Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний өрөөний хаалга бороороо байхад зэрэгцээ өрөөнүүдийнх жилд 4 удаа солигдож байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Уг асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Би их хуралд дөрвөн удаа сонгогдсон. Миний өрөөний хаалга бороороо л байгаа. Харин зэрэгцээ өрөөнүүдийн хаалга жилд дөрвөн удаа солигдож байна. Бид хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэмээр байна. Өрөө  тасалгаагаа сольж, засварын мөнгө гаргахаа больмоор юм. 

Төсвийн хэмнэлттэй бодлого руу шилжмээр байна. Ерөнхийлөгчийн хориг тавьсан Улсын төсөвт зураг төсөл нь хийгдээгүй барилга байна гэсэн ойлголт яваад байна. Төсөв жижиг зүйлд үрэгдэхээр байвал Сангийн яам үүнийг анхаарч үзэх хэрэгтэй" гэлээ. 

Дэлхийд байхгүй зүйлийг манай УИХ хийж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Контор битгий барь. Дарга нарт битгий машин ав. УИХ-ын гишүүд хүртэл ямар ч машин авахаа больчихсон. Төсөвт хэмнэлт хийх боломж их бий.

Төсвийн алдагдал гэнэт өссөн шалтгаан бол төсөл хөтөлбөрүүдийг нийлүүлсэнд байгаа юм. Сайн малчны зээлийг хүртэл төсөвтэй нийлүүлсэн. Төсвийн алдагдлаа өсгөөд үүнээсээ болж хуулиа өөрчилсөн.

Дэлхийд байхгүй зүйлийг манай УИХ хийж байна. Манай улсын төсөв жижигхэн. Үүгээр бид цалингаа тавьж, эмнэлэг сургууль барина. Үүнээс цаадах бүтээн байгуулалтыг төсвөөр хийж чадахгүй" гэв. 

Төрийн ордны барилгын засвар нэг тэрбум төгрөг байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Болд "Төрийн ордны барилгын засвар нэг тэрбум төгрөг байна. MNB дэлхий MNB спорт гэсэн хоёр суваг нэмэх юм байна. Ингэж байхаар MNB МАН гээд өөрчилчихмөөр юм. Бидний үгээ хэлэх боломжийг парламентын суваг л олгож байна" гэлээ.