Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бат-Оргил: Миний залуу нас дуусаагүй

О.Эрдэнэчимэг, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 11
Үндэсний шуудан
Зураг зураг

“Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг уярааж явсан Т.Бат-Оргилыг өнөөдөр ч гитаргүйгээр, хэзээ ч үл хуучрах дуунуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний дуунуудыг сонсож өссөн хүүхдүүд одоо томчууд болсон. Тэгвэл тэрбээр 2017 он үдлэн буцаж буй энэ үед “Жигүүртнээс дээгүүр” өөрийн ном, цомгоо шинээр өлгийдөн авах гэж байна. Түүний энэ цомогт хит болсон дуунуудаас нь гадна шинэ олон дуу багтжээ. Харин номонд нь дуу төрсөн түүх хийгээд бодол эргэцүүлэл, залуучуудад хандсан уриа үгс нь оржээ. Аль алийг нь хэвлэлтээс гарахыг нь хүлээж байх үед нь түүнтэй уулзаж ярилцлаа.

-Өглөөний мэнд. Шинэхэн бүтээлээ хэвлэлтэд шилжүүл-сэн энэ мөчид уулзаж байгаа-даа таатай байна. Их олон жилийн хөдөлмөр тань энэ цомог, номонд шингэж байгаа гэж ойлгосон.

-Өглөөний мэнд. Цомог, номоо хоёр жилийн хугацаанд бүтээсэн ч уран бүтээлүүд маань 20 гаруй жилийн түүхтэй. 1988 онд бичиж байсан дуу ч бий. Ерөнхийдөө энэ бүх хугацаанд үзэж харсан, бодож тунгааснаа эмхлэн гаргаж байгаа юм. Цомгийн ажилд 40 гаруй залуус оролцсон бол ном бүтээхэд 20-иод хүн оролцсон. Багийнхаа гишүүдэд бүгдэд нь баярлалаа. Та наргүйгээр зорьсон зүйл минь биелэхгүй байсан шүү гэж хэлмээр байна.

-Цомог, номоо гаргах бэлтгэлийн явцыг тань харахад та их л нухацтай, ул суурьтай хандаж байгаа харагдсан. Та ер нь бүхий л зүйлд ингэж нухацтай, төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй ханддаг уу. Магадгүй энэ таны хүүхэд байхдаа олж авсан чадвар уу?

-Тэр ёстой худлаа. Би чинь салан баавгай гэдэг шиг л энд тэнд юмаа хаяж, гээж явдаг хүүхэд байсан.Одоо ч хэвээрээ. Юунд анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдэг л миний хувьд чухал. Би ер нь хэзээ ч онц сурлагатан байгаагүй. Бага анги, дунд ангид ч, их сургуульд ч байхад багш нар бүгд нэг л зүйлийг ээжид минь хэлдэг байсан. “Танай хүүхэд хичээх юм бол сургуулиа алтан медальтай төгсөнө. Даанч хичээхгүй юм даа" гэдэг байв. Гэхдээ би дунд сурлагатан бол бас байгаагүй.

-Номондоо дууны түүхүүдийг багтаахаас гадна бодрол, эргэцүүллийн нийтлэлүүдээ багтаасан гэсэн үү?

-Миний уран бүтээлийн түүхийг хүмүүс их асуудаг байсан л даа. Хүн болгонд тайлбарлахад цаг хугацаа үрж, нэг ярьсан зүйлээ дахин ярих шаардлага гардаг байсан учраас номондоо уран бүтээлийн түүхээ бичье гэж бодож байсан. Гэвч ном бичих хугацаанд номын агуулга маань илүү өргөн хүрээтэй болж.зөвхөн дууны тухай ном биш болсон. Энэ номоо би өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх индэр гэж харж байгаа. Жишээлбэл, манай нийгэм ямар болчхоод байгаа, яаж энэ байдлаас гарах вэ гэдэг талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Манайд соёлын хувьсгал хэрэгтэй байна. Олон түмэндээ, ялангуяа урлаг, соёлынхондоо хандаж уриалж байгаа юм.

