Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаев Казахстаны компаниудаас нуусан мөнгөө гаднаас авчрахыг ууртайгаар шаарджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Казахстаны гадна байршуулсан их хэмжээний баялгийг эх орондоо эргүүлэн авчрахыг тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр компаниудаасаа шаарджээ.

Лхагва гарагт телевизийн сувгаар олон нийтэд хандаж үг хэлэхдээ Назарбаев “хэрвээ засгийн газар үүнийг гүйцэтгэж чадахгүй бол өөрийн биеэр оролцоно” гэж сүрдүүлсэн байна.

Тэрээр “Казахстаны 18 компанийн хилийн чанадад байршуулсан мөнгө $12 тэрбум болоод байна. Энэ мөнгө манай эдийн засагт үйлчлэх ёстой” гээд “Төр засаг та бүхэнд энэ мөнгийг олох боломжийг бий болгож өгсөн. Гэтэл та нар үүнийгээ Казахстанаас өөр газарт нууж байна. Одоо хангалттай!” хэмээн ууртайгаар ярьжээ.

Өчигдрийн шууд нэвтрүүлэгт Назарбаевын хүргэн Тимур Кулибаев бас оролцсон байна. Тэр Атакеман гэгддэг үндэсний бизнесмэнүүдийн танхимын тэргүүн юм. Форбс сэтгүүл түүний хөрөнгийг $2.1 тэрбум гэж үнэлсэн байдаг.

2016 онд дэлгэгдсэн Панамын офшор хөрөнгийн бичиг баримтуудад Назарбаевын ач хүү Нурали Алиевын нэр дурдагдаж байсан юм. Сүүлд дэлгэгдсэн Парадайз бичиг баримтуудад ч бас Казахстаны хэд хэдэн иргэний нэр гарч байжээ.

Назарбаев 2001 ба 2014 онд хоёр удаа Казахстанаас гадна байрлуулсан мөнгийг эргүүлэн авчрахад шийтгэл үзүүлэхгүй өнгөрөх өршөөлийн хугацаа зарлаж байсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty