Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цогтбаяр: Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага гэх хүмүүс биднийг гүтгэж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулах түр хорооноос өнгөрсөн хугацаанд гарсан тус холбоотой холбогдох шүүхийн шийдвэрүүдийг танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дархан аварга Х.Баянмөнх багшийн гарын үсгийг хуурамчаар зурсан

Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр "Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага гэх хүмүүс биднийг гүтгэж байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн үнэн бодит мэдээллийг хүргэх гэсэн юм. 2015 оны Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан гурван тамирчинд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хуурамч виз хийж өгч, улмаар тэд Арабын улсад 40 цаг саатуулагдаж, тэмцээндээ оролцож чадаагүй.

Оронд нь хэдэн багш нар барилдаж ирснийг та бүхэн мэдэж байгаа. н.Чинбат, А.Сүхбат, Д.Сумъяабазар гэх мэтийн хүмүүс дээрх визний асуудлыг няцааж мэдээлэл хийж байсан. Үүний хариуд бид шүүхэд хандсан.

Ингээд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарсан. Тогтоолоор Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан О.Баянмөнх нь тамирчдад санаатайгаар хуурамч виз хийж өгсөн гэдэг нь нотлогдсон. О.Баянмөнх ялаа авсан.

Үүнээс үүдээд Монголын чөлөөт бөхийн холбооныхон биднийг нэр төр гутаасан гэдэг шалтгаанаар Баянгол дүүргийн шүүхэд өгсөн. Эдгээр дөрвөн багш чөлөөт бөхийн холбооны удирдлагуудыг гүтгээгүй гэсэн шүүхийн шийдвэр бас гарсан. 

Яг энэ шүүх хурлаар дамжуулж бид шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Д.Дагвадорж Чөлөөт бөхийн холбооны удирдлага юм бол яаж сонгогдсон юм бэ? Удирдах зөвлөлийн гишүүдээ хэрхэн сонгосон талаарх асуулт тавьсан. Тэгэхэд шүүхээс хуурамч тамга тэмдэг үйлдсэнг нь тогтоосон. Дархан аварга Х.Баянмөнх багшийн гарын үсгийг хуурамчаар зураад үүнээсээ үүдэлтэйгээр 2009 оны хурлын протоколуудыг засаж хуурамч тамга тэмдэг дарсан байгаа юм.

Тэгээд Д.Сумъяабазар, н.Чинбат нарыг Монголын чөлөөт бөхийн холбоог үүсгэн байгуулсан нь үнэн болно гээд хуурамч тамга тэмдгээ дарсан. Үүнээсээ үндэслээд Д.Дагвадоржийг чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр тавьсан.

Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр ч мөн гарсан байгаа. Энэ шийдвэр дээр хуурамч тамга тэмдэг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлөө ч хууль бусаар бүрдүүлсэн зэргийг шүүхээр тогтоосон байгаа" гэв. 

Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тамирчидтайгаа уулздаггүй

 

Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа "2013 онд гаргасан Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг хэрэгсэхгүй болгосон.  Риогийн олимпид оролцогч Мандахнарангын барилдаан дээр шүүлтийн булхай явагдсан. Энэ үйл ажиллагаан дээр чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж Риогийн олимпид тамирчдаа бэлдсэн хоёр багшийн эрхийг гурван жилээр хасах шийдвэр гаргасан байгаа.

Уг хоёр багшийн зүгээс Сүхбаатар дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Шүүхээс хоёр багшид хариуцлага тооцох тогтоолыг хүчингүй болгосон. Энэ мэтчилэн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хууль бус үйл ажиллагаа их хийж байна. Мөн тэд чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидтай сүүлийн гурван жилд нэг ч удаа уулзаагүй" гэлээ.