрдэмтэд баталжээ.

Дэлхийн нийт салхины хүч жилд 20 хувиар эрчимтэй нэмэгдэж байхад нийт эрчим хүчний хэрэглээний дөнгөж 3.7 хувийг салхинаас гаргаж авч байгаа.

Гэвч тэдний дүгнэлтээр 2100 он гэхэд дэлхийн хойд туйлд агаарын хэм нэмэгдсэнээс хойд хагасын салхины хүч буурах гэнэ. Өөрөөр хэлбэл хойд туйл, экваторын бүс хоёрын температурын зөрүү багасах нь салхины эрчийг сулруулах ажээ.

Үүний улмаас Хойд Америк, Япон, Монгол, Газрын дундад тэнгисийн бүс нутагт салхины нөөц багасах төлөв ажиглагдсан байна. Харин эсрэгээрээ дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст Бразил, Баруун Африк, Өмнөд Америк, Австралийн салхины хүч нэмэгдэхээр байгаа юм байна.

Судалгааны дүгнэлт нь цаашдаа дэлхийн аль бүс нутгуудад салхины эрчим хүчний хөрөнгө оруулалтыг хийвэл үр дүнтэй болох талаар шийдвэр гаргахад чухал мэдээлэл болох гэнэ.

Үүний зэрэгцээ дан ганц энэ судалгаанд найдалгүй, өөр аргаар мэдээллийг дахин баталгаажуулах шаардлагатай байгааг эрдэмтэд өгүүлжээ.

 

Эх сурвалж: Innovationews.Com