Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэмүүлэн: Органик, эко гэдэг үг бүтээгдэхүүний брэнд, шошго байх ёстой

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 12 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг урилаа.

Блиц

Төгссөн сургууль, мэргэжил

2001-2003 онд АНУ-ын American university сургуулийг Олон улсын харилцааны бакалавр,

2004-2005 онд АНУ-ын American university сургуулийг Олон улсын  Удирдлагын магистр.

Эрдмийн зэрэг, цол

Олон улсын харилцааны бакалавр, Удирдлагын магистр.

Ажилласан байдал

2006 онд АМГТГ-ын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн

2007 онд АМГТГ-ын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн

2008-2009 онд АМГТГ-ын Гэрээлэлтийн хэлтэст хэлтсийн дарга

2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-нд дэд захирал

2013-2015 онд “Оюу толгой” ХХК-нд ТУЗ-ийн  гишүүн

2014-2015 онд Уул Уурхайн дэд сайд

2015 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч

2015 оноос МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

Гадаад хэл- Англи, Орос

МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД  ҮНЭ ЦЭНЭГҮЙДСЭН

-Чөлөөт зах зээл, ардчиллын замаар замнаад 27 жилийг өнгөрөөлөө. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, оноогоо дүгнээд цаашдын 20-30 жилийн хөгжлийн шийдэл юу байх ёстой. Яавал алдаагаа давтахгүй, ололт амжилтаа баталгаажуулах вэ гэдэгт анхаарах цаг болжээ. Хууль эрхзүй, эдийн засаг болон  улс төр, нийгмийн соёл хандлага талаасаа нэлээдгүй өөрчлөлт хийх шаардлагатай. Эрхзүйн орчин талаасаа Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна.

Үндсэн хуулийн  өөрчлөлтийн суурь зарчим нь засаглал хоорондын харилцаа, эрх мэдлийн хуваарилалтыг цэгцлэх, гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх зэргээр засаглалын төвшинд өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж байна. Ялангуяа нэг нам олонх байгаа үед улстөржиж, намчирхахгүйгээр асуудалд хандаж, эрс шийдэмгий шинэчлэл өөрчлөлт хийх хэрэгтэй. Өөрчлөлтийг ирэх онд багтаах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.

Эдийн засгийн бүтэц талаасаа аваад үзэхэд 20 гаруй жилийн хугацаанд хөгжсөн дэвшсэн зүйл байгаа ч бидний хүсэж, зорьсон хэмжээнд хүрсэнгүй. Энэ хугацаанд голдуу уул уурхайн хөгжлийг ярилаа. Гэтэл энэ салбар  хөгжсөнгүй. Уул уурхайтай холбоотой бүх төсөл хөтөлбөрийг Их хурлаар хэлэлцүүлэх зарчимтай. Улс орны дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлөх хэмжээ, стратегийн орд газраас хамаараад хэлэлцээд явж байна.

Энэ жишиг зөв эсэхийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд харах шаардлагатай. Уул уурхай хөгжиж байгаа мэт боловч УИХ-аар хэлэлцэж баталсан Оюутолгой гэсэн ганц төсөл байна.  2009 онд баталсан энэ гэрээ өнгөрсөн хугацаанд  хамгийн их улстөржилт, шүүмжлэлтэй нүүр туллаа. Өөрөөр хэлбэл, 27 жилийн хугацаанд ганц төсөлтэй л зууралдсан байна.

Улстөржихгүйгээр цэвэр эдийн засаг, бизнес өнцөг талаас нь харах ёстой байтал УИХ-ын 76 гишүүний дунд ард нийтээр хэлэлцэх нь хэр зөв бэ? Улс орны хөгжлийн чөдөр тушаа болж байгаа олон асуудалд мэргэжлийн хүмүүсийн санал, санаачилга дутаж байна. Мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагууд  үнэ цэнэгүйдсэн. Урьд нь салбар бүрийн дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд, тухайн бодлогыг практикт нэвтрүүлэх мэргэжлийн сургууль, институциуд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээр ажиллаж байсан. Эрхзүйн тогтолцоо, засаглалын хуваарилалт талаасаа эрх мэдэл, хариуцлага гэсэн жишгээр хэм хэмжээг тогтоож өгөх хэрэгтэй.

БҮХ САЛБАРТ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ГАРЦ ШИЙДЭЛ БАЙХ БОЛНО

-Эдийн засгийг солонгоруулах, олон суурьтай болгох нь өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа хамгийн том асуудал. Уул уурхайн салбар хэдий хангалттай хөгжөөгүй ч улсын эдийн засгийн дийлэнх хувийг эзэлсээр байна. Экспортын бүтээгдэхүүний 80 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа төдийгүй боловсруулалтгүй түүхийгээр нь гаргаж байна. Ер нь уул уурхай ч гэлтгүй бүх салбарт боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх нь улсын эдийн засгийн гарц шийдэл байх болно.

Боловсруулах үйлдвэр гэхээр нөгөө л Сайншанд, аж үйлдвэрийн том жижиг парк мэтээр олон тэрбум ам.долларын төслөөр төсөөлөөд бүтэхгүй. Эдийн засгийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Эргээд сум, багийн түвшинд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, анхан шатны боловсруулалтаа хийх. Харин аймагтаа дунд шатны боловсруулалтаа хийж төвлөрсөн хот суурин газраа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат руу орох ёстой.

ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГААР ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮН АМЫН ХҮНСНИЙ БОДЛОГЫН ЗӨВ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, хүнсний хэрэгцээ шаардлагад нийцсэн хөдөө аж ахуйн бодлогод суурилсан зөв тогтолцоог гаргаж ирж байж хөгжинө. Улс орны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн түвшинг дээшлүүлэх, олон тулгуурт эдийн засгийн эх үндэс  болсон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг байнгын эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгж малаас гарах ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал юм.

Товчхондоо, эдийн засгийн зорилго, чиглэлтэйгээр хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Дэлхийн хүнсний хамгийн том хэрэглэгч БНХАУ гэхэд 2015 онд 60 сая толгой үхрийн мах хэрэглэж байсан бол 2017 онд 90 сая үхэр хэрэглэдэг боллоо. Дахиад хоёр жилийн дараа хэрэглээ 100 сая хол давах болно. Өнгөрсөн жил Бээжинд зохиогдсон “Дэлхийн мах экспортлогч, импортлогчдын олон улсын экспо”-д оролцож байхад Австрали, Аргентин, Бразил, Испани, Португал зэрэг хүнсний зах зээлд голлох байр суурь эзэлдэг улс орнууд махны импортын квотоо нэмэгдүүлэхээр бидний өмнө байгаа асар том зах зээлийн төлөө өрсөлдөж байна. 

Тэдний зүгээс нийлүүлэх мах нь хүнсний аюулгүй байдал, түүхий эдийн чанар, стандарт шаардлагыг хэрхэн хангаснаа техник технологийн дэвшилтэй хослуулан баталгаажуулж байна. Гэтэл манай улсын  мал аж ахуйн салбар  уналтад орж хувийн хэвшил болон малчдын нуруунд зөнгөөрөө явдаг, хөгждөг салбар болжээ. Өнөөгийн амиа аргацаасан, нэгдсэн зохион байгуулалт муутай, бодлогогүйгээр мал аж ахуйн салбарын хөгжлийг тодорхойлох боломжгүй.

Цаашид энэ салбарын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг шинэчилж байж олон улсын шаардлага, стандартад нийцсэн малын махыг гадагш экспортлох боломжтой болно. Хэрэв мал, малын гаралтай түүхий эдээ гадаад зах зээлд нийлүүлэх болон эдийн засгийн энэ боломжийг бодитоор ашиглая  гэвэл малын эрүүл мэнд, ашиг шим дээшлүүлэх цаашлаад хүнсний аюулгүй байдлын үүднээс эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын баталгааг хангах, монгол мал эрүүл гэдгийг баталгаажуулах тогтолцоо хэрэгтэй. Хүн болон хүнс эрүүл байна гэдэг улс орны үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал асуудал учраас төрийн бодлого, тогтолцоо зайлшгүй байх ёстой.

УИХ-аар хэлэлцэж байгаа Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд малыг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай болгох, нэгдсэн бүртгэлд хамруулах, ээмэгжүүлэх, мөн малын үүлдэр угсааг сайжруулах, мал эмнэлэг болоод үржлийн газруудад төрийн босоо тогтолцоотой болгохыг чухалчилж байгаа юм. Үүнээс гадна малчны үүрэг, хариуцлагыг өндөржүүлнэ.

Мал эмнэлэг, үржлийн босоо тогтолцоог бий болгож, сум бүрт байгуулах шаардлагатай. Боловсон хүчнээ системтэйгээр бэлтгэх хэрэгтэй. 330 суманд дүйцүүлж үзэхэд манайд  70 орчим Мал эмнэлэг үржлийн нэгж байгаагаас мэргэжлийн үржил селекцийн ажлыг лабораторийн хэмжээнд хийдэг нь 20-иодхон байгаа нь малын үржил селекцийн бодлого алдагдсаны илрэл. Болж өгвөл баг бүр малын эмч, малзүйчтэй болмоор байна.

Малын эрүүл мэнд, ашиг шимийг дээшлүүлэхээс гадна мал аж ахуй хөгжлийн үндэс болсон бэлчээрийн асуудлыг шийдэх шаардлага тулгарсан. Бэлчээрийн төлөв байдалд нийцүүлж малын тоог биш, чанарыг чухалчилж үзэх ёстой.  1990 он хүртэл манай улс мал аж ахуйн салбартаа онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, малын тоо толгойг дээд тал нь 25 сая хүргэж 40 хувь нь таваарлаг мал буюу үхэр байна гэх бодлогоор өсгөсөн.

Үхэр сүргээр тооцоход 1 кв.км талбайд ногдох малын тоо толгой 150-200 бод байна гэдэг ч юм уу. Мөн бог, бод малыг тусад нь суурилж бэлчээрлүүлдэг байлаа. Гэтэл өнөөдөр  малын тоо толгой гурав дахин нэмэгдэж  сүргийн 40 хувийг ямаа эзэлдэг боллоо. Өөрөөр хэлбэл, илүү ухаалаг МАА-г хөгжүүлэх бодлого баримтлахгүй бол хоноцын сэтгэлгээгээр бэлчээртээ, шинжлэх ухаанч бусаар хөдөө аж ахуйн салбартаа хандаж болохгүй болжээ гэдгийг л онцолмоор байна.

МАЛЫГ ҮҮЛДЭР УГСАА, ГАРАЛ ҮҮСЭЛ, АШИГ ШИМЭЭР НЬ ТӨРӨЛЖҮҮЛЖ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ ЁСТОЙ

-Малчдаа бүртгэж, малыг бүртгэх асуудал орхигдсон. Малчин болон малын А дансны бүртгэлд суурилсан малын бүртгэл, эрүүл мэндийн үйлчилгээ, хяналтын тогтолцоо нь стандарт, олон улсын зах зээлийн шаардлагыг бүрэн хангахгүйгээс гадна наад тал нь дотоодын хэрэглэгч, махны үйлдвэр болон захиргааны байгууллагын гарал үүслийг мөшгөх шаардлагыг хангахгүй байна.

Малын Генетик нөөц болон Эрүүл мэндийн хуулийн төслийн хүрээнд эхний ээлжинд үржлийн болон таваарын малаа бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ тухайн малын үүлдэр угсаа, гарал үүсэл, ашиг шим, эрүүл мэнд, газар зүйн заалт, бэлчээрийн төлөв байдлаар нь төрөлжүүлж бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэхээс гадна гарал үүслийг мөшгөх тогтолцоог бий болгох ёстой.

Дээрээс нь мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах бүртгэлдээ бэлчээрийн төлөв байдлын судалгааг нэгтгэснээр тухайн малын газар зүйн гарал үүслээс гадна, идэж ууж байсан өвс ургамал нь хүртэл тодорхой болно. Цаашид аж ахуйн нэгж байгууллага, махны үйлдвэрүүд, хүнсний зах болон хэрэглэгч нар эрүүл ахуй, чанарын стандартад нийцсэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авья гэвэл зөвхөн ээмэгтэй, бүртгэлтэй малыг зах зээлээс худал­дан авдаг болох юм.

Энэ бүртгэлжүүлэлт, ээмэгжүүлэлтийн үр дүнд мал, амьтны бүртгэл, тэдний эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөнийг бодит цаг хугацаагаар хянах юм. Эцэст нь мах, махан бүтээгдэхүүнийг гарал үүсэл, эрүүл мэндийн баталгаатайгаар эцсийн хэрэглэгчдэд хүргэнэ. Эцсийн хэрэглэгч гар утасны зөвхөн энгийн аппликейшин ашиглан тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн мэдээллийг нарийвчлалтайгаар авах боломжтой болж байна.