Тухайлбал, 1990 онд бид шинэ сайн сайхан нийгмийг бүтээн байгуулна гэж явсан ч зорьсон замаасаа хазайчхав уу, бид юуг олов, гээв гэдэг талаар бухимдалгүй эргэцүүлсэн маягаар бичсэн. Одоо бид гээсэн зүйлээ нийгмээрээ тунгаах хэрэгтэй байна. Монголын өнөөгийн нийгэм нэгийгээ хайрлахгүй, өрөвдөхгүй болчихжээ. Бид өөрийн үндэсний үзэл санаатай, нэг нэгэндээ хайртай, амь нэгтэй байх ёстой. Үндэсний санаа гэж байхгүй болчихлоо. Энэ бол заавал байх ёстой. Ард түмнээ манлайлдаг сэхээтэн хэсэг гэж байх ёстой. Хөгжил, эдийн засаг гэсэн хий үзэгдлийн араас сүүлийн 10 гаруй жил явлаа гэх зэрэг олон санаа тусгасан.

-Номны тань өмнөх үгийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзана бичиж, редакторласан гэсэн. Юу юугүй дуртай хүлээж аваагүй байх. Түүнийг хэрхэн зөвшөөрүүлэв?

-Номоо нэлээд олон хүнд уншуулсан. “Сайн ном болсон байна" гэсэн үнэлгээ авсандаа баяртай байгаа. Ерөнхийдөө уншихад сонирхолтой байдлаар, хэтэрхий уянгалалгүй, энгийн бичихийг хичээсэн. Номын маань өмнөх үгийг соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана бичиж, намайг тоосонд маш их баяртай байгаа. Номыг маань уншиж үзээд маш бага зассан. Ер нь бараг хүрээгүй шахуу. Мундаг хүмүүс цаанаасаа мундаг байдаг юм билээ.

Хүний хэлж байгаа санаанд хүндэтгэлтэй, маш болгоомжтой хандсан байх. Найруулга дээр л ганц нэг засвар хийсэн. Би чинь орос сургууль төгссөн болохоороо алдаатай бичнэ. Түүний дараа “Мөнхийн үсэг”-ийг баг хамт олон ажилласан. Энэ дашрамд, номыг минь гаргахад тусалсан та нартаа баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлье. Номынхоо нээлтийг энэ сарын 16-нд хийнэ. Сонирхсон бүх хүнд нээлттэй гэдгийг бас дуулгамаар байна.

-“Жигүүртнээс дээгүүр” хэмээн нэрлэсний учир юу вэ?

-"Жигүүртнээс дээгүүр" гэж нэг дууны маань нэр юм. Үндсэн санаа нь сэхээтний манлайллын тухай. Сэхээтэн гэдэг жигүүртнээс дээгүүр үзэл баримтлалтай, ёс зүйтэй, хэн нэгнээс, олонхоос айдаггүй, манлайлдаг, дагуулдаг байх ёстой. Намайг юу гэж бодох бол гээд юу ч хийж чаддаггүй хүмүүс бол хэзээ ч сэхээтэн байж чадахгүй. Сэхээтний хувь тавилан бол олныг сөрөх, эсвэл олныг дагуулах гэсэн хоёр л хувилбартай байдаг гэж боддог.

СЭХЭЭТЭН ХҮН ГУРВАН ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ

-Та сая ард түмнээ манлайлдаг сэхээтэн хэсэг гэж байхгүй боллоо гэсэн. Таны бодлоор ер нь сэхээтэн гэж хэнийг хэлэх вэ?

-Баян юм уу дан ганц эрдэмтэй хүн бол хараахан сэхээтэн биш юм. Сүүлийн хэдэн жилийн үзсэн харсан дээрээ тулгуурлаад тодорхойлбол сэхээтэн хүн гурван шаардлага хангасан байх ёстой гэж бодох болсон. Нэгдүгээрт, бусдыг хайрлах сэтгэлтэй, хоёрдугаарт, эрдэм мэдлэгтэй байх хэрэгтэй. Эрдэм мэдлэг нь дээд сургуулийн диплом байх албагүй. Өргөн мэдлэгтэй малчин хүн ч байж болно шүү дээ. Гуравдугаарт, сэхээтэн хүн зоригтой байх ёстой.

