Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өлсгөлөн зарлах нь ХАРИУЦЛАГААС БУЛТАХ арга болсон уу?

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр гэгч 2017 оны 10 дугаар сарын 16-наас эхлэн хэдэн хоног Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарласныг бүгд санаж байгаа. Тэрбээр өөрийгөө “орчин цагийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон” хэмээн зарласан. Иргэн Б.Батдэлгэрийн өлсгөлөн зарласан шалтгаантай холбоотой асуудал маргааш буюу 12 дугаар сарын 5-ны өдөр шүүхээр шийдэгдэх юм байна.

Тэрбээр “Надад хилсээр чанга дэглэмтэй хорих ангид 7-8 жил хорих ял өгөх гэж байна” хэмээн мэдэгдсэн. Үнэндээ бол тэр батлагдсан зураг төслийг зөрчиж цахилгааны ажлыг оромдсон хэрэгтээ Эрүүгийн хуулийн 20.13-д заасны дагуу шалгагдсан нь үнэн. Сэтгэлгүй хийсэн ажлыг нь өөр компаниар шинээр хийлгэх гэж олон арван сая төгрөгний зардал, цаг хугацаа, хөдөлмөр орсон нь ч үнэн.

Гэвч цаг хугацааны хувьд Өршөөлийн хуульд хамрагдаж, ял шийтгэлгүй болох нөхцөл үүссэн аж. Б.Батдэлгэр Өршөөлийн хуулийн заалтаар ялаас мултарна гэдгээ анхнаасаа мэдэж байсан хэрнээ өөрийгөө өрөвдүүлж, шүүхэд олон нийтийн дарамтыг тулгах зорилгоор хэлмэгдэж байгаа хүний дүрд тоглож байхыг үгүйсгэхгүй. 

Өлсгөлөнгийн бодит учир шалтгааныг маргааш болох шүүх хурлын шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого гэж хардах үндэслэлтэй юм. Учир нь сүүлийн үед олон нийтийн нэрийг барьж өлсгөлөн зарлах, хэвлэлийн хурал хийх этгээдүүд олширсон билээ.

Б.Батдэлгэрийн яриад байгаа асуудал нь олон нийтэд хандаж,  сүр бадраах зүйл огтхон ч биш бөгөөд хоёр байгууллагын хоорондын гэрээний маргаан л аж. Б.Батдэлгэр шударга шүүхийн өмнө өөрийн буруугүйг нотлох баримтын хомсдолд орж, буруутайгаа ухамсарлахын хэрээр шүүхээс оноох нөхөн төлбөрөөс зайлсхийх боломж гарч магад хэмээн сэтгэж ийн өлсгөлөн зарласан байх магадлалтай. Монголд шүүхээр шийтгэгдэх болоод ирэхээр гэмтнүүд бүгд “хэлмэгдлээ” хэмээн чарладаг заншил тогтсон болохоор иргэд болоод хуулийн ажилтнууд дунд итгэх хүн огт гарсангүй. Харин учир мэдэхгүй улс төрчид, ядарсан хүнд тус болж байгаа дүр эсгэн сонгогчдоосоо оноо татах зорилгоор асуудалд хошуу дүрсэн ч явуургүйг мэдмэгц тэр даруй зайгаа авсан бололтой.

Тэрбээр УИХ-ын зарим гишүүд болоод бусад албаны хүмүүс рүү хандсанд эхлээд сонссон ч уг хэргийг шүүхээр шийдэгдэх шатандаа явааг сонсмогцоо холдсон байна. Монгол Улсад үнэнийг гагцхүү шүүх тогтооно гэсэн хуулийн засаглалын зарчмыг Б.Батдэлгэр хүлээн зөвшөөрч чадахгүйдээ шүүхийн шийдвэрт нөлөөлчих санаа агуулан өлсөх, гүжирдэх, өөрийгөө өрөвдүүлэхийг оролдох зэргээр элдвээр аягласаар л явна.

Үнэн хэрэгтээ Бүрэн цутгамал ХХК-ийнхаа дансаар 1 тэрбум 200 сая төгрөг авчихаад ажлаа гүйцэд хийлгүй, гэрээгээ цуцалж байгаагаа албан бичгээр өгчихөөд, барилгын ажлаа хаяж явсан байна.

Б.Батдэлгэрийн орхиж явсан ажлыг шүүх шинжээчээр үнэлгээ хийлгэхэд “нийтдээ 981 сая төгрөгийн ажил хийгдсэн” болох нь тогтоогдсон аж. Энэ нь Бүрэн цутгамал компанийн гаргасан бүх зардал, ажиллагсдын цалин, бараа материал болоод компанийн өөрийнх нь ашгийг нь хүртэл оруулсан тооцоо юм байна.

Монгол Улс 1992 оноос хуулийн засаглалд шилжсэн. Төрийн болон аж ахуйн нэгж иргэдийн хооронд үүссэн бүх маргааныг шүүхээр хэлэлцэн, зөв бурууг тогтоодог болоод удаж байна. Гэтэл Б.Батдэлгэр өөрийн охорхон бодлоор асуудлыг улс төржүүлэх, олон нийтийг шуугиулах байдлаар шийдэхийг оролдож байгаа нь харамсалтай. 

Хэрвээ өлсгөлөн зарлаад л зөв, бурууг шийддэг бол хууль шүүхийн хэрэг байна уу? Харилцан өлсгөлөн зарлаад хэн нь удаан тэссэн нь зөвддөг болчихмоор юм даа.