Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбооны хар жагсаалтад оруулсанд гүнээ харамсаж байгаагаа Өмнөд Солонгосын засгийн газар мэдэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгосыг Европын Холбоо татвараас зайлсхийгчдэд таатай орнуудын нэгэнд тооцсонд гүнээ харамсаж байгаагаа Сөүлийн эрх баригчид өнөөдөр мэдэгджээ.

Тэд Европын Холбооны шийдвэрийг “олон улсын стандартад нийцээгүй” гээд “улс орных нь татварын бие даасан бодлогод халдлаа” гэж буруутгасан байна.

Европын Холбооны сангийн сайд нар өчигдрийн уулзалтаараа “татварын диваажин” гэгддэг орнуудын хар жагсаалтад 17 орныг нэмж оруулсны нэг нь Өмнөд Солонгос байсан юм.

Европын Холбоо ингэх болсон үндэслэлээ Өмнөд Солонгосыг “татварын хор уршигтай, буруу нөлөөтэй хөнгөлөлт үзүүлдэг” нөхцөлтэй гээд үүнийгээ 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор засварлах амлалт өгөөгүй гэж буруутгажээ.

Тодруулбал тус улс эдийн засгийн чөлөөт бүсүүддээ хөрөнгө оруулж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын хэт хөнгөлөлт үзүүлдэг нь үүнд нөлөөлсөн байна.

Ерөнхийдөө хар жагсаалтад орсон 17 орон нь Европын Холбооны татварын стандартад сөрөг нөлөө үзүүлэх татварын бодлоготой гэгдэж байгаа ажээ.

Гэвч Өмнөд Солонгос дээрх үндэслэлүүдийг няцааж, гадаадын хөрөнгө оруулагчдад олгодог татварын хөнгөлөлт нь OECD (Organization for Economic Cooperation and Development) байгууллагын BEPS (Base Erosion and Profit Shifting) стандартын дагуу хэрэгждэгийг баталж, татварын мэдээллийг бусад улс орнуудтай солилцох нээлттэй, ил тод системтэй тул Брюсселийн шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times