Энэ гурван шалгуурын аль нэг нь байхгүй тохиолдолд сэхээтний шалгуурыг хангаж чадахгүй болж байгаа юм. Жишээлбэл, одоогийн улстөрчид боловсрол хэрэггүй гэж ярьж байна. Боловсролгүй ч гэсэн сайхан амьдарч байна гэдэг. Магадгүй байж болно. Гэхдээ бусдыг сэхээрүүлэх хүн мэдлэггүйн улмаас бусдыг буруу тийш нь хөтөлбөл яах вэ. Боловсролгүй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, зоригтой хүн бол баатар юм.

Сайн ч зүйл хийж болно, буруу тийш нь залж ч болно. Бусдын төлөө гэсэн сэтгэл байхгүй, боловсролтой хүн бол сайнаар яривал бэртэгчин, муугаар яривал боловсролтой хулгайч, дээрэмчин юм. Тийм хүмүүсийг бид бишгүй мэднэ. Харин зориггүй, гэхдээ бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, боловсролтой хүн бол жирийн сайн иргэн. Болж байгаа муу үйлийг таслан зогсоохгүй дотроо л бодоод яваад байдаг. Тийм учраас сэхээтэн бол энэ гурван шалгуурыг хангах ёстой гэж би итгэдэг.

-Үүнтэй холбогдуулаад асуухад Монголын хамаг шилдэг сэхээтнүүд гадагшаа гараад явчихсан, Монголд одоо сэхээтэн байхгүй гэдэг. Үнэхээр тэр сэхээтэн гэж хэлж, тодорхойлоод байгаа хүмүүс эх орондоо амьдрахад өнөөдрийн Монголын нийгэм болохгүй байна уу?

-Миний хэлсэн тодорхойлолтоор тэд сэхээтэн биш л дээ. Зориг гэдэг зүйл нь дутаж байна. Эсвэл бусдын төлөө гэсэн сэтгэл байхгүй, хар амиа хичээсэн бодолтой хүмүүс байдаг. Магадгүй урам нь хугарсан ч байж болно. Гэхдээ хэн нэгнийг буруутгах нь чухал биш юм. Бид сүүлийн 10 гаруй жил буруутныг хайлаа. Үүнийгээ одоо мартъя. Эв түнжин муутай айл буруутнаа хайсаар ирээдүйг харж чаддаггүйтэй адил нийгмээрээ бид хэн нэгнээс буруутныг хайгаад ирээдүйгээ харж чадахгүй байна.

-Эрдэм мэдлэгтэй малчин ч байж болно гэлээ. Гэхдээ бид аливаа хүнийг эрдэмтэй хүн гэж харахдаа эзэмшсэн боловсролоор нь дүгнэдэг. Тэгвэл боловсролоор дамжуулан юуг олж, авч, хүртэх нь чухал юм бэ?

-Бидний өнөөдрийг хүртэл ярьж ирсэн зүйл хэтэрхий өрөөсгөл байгаад байгаа юм. Боловсрол хоёр талтай зүйл. Бидний хувьд боловсролыг академик талаас нь хараад байгаа. Гэтэл дэлхий даяар уян чадвар гэдэг зүйлийг чухалчилж байна. Үүнийг манайхан ор тас орхигдуулсан. Монголд байгаа бүх гай гамшгийн үндэс нь уян чадварыг орхигдуулсантай холбоотой. Боловсролтой хүн гэж уян чадварыг зайлшгүй эзэмшсэн хүнийг хэлнэ.

-Уян чадвар. Их л өвөрмөц тодорхойлолт байна. Энд юу багтах юм бэ?

-Анги танхимд заах боломжгүй эрдмүүдийг уян чадвар гэж хэлж байгаа юм. Тухайлбал, багаар ажиллах чадвар, харилцах чадвар, эргэцүүлэн тунгаах чадвар гэх мэт. Харилцах чадвар гэж хүнд сайхан үг хэлэхийг хэлэхгүй. Өөрийнхөө бодож байгааг илэрхийлдэг, хүний хэлж байгааг зөв ойлгодог байх ёстой.Эргэцүүлэх чадвар дутмагаас болоод нийгмээрээ тэр чигээрээ аливаа зүйлийн талаар тунгаан бодохгүй, туйлширдаг, шууд итгэдэг, харддаг.

