Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

$85 саяын үнэтэй биткоиноо хог дээр хаясан эр эргүүлэн олж авахаар шийджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Жэймс Ховелл

Британий Ньюпортын оршин суугч, IT мэргэжилтэн Жэймс Ховелл 2013 оны зун санаандгүйгээр 7,500 ширхэг биткоиноо хаясан юм.

Тухайн үед төдийлөн өндөр үнэ ханшгүй байсан дижитал валютаа тэр хуучин хатуу дискэнд хадгалж байсныг хэрэггүй эд зүйлсээ цэвэрлэхдээ гаргаж хаясан юм байна.

Тухайн үед биткоины ханш $130 байсан бол өнөөдөр $11,350 хүрээд байгаа юм. Тиймээс Ховелл өнөөдөр $85 саяын крипто хөрөнгөтэй болох байжээ.

Тухайн үед тэр нийтдээ $1 сая хүрэхгүй үнэлгээтэй крипто валют хадгалж байв. Мөн ирээдүй нь ч, хэрэг болох эсэх нь ч бүрхэг байсан тул бараг мартаад байсан гэнэ.

Биткоины анхны олборлогчоор ажиллаж байхдаа Ховелл нөүтбүүк нь эвдэрсэн тул ажлаа зогсоогоод байжээ. Эвдэрсэн зөөврийн компьютерээ eBay сүлжээнд зарахдаа тэр хатуу дискийг нь авч үлдсэн байна.

Ингээд ширээний шургуулгандаа хийгээд бараг мартсан байсныг сүүлд гэрээ цэвэрлэхдээ гаргаж хаяжээ.

Одоо тэр орон нутгийн хуучин хог хаях цэгт малталт хийж, хаясан хатуу дискээ хайхаар шийдсэн байна. Өнөөдөр тэр хогийн цэгийг ашиглахаа больж, булаад байгаа юм.

Гэвч булсан хогийн цэгийг ухах нь маш хэцүү ажил болоод байгаа гэнэ.

Иймэрхүү түүх олон бий. Тухайлбал Gizmodo сайтын Австрали дахь салбарын эрхлэгч Кэмпбэл Симпсон 2012 онд 1,400 биткоинтой хатуу дискээ хаяснаа саяхан дурссан байдаг.

Өнөөдөр тэр $15 саяын хөрөнгөтэй болох байжээ. 2010 оны тавдугаар сард програмист Ласло Хэнич дэлхийн анхны худалдааг биткоиноор хийж байжээ. Тэр 10,000 биткоиноор хоёр пицца авч байсан гэнэ. Тэрээр тухайн үед багахан мөнгөөр (бараг үнэ цэнэгүй зүйлээр) хоёр том пицца авсандаа сэтгэл хангалуун байгаагаа блогтоо бичиж байв.

Гэтэл түүний зарцуулсан биткоин өнөөдөр $113 саяын үнэ хүрээд байна. Тухайн үед нэг пицца $25 үнэтэй байжээ.

Сүүлд судлаачдын тооцоолсноор 3.79 сая орчим тооны биткоин ийм замаар дахин эргэж олдохгүйгээр хаягдаад байгаа гэнэ. Өнөөдрийн үнэ ханшаар энэ нь $43 тэрбумын хөрөнгө юм. 2017 оны дунд үеийн байдлаар дэлхий дээр нийт 16,381,204 ширхэг биткоин идэвхтэй эргэлдэж байгааг тогтоожээ.

Цаана нь 5 сая орчим биткоин олборлогдоогүй үлдээд байгаа юм.

 

Эх сурвалж: Independent