Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Япон Улсаас олгож байсан дэмжлэгүүдийн хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээнд гарын үсэг зурав

Б.Ану
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар, ЖАЙКА байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч К.Кошикава нар 32 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан талаар бид мэдээлсэн. 

Энэ төсөл нь “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багцын хүрээнд төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацаанд Япон Улсын Засгийн газраас хэсэгчлэн өгч буй санхүүжилтийн эхний ээлж юм. 

Энэхүү зээлийн:

  • Төслийн нэр: “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”
  •  Зээлийн дүн 32 тэрбум иен ≈ 283,3 сая ам.доллар 
  • Зээлийн хүү нь (% жилээр) 0,8% 
  • Урьдчилгаа шимтгэл 0,1% 
  • Эргэн төлөгдөх хугацаа (жилээр) 20 жил 
  • Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа (жилээр) 6 жил 
 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока "Монгол Улсын эдийн засагт өөдрөг нөхцөл байдал ажиглагдаж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батаа сайтар хангахын сацуу Япон улсын Засгийн газраас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хамгийн үр бүтээлтэйгээр ашиглан, төсвийн нөхцөл байдлаа баттай шинэчлэн сайжруулж, эрүүлжүүлнэ гэдэгт гүнээ найдаж байна" гэж гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдсэн юм. 

Зах зээлийн эдийн засаг руу шилжсэн 1990-ээд оноос хойш Япон Улсын Засгийн газар нь манай улсын эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллаж ирсэн бөгөөд улсын төсөв, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, төсвийн дэмжлэг олгож ирсэн. Анх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг импортлоход зориулж “Сommodity loan” буюу барааны зээл хэлбэрээр нийт 7.3 тэрбум иений зээлийг 1991, 1993 онуудад олгож байсан. 

Энэхүү зээлийг хоол хүнс, нэн яаралтай тоног, төхөөрөмж болон нефтийн бүтээгдэхүүн импортлоход ашигласан. 

Мөн 2009, 2012 онуудад нийт 50 сая ам.долларт тэнцэх хэмжээний иений хөнгөлөлттэй зээлийг төсвийн зардлаа санхүүжүүлэхэд авч байсан. 

Энэ тав дахь удаагийн зээл нь ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцын хүрээнд болон Япон Улсын Засгийн Газраас олгож байсан дэмжлэгээс хамгийн өндөр үнийн дүнтэй юм. 

Энэхүү зээл нь эдийн засгийг тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлэх, эдийн засгийг өсөлтийг дэмжих гэсэн чиглэлийн төсвийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглагдах болно гэж  САНГИЙН ЯАМ мэдээллээ.