Энэ бол боловсролын системтэй шууд холбоотой. Хүнийг юм бодуулахгүй, цээжлүүлдэг. “Багшийн зөв, чиний буруу” гэсэн ойлголттой. XIX зуунд бодож сэтгэх шаардлага байхгүй, нэг үйлдлийг олон удаа давтах чадвартай хүмүүсийг бэлтгэх зориулалттай боловсролын систем байсан, тэр нь яг тэр чигээрээ өнөөгийн Монголын боловсролын системд байна.

Гэтэл XXI зуун бол мэдлэгийн эрин зуун. Энэ зуунд олон үйлдлийг давтах нь чухал биш.Шинээр сэтгэх, арга учрыг нь олох, уян чадваруудыг маш ихээр шаардаж байна. Эцэг эхчүүдийн гаргадаг нэг том алдаа нь хүүхдээрээ тоо бодуулаад, томьёо цээжлүүлээд байвал сайн сургууль гэж үздэг.

Гэтэл уян чадварыг хамгийн ихээр хөгжүүлдэг хичээл дуу хөгжмийн хичээл, урлаг юм. Манай улсын хувьд одоогоор аль уян чадварууд бидэнд хэрэгтэй байгаа, түүнийг хэрхэн хөгжүүлэх талаар бодоо ч үгүй байна. Миний бодлоор энэ мэтчилэн олон зүйлийг өөрчилж байж, бидний нийгэм өөрчлөгдөнө.

ХӨГЖИМ СОНСДОГГҮЙ, ОЙЛГОДОГГҮЙ ХҮМҮҮСИЙГ БИ ИХ ӨРӨВДДӨГ

-Уян чадварыг хамгийн их хөгжүүлдэг зүйл урлаг гэдэгтэй санал нийлж байна. Таны зайлшгүй нэгэн бахархал бол гэр бүл тань. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн зээ хүү, Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдын хүү гэдэг нэр тантай үргэлж хамт байдаг. Урлаг бол танай гэр бүлийн салшгүй нэгэн хэсэг, ертөнц байх. Урлагийн орчинд өссөнөөр танд бий болсон сайн сайхан зүйлс ер нь юу вэ?

-Ээж, эмээ, ах, эгч нар маань бүгд л урлагийн хүмүүс. Энэ орчинд өссөн нь надад маш их эергээр нөлөөлсөн. Энэ гэр бүлд төрж өсөж, хүмүүжсэнийгээ их том аз завшаан гэж хардаг. Хүмүүс намайг ээжээсээ өвлөж, урлагтай нөхөрлөсөн гэж хардаг. Гэтэл хачирхалтай нь хөгжимд дуртай, кантри стилийг ааваасаа өвлөж авсан.

Хөгжим сонсдоггүй, хөгжим ойлгодоггүй хүмүүсийг би их өрөвддөг. Эрхтэн дутуу гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ тэр хүмүүс ямар үнэтэй зүйлээр дутаж байгаагаа анзаардаггүй. Хөгжим бол хүний сэтгэх чадварыг хөгжүүлдэг, абстракт сэтгэлгээ бий болгодог. Урлаг гэдэг үгийн үндэс ур шүү дээ. Тиймээс хөгжим хүнд сэтгэлгээний урын суурийг тавьдаг.

-Урлаг ойлгодог, мэддэг, мэдэрдэг хүмүүсийн гоё сайхны тухай ойлголт нь их сайхан санагддаг. Гоё сайхныг та өөрийнхөөрөө илэрхийлэхгүй юү?

-Хүн болгоны гоо сайхны мэдрэмж өөр, өөр. Товчхон тодорхойлбол зохицол л юм. Энэ хээ, тэр хээтэй хэрхэн зохицож байна гэдэг мэдрэмж л юм шүүдээ. Мэдрэмж хөгждөг. Тиймээс түүнийг хөгжүүлэх л хэрэг байгаа юм. Огт мэдрэмжгүй хүн ховор шүү дээ.

-Та ээжтэйгээ их адилхан ярих юм. Ээжээс тань танд өвлөж ирсэн зүйл юу байна вэ?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ зөрүүд, зөөлөн зан чанар юм болов уу. Би их сонин, эсрэг тэсрэг зан чанартай. Зөрүүд зан ер нь манай ээжийн талд байдаг зан чанар байх.

-Ээж, эмээ тань Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгээр бахархалтайгаар нэрлэгддэг. Тэгвэл хүүгийнх нь хувьд ээжийн тань юу нь хамгийн сайхан бэ?

-Хүн болгоны ээж үр хүүхдэдээ хамгийн сайхан нь. Би бол ээжийгээ гоё эмэгтэй гэж хэлж мэдэхгүй шүү дээ. Миний ээж ямар ч хүн байсан надад бол хамгийн сайхан эмэгтэй л байна. Нэг бодлын ийм сайхан ээжтэй болж төрсөн нь зол юм болов уу. Үндэсний хэмжээнд танигдсан сайхан бүсгүйн хүүхэд нь болж төрсөн нь том аз завшаан. Бусад бүх хүний адил миний ээж хамгийн сайхан, хамгийн хөөрхөн.

-Таныг ухаан ороход л “Миний ээж алдартай хүн юм байна” гэсэн бодол суусан уу?

-Ер нь тийм шүү. Энэ үед ээж минь хүн болгоны ээж юм шиг л санагддаг байлаа. Олны танил хүний хүүхэд гэдэг утгаараа бага байхад жаахан хэцүү байсан. Бусдаас илүү онцлоод байдаг юм. Үгүй ээ наад зах нь хүүхэдтэй зодолдоход бусад айлын хүүхдийг тоохгүй шүү дээ. Гэтэл би зодолдоход “Жүжигчин Сувдаагийн хүүхэд. Үгүй ээ мөн тусгүй ээ" гээд л цоллоод байдаг. Энэ нь нэг бодлын хэцүү ч, нөгөө талаас нь харвал дэм юм л даа. Үгүй дээ ядаж цоллуулахгүйн тулд буруу замаар будаа тээхгүй өссөн.

-Н.Сувд гуай хөвүүддээ юуг аминчлан захидаг вэ?

-Их л олон зүйл бий. Ээжийн хамгийн их захидаг үг нь “Хүнтэй битгий муудалц”. Миний хувьд аавыгаа дуурайсан хурц зантай. Өөрт таалагдахгүй зүйлийг шууд хэлж, хүмүүсийг гомдоодог. Ээж үүнд их дурамжхан ханддаг. “Хүн битгий гомдоож бай, хүнийг гомдоох нүгэл юм шүү” гэдэг.

МИНИЙ БАГА НАСНЫ ҮЕ ХАМГИЙН САЙХАН, ЭХ ОРНЫ МИНЬ ХАМГИЙН АМГАЛАН ҮЕ БАЙСАН

-1990-ээд оны сайхан залуу гэдгээр таны залуу насыг хүмүүс дурсдаг. Яг энэ цаг мөчийн буюу залуу насны хамгийн сайхан дурсамжаараа та юуг нэрлэх вэ?

-Миний залуу нас дуусаагүй байгаа шүү дээ. /инээв/

-Тэгвэл амьдралын тань хамгийн жаргалтай мөч хэзээ байсан бэ?

-Миний бага насны үе хамгийн сайхан. Яагаад гэвэл эх орны минь хамгийн амгалан үе байсан. Би тэр үеийг их үгүйлдэг. Зарим хүн социализмын үеийг их дурсдаг. Яагаад тэд дурсаад байна вэ гэхээр картын бараа, тэр үеийн системийг үгүйлсэндээ биш. Ердөө л амар амгалан тэр цаг үе, амь нэгтэй байсан үеэ үгүйлээд байгаа юм. Хүн болгон өөрийгөө л боддог болсон цаг үед үгүйлэхгүй гээд ч яах билээ.

-“Мөнхийн ус” дууг таны өөр нэгэн овог ч гэж хэлж болох байх. Дуунуудынхаа түүхийг бичсэн ном тань удахгүй гарах гэж байна. Гэхдээ л тантай уулзсаных энэ дууны түүхийг урьдчилаад сонсмоор байна. “Мөнхийн ус”-ыг сонсохоор “хотын” гэх нэг зүйл харагдаж, бодогддог юм.

-Клиптэй нь холбоотой юм болов уу. Социализмын үеийн тэр төрх дүрсэнд хадгалагдсан учир хүмүүст ийм сэтгэгдэл төрүүлээд байж магадгүй юм. Бүх дууныхаа түүхийг номондоо бичсэн учир үүнийг гэнэтийн бэлэг болгон үлдээе.

-Та бол хотын унаган хүүхэд. Таны бодлоор хотын соёл гэж өр нь юуг хэлэх вэ?

-Хотын соёл гэж юуг хэлэх талаар өмнө нь бодож байлаа. Миний бодлоор хотын соёл гэж бусдадаа саад болохгүй ухааныг л хэлж байгаа юм. Хотод амьдарч буй хүмүүс “Би бусдад саад болж байгаа болов уу” гэдгээ үргэлж санах хэрэгтэй.

-Хөдөөнийхөн тэр чигээрээ хотод нүүгээд ирчихсэн учраас манай хот хэзээд энэ чигээрээ соёлгүй, бүдүүлэг байна гэх хүмүүс байх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хөдөөний хүмүүс гэж хүмүүсийг ялгаварлахад би дургүй. Харин үүний оронд зэрлэг балмад уу, хүн үү гэдгээр нь ялгаж зааглаж болно. Бидний өвөө, эмээ хөдөөний л хүмүүс байсан шүү дээ. Ээжийн ээж буюу эмээ маань Төв аймгийнх, өвөө маань Баянхонгор аймгийнх. Харин аавын талын хүмүүс бол Хэнтий, Булганы хүмүүс байдаг. Хөдөөнөөс л бид нүүж ирсэн шүү дээ. Тэр хүмүүс өнөөдрийн хүмүүсээс ялгаатай нь зэрлэг, балмад байгаагүй юм.

Зэрлэг балмадыг хөдөөтэй огт хольж болохгүй. Миний өвөг дээдэс агуу хүмүүс байсан. Хаа байсан XIII зуунд монголчууд сэрээ, хутга хэрэглэдэг байхад одоо бидний соёлтой гэж нэрлээд байгаа европчууд мах зулгааж иддэг байсан. Бид аль ч үндэстнээс дутахгүй соёлтой.

-Таны хувьд дуунуудынхаа үгийг өөрөө бичдэг. Ойролцоогоор хэд орчим дуутай болж вэ?

-Бүх дуунынхаа ая, үгийг өөрөө бичсэн. Харин хоёр дууны маань аяыг “Оn&Оn продакшны С.Ононбат найз минь зохиосон. Ер нь цомог бэлтгэхдээ хариуцлагатай хандаж, бүх зүйлийг ном ёсоор нь хийсэн. Тухайлбал, зохиогчийн эрхээ бүртгүүлж, бичлэгээ дандаа амьд хөгжмийн зэмсгээр бичүүлсэн.

МОНГОЛ УЛС НАМААР ДУТААГҮЙ. МАНАЙ УЛСАД ҮНДЭСНИЙ САНАА, СЭХЭЭТЭН ХЭРЭГТЭЙ

-Нэгэнт тантай уулзсаных Хөдөлмөрийн үндэсний намын талаар асуухгүй өнгөрч болох-гүй байх. ХҮН 2020 онд хэр хүчирхэгжиж эргэн ирэх вэ?

-Хөдөлмөрийн үндэсний намын эхний давшилт нь бүтэлгүйтсэн л гэж харж байгаа. Больчихож байгаа юм уу зогсчихож байгаа хэлбэр биш юм. Хөдөлмөрийн үндэсний нам гэдгээрээ цаашид явах уу гэдгийг хэлж мэдэхгүй. Одоогоор сонгуулийн талаар нэг их бодохгүй байна. Яагаад гэвэл сая болж өнгөрсөн процесс надад их юм бодуулсан. Ном бичих болсны нэг шалтгаан нь ч энэ л дээ.

Ихэнх хүн манай намыг харахдаа гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүсээс бүрдсэн их сайхан байсан гэж хардаг. Гэхдээ би үүнийг өрөөсгөл ойлголт гэж бодож байна. Муу хүн боловсролтой болох тусмаа улам аюултай юм биш үү. Гадаадад сургууль төгссөн гэдгээр туйлширмааргүй байна. “МАН, АН-д яваад бүтэхгүй юм байна, ийшээ л орчихвол дарга, цэрэг болчих юм байна" гэсэн сэтгэлээр хэдэн хүн орж ирсэн бэ, бусдыгаа гэсэн сэтгэл нь тэдэнд байсан юм уу гэх олон асуулт бий.