Нөгөө талдаа бүртгэл мэдээллийн сангаар дамжуулж газар зүйн заалт болон тухайн мал, малын гаралтай бүтээгдэхүүний бусад онцгой давуу талд суурилсан брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж бүрдэнэ. Бүртгэлтэй, ээмэгтэй малыг даатгах, барьцаалах нь илүү баталгаатай учир малчид зээл, урамшуулалд хамрагдах, төрийн бодлого хөтөлбөрийг зөв тоо, толгойд суурилж хэрэгжүүлэхэд амар болно.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД БОГИНО ХУГАЦААНД ОРДОГ ТАВААРЛАГ МАЛ  БОЛ ҮХЭР

-Монгол Улс 60 сая малтай байж болно. Гэхдээ нэг малаас хэдэн кг мах, сүү, ноос ноолуур, хэд дүгээр зэрэглэл, сортын түүхий эд, бүтээгдэхүүн гаргаж байна, хүнсэнд, эдийн засгийн эргэлтэд жил болгон хэдий хэмжээний мал нийлүүлж байна вэ гэдэг чухал. Малын тоо нэмэгдэж байна гэдэгт баярлахаас илүүтэй үүлдэр угсааг сайжруулах, үржил селекцийн ажлыг мэргэжлийн түвшинд хийх, хяналт хариуцлагыг сайжруулах цаг болсон. Мөн сүргийн бүтцэд илүү анхаарах, эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй, таваарлаг малаа түлхүү хөгжүүлэх, хүнсэнд болон эргэлтэд богино хуга­цаанд ороход тухайн малын тоо толгойд сөргөөр нөлөөлөхгүй байлгах үржлийн бодлогыг  барих хэрэгтэй.

Өнөөдөр сүргийн бүтэц алдагдсанаас 60 сая малын 53 сая нь бог мал болсон. Тэр хэрээр чанаргүй мал өсөж, мянгат малчин олширч байна. Гэтэл дэлхий дээрх хамгийн таваарлаг мал болох үхэр сүргийн, тэр дундаа дэлхийн 1.2 тэрбум үхрийн дөрөвхөн сая нь л  манайд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй.

Өнөөгийн хэрэгцээнд нийцүүлж өөрсдийн онцлог, давуу талд суурилсан брэнд болгох боломжтой бүтээгдэхүүнээ судалж гаргаж ирье. Тухайлбал, хөдөө аж ахуйн чиглэлээр хүн амын массын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж дэлхийд өрсөлдөж амжилт олоход хэцүү. Учир нь биднээс илүү хөгжсөн улс орны эрчимжсэн суурин маллагаатай, фермерийн аж ахуйд махны чиглэлийн үхэр гэхэд бяруундаа 400-с дээш кг татаж байна, сүүний үнээ нь жилдээ 10,000 литр сүү гаргаж байна.

Харин байгалийн гаралтай органик, цэвэр бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ хүн амын өндөр орлого, хөгжингүй улс орнуудад огцом нэмэгдэж байна. Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр өсөлттэй, ирээдүйтэй зах зээлийг дэлхий нийтээрээ органик бүтээгдэхүүний зорилтот зах зээл гэж хүлээн зөвшөөрч байна. Тухайн массаар үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж эхэлж байна. Энгийн эрчимжсэн мал аж ахуйн мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ болон органик бүтээгдэхүүний үнийн зөрөө ойролцоогоор 1.7-2 дахин их байна.

Дэлхийн органик бүтээгдэхүүний өндөр үнэтэй зорилтот зах зээл 2017 онд гэхэд 80 тэрбум ам.доллараар эргэлдлээ. Өнөөдөр зөвхөн урд хөршид гэхэд дөрвөн  тэрбум ам.долларт хүрээд байна.  Тэгэхээр манай улсын хувьд органик бүтээгдэхүүний өндөр үнэтэй зорилтот зах зээлд бид тэргүүлэх байр суурь эзлэх бүрэн боломжтой. Энэ зах зээлд гарахад тэжээл нь органик байх, ашиглаж байгаа бэлчээрийн хил, зааг тодорхой байх, малын тоо бэлчээрийн даацад нийцэх ёстой. Органик бүтээгдэхүүний өндөр үнэтэй энэ том орон зай, зах зээлд нийцүүлж өнөөгийн хөдөө аж ахуйгаа хөгжүүлцгээе. Органик, эко гэдэг үг монголоос гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үндсэн брэнд, шошго байх ёстой.

Харин хөдөө аж ахуйгаа энэ зорилтот зах зээлд гаргахад шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны салбарын оролцоо юу юунаас чухал байна. Ер нь аль ч салбарын хөгжлийг шинжлэх ухаангүйгээр төсөөлөх боломжгүй. Олон улсын практик, сайн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлж байж  хөгжинө.

Зураг