Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баасанням: АТГ хандив аваагүй

Г.Номин-Эрдэнэ
2017 оны 12 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Өдрийн сонин”-ы 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 253 дугаарт ярилцлага өгөхдөө Авлигатай тэмцэх газар хандив авдаг талаар ярьжээ. Энэ асуудлаар тодруулж, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцав.

-Авлигатай тэмцэх газар хандив авдаг талаар Г.Баасан хэвлэлд ярилцлага өгчээ. Та бол тус байгууллагын ерөнхий менежер. Энэ талаар үнэн бодит мэдээллийг өгөөч?

-Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан сонинд ярилцлага өгөхдөө “Би Шилэн дансыг сайтар шалгаж үзсэн анхаарал татсан зүйлүүд байна. Эхний жишээ нь гэхэд Авлигатай тэмцэх газар хандив авдаг юм байна. Авлигатай тэмцэх газар хандив авч болдог эсэх талаар энэ чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтэн, эрдэмтдээс асууж, тодруулсан. Гэтэл ийм зүйл байж болохгүй талаар хэлсэн. Гэтэл манай Авлигатай тэмцэх газар 2015 онд 89 сая, 2016 онд 96 сая, энэ онд 105 сая төгрөгийн хандив тус тус авчээ. Ямар учир шалтгаанаар, хэнээс авсан тухай нь үнэндээ алга’’ гэж ярьжээ.

Үнэн бодит мэдээлэл гэвэл Авлигатай тэмцэх газар хандив огт авдаггүй. Байгуулагдан ажилласан түүхэндээ бусдаас нэг ч төгрөгийн хандив авч байгаагүй. Ярилцлагад дурдсан тоонууд нь хандивын орлого биш. Харин Авлигатай тэмцэх газар болон Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны байгууллагын чадавхыг хөгжүүлэх сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, хяналт шалгалтыг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн буцалтгүй тусламжийн орлого юм.

Энэ төслийн санхүүжилтийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгосон бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулсан гэрээний дагуу гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа нь хэрэгжиж дууссан. Төслийн хүрээнд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн системийн програм хангамжийн сайжруулалтын ажлыг хийсэн.

Монгол Улсын 2016-2017 оны Төсвийн тухай хуулиудад Авлигатай тэмцэх газрын төсвийн ерөнхийлөн захирагчийн гадаад тусламжийн орлогоос санхүүжих дүнг 2016 онд 96.8 сая төгрөг, 2017 онд 105.8 сая төгрөгөөр тус тус баталсан. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем сайт руу орж Монгол Улсын Төсвийн тухай хуулиудаас Авлигатай тэмцэх газрын сүүлийн хоёр жилд батлагдсан төсвөөс үүнийг харах боломжтой.

-Тэгээд яагаад хандив авсан гэж мэдээлсэн юм бол? Буцалтгүй тусламжийн орлого, хандив хоёр нь тэс өөр ойлголт биз дээ?

-Уг нь өөр ойлголт л доо. Шилэн дансны тухай хуульд шилэн дансны мэдээллийг байршуулахдаа уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.5-т “хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт” гэж заасан байгаа. Хандив нь ч, тусламж нь ч, төслийн санхүүжилт нь ч нэг ангиллаар, нэг баганад бичигдэх ёстой юм. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нь ийм юм.

Энэ дагуу Авлигатай тэмцэх газар Шилэн дансны нэгдсэн сайтын Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт тайлан хандив, тусламжийн орлого, зарцуулалт ангилалд мэдээллээ байршуулсан. “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, хяналт шалгалтыг бэхжүүлэх төсөл"-ийн санхүүжилт нь Санхүүгийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусламжийн эх үүсвэрээс санхүүжих ангилалд тусгагдсан юм. Үүнийг хандив авчээ гэж ташаарсан бололтой.

-Авлигатай тэмцэх газар яагаад зочны зардал гаргадаг юм бэ? 2015 онд томилолт, зочны зардал 156 сая төгрөг гарсан байна гэж Г.Баасан ярьсан.

-Сангийн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан зардлын Эдийн засгийн ангилалд Гадаад албан томилолт, Дотоод албан томилолт, Зочин төлөөлөгч хүлээн авах зардлын бүлгийн нэрийг “Томилолт, зочны зардал” гэж баталсан байна. 2015 онд дотоод албан томилолтын зардалд 77.3 сая төгрөг, гадаад албан томилолтын зардалд 44.6 сая төгрөг, зочин хүлээн авах зардалд 6 сая төгрөг, нийт томилолт, зочны зардалд 127.9 сая төгрөг гарсан байгаа. Зочин хүлээн авах зардал нь гадаад зочин төлөөлөгчдийг хүлээн авсан гадаад харилцааны хамтын ажиллагааны зардал байдаг.

2015 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг манайх зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгад нэгдсэн 31 орны төлөөлөгчид, ажиглагч орон болон тус санаачилгын Зөвлөх хорооны гишүүд оролцсон. Энэ уулзалт, семинарын хүрээнд 6.0 сая төгрөг зарцуулагдсан. 2015 онд зочин хүлээн авах зардалд 156.0 сая төгрөг зарцуулагдаагүй.

-Танай байгууллагын төсөв, санхүүгийн мэдээлэл хаалттай, эсвэл тийм ойлгомжгүй байдаг юм уу?

-Манай байгууллагын төсөв санхүүгийн мэдээлэл хуулийн дагуу нээлттэй, хүссэн иргэн хүссэн цагтаа шилэн дансны мэдээллийг үзэж танилцах боломжтой. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хянагддагаас бусад төсөв санхүүгийн мэдээлэл үргэлж нээлттэй. Хэрвээ ойлгомжгүй зүйл гарвал бидэнд хандаж тодруулж, дэлгэрүүлж асуухад чөлөөтэй. Бид хариу өгөхөд хэзээд бэлэн.

Авлигатай тэмцэх газар Шилэн дансны тухай хууль, шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмын дагуу Шилэн дансны нэгдсэн сайтад болон байгууллагын сайтын ил тод хэсэгт төслийн холбогдох бүх мэдээллийг хуулийн хугацаанд тогтмол байршуулж ажилладаг. Төслийн батлагдсан төсөв, сарын мэдээ, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш зарлагын гүйлгээнүүдийг хавсралтын хамт тус тус байгууллагын сайтад байршуулсан байгаа.

Манай байгууллагын www.iaac.mn цахим хуудасны Ил тод байдал цэс, Шилэн дансны нэгдсэн https://www.shilendans.gov.mn/ цахим хуудсаар нэвтэрч Авлигатай тэмцэх газрын төсөв санхүүгийн мэдээллийг үзэж танилцаж болно.

Цаашид Авлигатай тэмцэх газартай холбоотой аливаа мэдээллийг олон нийтэд мэдээлэхийн өмнө холбогдох тайлбарыг биднээс авч, ойлгомжгүй байгаа бол асууж тодруулан, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж байхыг Олон нийтийн зөвлөлөөсөө ахин хүсье.

Зураг