Шалгуур тавихгүйгээр бүгдийг оруулах юм бол бусдаасаа ялгаагүй, өөр нэг нам бий болно. Монгол Улс бол намаар дутаагүй. Манай улсад үндэсний санаа, сэхээтэн хэрэгтэй. Нам гэхээсээ урьтаж үүнийг бий болгох ёстой. Намыг аль ч цагт байгуулж болдог зүйл. АН эсвэл МАН-ыг үгүйсгэж гарч ирэх нь улс төрийн шинэ хүчин биш юм. Ардчилсан нам, Монгол ардын нам хоёрын гол дутагдал нь юуны төлөө яваад байгаа нь ойлгомжгүй. Нэгийгээ үгүйсгэхээр л оршин тогтноод байна шүү дээ. Намыг ургамлаар зүйрлэх юм бол хамгийн сүүлд гарч ирдэг цэцэг. Тиймээс нам байгуулахаасаа өмнө цэцгийн үндэс нь болсон үзэл санаагаа бойжуулах хэрэгтэй юм. Монголд одоо хоёр хувьсгал хэрэгтэй байна.

-Юуны хувьсгал хэрэгтэй байна гэж?

-Нэг нь соёлын хувьсгал, нөгөөх нь эрх зүйн хувьсгал. Энэ хоёр байж байж улс төрийн бусад өөрчлөлт шинэчлэлийг ярих боломжтой.

ХҮНДЛЭЛИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН ЦАГТ ХАМТЫН АМЬДРАЛ УТГАГҮЙ БОЛДОГ. ЭНЭ БОЛ МИНИЙ ХУВЬД ГАШУУН ТУРШЛАГА

-Таны хувьд саяхнаас хоёр дахь амьдралаа зохиосон. Анх таныг хоёр хүүхэдтэй, өөрөөсөө эгч хүнтэй амьдралаа холбоход эсэргүүцэл маш их байсан ч та 20-иод жилийг хамтдаа туулсны дараа шинэ амьдралаа зохиолоо. Салах шалтгаан тань юу байсан бэ?

-Миний хувьд хэзээний л ар гэр хувийн амьдралыг дэлгэх дургүй. Ар гэрийнхнийхээ тухай ярихаар хүмүүс ухаж, төнхөөд илүү их мэдэхийг хүсээд байдаг. Ер нь хүний амьдралд хамгийн чухал нь хайр сэтгэл байдаг. Хайр сэтгэлийг хүнд тайлбарлах боломжгүй, хэлшгүй, таашгүй. Хайр сэтгэлээс гадна хүний амьдралын хамгийн чухал үнэтэй зүйл бол хүндлэл юм. Хүндлэл байхгүй болохоор хайр аяндаа байхгүй болдог. Чи хүндэлдэггүй хүнээ хайрлаж чадахгүй. Хайр цагийн эрхэнд хувирдаг, өөр өөр болдог. Хэлбэрээ өөрчлөөд байгаад л байдаг. Хүндлэлийг үгүй хийсэн цагт хамтын амьдрал өөрөө утгагүй болж ирдэг. Энэ бол миний хувьд гашуун туршлага.

Ихэнх хүнийг харахад санхүүгийн ачаалалтай амьдралдаа баригдаж хамт байгаад байгаа юм шиг санагддаг. Салаад явах юм бол тэр минь яах билээ, энэ минь яах билээ гэх ахуйн зүйл илүү их боддог. Учиргүй хайртайдаа хамт байгаа юм биш. Тийм учраас хүмүүс мөнгөтэй болохоороо салах нь элбэг байдаг. Яаж ч мөнгөтэй болсон салахгүй байгаа тэр харилцаа бол хайр юм. Хайрын цаана их олон зүйл байдаг юм шүү гэдгийг залуустаа зориулаад номондоо оруулж байгаа.

-Аав болсноор таны хувьд гарсан өөрчлөлтүүд юу вэ. Амьдралд хандах хандлагаас эхлээд олон зүйл өөрчлөгдсөн байх.

