Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Хар жагсаалтад орсон 17 оронтой холбоотой ямар арга хэмжээ авахаа хэлээгүй байгаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Европын Холбоо Монгол Улсыг "офшор" бүсээр зарлаж, хар жагсаалтад оруулснаа өчигдөр зарласан билээ. Энэ талаар Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр тайлбар, мэдээлэл өглөө.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өчигдөр Брюссельд болсон Европын Холбооны Сангийн сайд нарын хурлаар Монгол Улсыг 17 оронд оруулсан байна лээ. Энэ талаар би судалж үзсэн. 6 дугаар сараас энэ асуудал яригдаж эхэлсэн юм билээ.

Монгол Улсын хууль эрх зүйн орчинтой холбоотой хэд хэдэн гол асуудал байна. Арилжааны банкууд дахь гадаадын иргэдийн дансны тухай мэдээлэл, дансны хуулгыг Европын Холбооны гишүүн орнууд авдаг байх, гадаадын иргэдийн Монгол Улсын ААН-үүдэд эзэмшиж байгаа хувь хэмжээтэй холбоотой мэдээллийг авдаг байх асуудал яригдаж байгаа. Энэ мэдээллийг банктай шууд харьцах биш татварын албанаас авах тухай юм. 

Монгол Улс хөгжиж буй орон. Мэдээллийн систем хангалттай хөгжөөгүй байгаа. Уг нь 2019 оноос энэ асуудлыг хэрэгжүүлж эхлэхээр яриа хэлцэл явагдаж байсан юм байна. Асуудлыг Засгийн газарт өнөөдөр танилцуулах байх.  Бидэнд хийх ажлууд байна.  Глобал форум, BEPS гэсэн байгууллагуудад элсэх, холбогдох хуулиудыг өөрчлөх, ил тод байх, татварын мэдээллийг солилцох зэрэг ажлууд хийгдэх ёстой" гэв.

-Жагсаалтаас гарах боломж бий юу. Энэ чигээрээ явбал Европын холбооны санхүүгийн зах зээлд гарах боломжгүй болно гэсэн байна?

-Одоогоор санкц нь тодорхойгүй байна. 17 оронтой холбоотой ямар арга хэмжээ авахаа хэлээгүй байгаа. Үйл ажиллагаа одоохондоо хэвийн явна гэж үзэж байна. Цаад талын экспертүүдтэй өглөө холбогдож ажилласан. 2019 оноос мэдээллийг шууд солилцох ажлуудыг хийнэ гэж ярилцсан. 

-Хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгө оруулалтуудаа татах эрсдэл байгаа юу?

-Дэлхий нийтээрээ татвараас зайлсхийж байгаа байдалтай тэмцэж байгаа үед Монгол Улс татвараас зайлсхийх боломж олгож, хууль эрх зүйн үүднээс хангаад өгвөл улс орнуудаас олон хоригт орох боломжтой. Орчин үеийн жишигтэй хууль нийцүүлэхгүй бол болохгүй. Тиймээс хууль журмаа үүнтэй нийцүүлэх ёстой. Заавал татвараас зугтаасан мөнгө Монголд орж ирэх албагүй. 

-Ямар ямар гол хуулиуд өөрчлөгдөх бол?

-Банкны тухай хууль, Татварын ерөнхий хууль гэх мэт хуулиадад өөрчлөлт орох байх. 

-Монгол Улс офшор бүс болсон уу?

-Офшор ч биш л дээ. Татварын мэдээлэл нь ил тод биш, хамтран ажиллахгүй байна л гэсэн үг. Ил тод байхгүй байна гэдэг нь бусад орнуудын хувьд иргэд, ААН-үүдийг нь татвараас зугтаах боломжийг бий болгож өгч байна гэж харж байгаа шүү дээ. Тиймээс үүнийг залруулах шаардлагатай.