-Ээж, аав болно гэдэг энэ амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг. Миний амьдралд тохиосон хамгийн сайхан зүйлүүдийн нэг нь энэ юм. Би хүүхдүүддээ үлгэр жишээ байхыг хичээдэг. Ямар ч хэцүү байсан хүн үнэнээрээ амьдрах ёстой гэдгийг хүүхдүүддээ өөрийнхөө амьдралаар үлгэрлэхийг хичээдэг. Хүмүүс чамайг юу гэх нь хамаагүй. Чи өөрийнхөө үнэн гэж бодож байгаа зүйлийнхээ төлөө бат зогсох ёстой. Хүмүүс намайг гаднаас их л өөр өнцгөөс харж байгаа байх.

Эхнэр хүүхдээсээ салсан барьсан гэдэг ч юм уу. Би ээжээс нь салсан байж болох ч хүүхдүүдээсээ хэзээ ч салаагүй, салах ч үгүй шүү дээ. Би энэ үйлдлээрээ хүүхдүүддээ ихийг хэлж байгаа. Намайг ойлгож болно, ойлгохгүй ч байж болно. Хүн өөртөө үнэнч байна гэдэг энэ амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгуулахыг хүсэж байгаа. Хүн өөрөөсөө урваж, үзэл бодлоосоо ухарсан цагт чи өөрөө биш болж байгаа юм. Хүнээс салж болно, чи өөрөөсөө яаж салах вэ. Энэ нь хүнээс сэтгэлийн хат их шаарддаг. Хэн ч юу гэж хэлсэн түүндээ үнэнч явах нь хамгийн хэцүү бөгөөд эрхэм зүйл гэж боддог.

-Өөрөөсөө урваж, алдаа бүхнээ зөвтгөсөөр явбал хүн ер нь хэн болох бол?

-Урвалтыг л уучилж болдоггүй. Алдааг уучилж болно. Өөртөө үнэнч байж байгаад алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол урвалт биш. Буруугаа хүлээх нь ер нь өсөж байгаагийн нэг шинж юм. Хүн ер нь бага наснаасаа эхлээд үхэн үхтэлээ зөв явна гэж хэзээ ч байхгүй Өөрийнхөө бурууг зөвшөөрөхгүй зүтгээд байвал мунхаг тэнэг хэрэг.

Өөрийнхөө бурууг олж харна гэдэг маш том эрдэм юм. Үүнийг надад манай аав, ээж, өвөө, эмээ маш сайн зааж өгсөн. “Чи бурууг бусдаас битгий хай. Ямар нэг зүйл болохгүй болсон бол өөрөөсөө буруу хай" гэж сургасан. Нэг зүйл болохоо больтол багаас өгөгдсөн программын дагуу “Би юуг буруу хийв” гэж би байнга боддог.

-Таны өмнөөс амьдралыг тань шийдэх гээд үзээд байдаг хэсэг хүн байдаг юм шиг. Ярьж хэлж байгаа зүйлсийг нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би бол тэрийг нэг их тоодоггүй Миний хүндэлж байгаа хүмүүс намайг юу гэж байна вэ гэдэг л надад хамаатай. Миний хайртай хүмүүс, хүндэлж явдаг хүмүүс, найз нөхөд юу гэж бодож байгаа нь чухал. Түүнээс биш намайг нас барчихлаа гэхэд маргааш нь санахгүй хүмүүс миний талаар юу гэж ярьж байгаа нь тэр хүмүүсийн л асуудал.

Хэн намайг юу гэх нь надад падлий ч байхгүй. Хамгийн гол нь миний хүндэлж явдаг ээж, ДҮҮ, хайртай хүмүүс, үр хүүхдүүд, найз нөхөд минь, бурхан болсон өвөг дээдэс маань энэ үйлдлийг юу гэж бодох байсан бэ гэдэг нь л сонин. Танихгүй хүн намайг юу гээд бодчих бол гээд түүний төлөө айж, бодлоо өөрчилж, дүр эсгэж хэзээ ч амьдарч чадахгүй.

-Ер нь хүн аз жаргалтай байхын үндэс юу юм бол?

-Бид их олон зүйлийг төр засгаас шаардаж байна. Өөрийнхөө муу амьдарч байгаа шалтгааныг хүртэл төр засгаас хайдаг болчхож. Эцсийн эцэст бид өөрсдөө л өөрийнхөө амьдралыг аз жаргалтай болгож чадна.

Зураг