Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага нэмэгдэж байгаа нь илрүүлэлттэй холбоотой"

О.Эрдэнэ
2017 оны 12 сарын 4
Үндэсний шуудан
 

Сүүлийн өдрүүдэд төрсөн эцэг нь охиноо хүчирхийлсэн, хойд эцэгтээ хүчирхийлүүлж зодуулснаас болж гэрээ орхисон зэрэг сэтгэл сэртхийлгэсэн мэдээ цөөнгүй дуулдах болсон. Нийгэмд гарсан жигшүүрт хэргүүдээс үзэхэд хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгмийн асуудал болсныг өнгөрсөн өдрүүд харууллаа.

Хүчирхийллийн эсрэг нийгэм даяараа анхаарал хандуулж буй энэ үед хүүхдийн төлөө хамгийн moд дуугарах байгууллага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар юу хийж байна вэ гэдгийг тодруулахаар Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяатай ярилцлаа.

-Цагдаагийн ерөнхий газраас саяхан гаргасан мэдээллийг харлаа. 2017 оны эхний есөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 288 бүртгэгдсэний 135 нь хүүхэд байна гэсэн байна. Мөн энэ тоог өмнөх онтой харьцуулахад 23.9 хувиар өссөн үзүүлэлт гэж тайлбарласан. Энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгаад мэргэжлийн байгууллагын зүгээс ямар анализ хийж байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр 2017 оны эхний есдүгээр сарын байдлаар 288 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэний хүүхэд хохирсон нь 135 тохиолдол юм. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 26 хэргээр буюу 23.9 хувиар өссөн гэсэн дүн мэдээ гарсан. Үүнийг бид харахдаа хэргийн илрүүлэлт сайжирсан гэж харж байгаа. Гэхдээ энэ зөвхөн ил мэдэгдээд байгаа нь гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүний цаана илрээгүй тохиолдлууд ч бий.

ГБХЗХГ-аас Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулсны үр дүнд илрүүлэлт сайжирч байгаа гэж ойлгож болно.

-Үүний цаана илрээгүй, мэдэгдээгүй цөөнгүй тохиолдол байгаа гэдгийг онцоллоо. Хүчирхийллийн гэмт хэргүүд дотроос ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг хамгийн нуугдмал, далд хэлбэрт оршиж байгаа гэдгийг энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд бүгд хэлж байсан. Үүнийг илрүүлэх тал дээр зорьсон, төлөвлөсөн ажлууд юу байна вэ?

-Нэн тэргүүнд нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхээр зорьж байна. Мөн хорооны хэсгийн ахлагчидтай хамтарч ажиллана. Тэд хэнийх ямар амьдралтай, хэдэн хүүхэдтэй, аав, ээж нь ямар ажил хийдэг, архины хамааралтай юу, эмээ өвөөтэйгөө амьдардаг уу гээд бүгдийг мэддэг. Бид цаашид хэсгийн ахлагч нартай гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх ажил дээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна. 12-17 мянган хүн амтай хороонд нэг л цагдаа ажиллаж байгаа явдал бий.

Яаж ч мэрийгээд хүчрэхгүй шүү дээ. Тиймээс л бид хэсгийн ахлагчдыг татан оролцуулах гээд байгаа юм. Үүнээс гадна бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хэргийг хуулийн шатанд үнэн зөв шийдвэрлүүлэх, бие махбодод учирсан гэм хороос гадна сэтгэл зүйд учирсан гэм хорыг шүүхээр тооцуулдаг практикийг бий болгох ёстой.

Ялангуяа ураг төрлийн бэлгийн хүчирхийллийн хохирогчдын ар тал эцэг эх, асран хамгаалагч давхар дарамтад орж, хэргээс татгалзах тохиолдлууд байдаг. Иймд хэд хэдэн төрлийн бэлгийн хүчирхийллийн хэргийг сонгон авч стратегийн өмгөөлөл хийж, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулахад анхааран ажиллана.

-2017 он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэчнээн дуудлага ирсэн бэ?

-Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагын 10 орчим хувийг сургуулийн орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил эзэлж байна. Үүнийг тодруулбал, багшийн зүгээс бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлэх, үе тэнгийнхний хүчирхийлэл дарамт, цахим орчны дарамт, хүчирхийлэл эзэлж байна. 2017 он гарсаар бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 157 дуудлага ирсэн байгаа. Үүнээс 122-ыг нь хяналтад буюу цагдаагийн газарт шилжүүлсэн. Сүүлийн үед нийгэмд гарч байгаа кейсүүдээс үүдэн дуудлага нэмэгдэж байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг өргөжүүлж, Засгийн газрын тогтоолоор төв болгон үйл ажиллагааг өргөжүүлсэн. Өмнө нь дуудлага авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг байсан бол одоо эрсдэлт нөхцөлд очиж, яаралтай тусламж үзүүлдэг болсон. Мөн дэргэдээ түр хамгаалах байртай болсон. Хүүхдийг түр хамгаалах байранд 72 цагаас долоо хоног байрлуулж, үйлчилгээ үзүүлэх боломжтой. Одоогийн байдлаар түр хамгаалах байраар 250 хүүхэд үйлчлүүлсэн байна.

-108 утсанд хандаж буй хүүхдүүдийн 20 хувь нь зорилтот бүлгийнхэн гэлээ. Үлдсэн хүүхдүүд ямар асуудлаар ихэвчлэн хандаж байна вэ?

-Үлдсэн буюу 80 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авах гэж ханддаг. Тэр дундаа өсвөр насныхан илүү их хандаж, нөхөн үржихүйн боловсрол, үерхэл нөхөрлөлөөс үүдсэн сэтгэл гутрал, найзтайгаа хэрхэн эвлэрэх вэ гэсэн сэдвээр ханддаг. Мөн цахим орчны хэрэглээнээс үүдэлтэй асуудлаар ханддаг. Хандаж буй хүүхдүүдийн ихэнх нь эцэг эхтэйгээ ярилцаж чадахгүй байгаа сэдвийнхээ талаар зөвлөгөө авч байна. Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй байгаа орон зайг 108 утас нөхөж өгч байна гэсэн үг.

Манай байгууллагын хувьд "Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын таван жилийн аяныг эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцах эерэг хүмүүжлийн аргыг “Хүүхэд бүрт” нэртэй аппликейшн болгон гаргасан. Энэ аппликейшнд 6-12, 13-15 настай хүүхдүүдтэй ямар асуудлаар, ямар түвшинд, яаж ярилцах юм бэ, хүүхэд нь зөрүүдлээд байвал яах юм бэ гэдэг зөвлөгөөг маш дэлгэрэнгүй өгсөн.

-Түр хамгаалах байрт байгаа хүүхдийг гэр бүлийн орчинд нь буцаахдаа ямар дүгнэлт хийж, ямар шалгуур хангасан тохиолдолд буцаадаг вэ?

-Цагдаагийн албан хаагчийн дүгнэсэн аюулын зэргийн үнэлгээ өндөр, нийгмийн ажилтны зүгээс эрсдэлийн үнэлгээ өндөр тохиолдолд хүүхдийг түр хамгаалах байранд авчирч үйлчилгээ үзүүлдэг. Үүний дараагаар тухайн хүүхэд харьяалагдаж буй дүүрэг, хороотой холбогдож, хамтарсан багтай хамтран гэр бүлтэй нь ажилладаг.

Хамтарсан багийг Засаг дарга ахалж, бүрэлдэхүүнд өрхийн эмч, цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан, хөгжлийн нийгмийн ажилтан мөн энэ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл ордог.

Тухайн хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараагаар, боловсролын түвшингийн үнэлгээ хийдэг. Хүүхэд гэр бүлдээ эргэн нэгдэх боломжтой бол мөн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, гэр бүлд нь эргэн нэгтгэдэг. Энэ хугацаанд асрамжийн газарт өгөх, ар гэрийнх нь амьдрах орчныг сайжруулах зэрэг ажлыг гүйцэтгэдэг.

-Хүүхэд хүчирхийллийн орчиндоо эргэн очих үгүйг хамтарсан баг шийднэ гэлээ. Тэгвэл хамтарсан баг үүнд хангалттай бэлтгэгдэж чадсан уу?

-Манай агентлагийн хувьд 2017 оныг хамтарсан багийг чадавхжуулах жил болгон зарласан байгаа. 2017 онд 330 сум, 152 хорооны 609 хамтарсан багийн 4,634 гишүүнийг чадавхжуулсан. Хамтарсан баг хүчирхийллийн хохирогчийн талаарх дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь очиж нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээг хийж, дундаас дээш эрсдэлтэй хүчирхийллийн хохирогчийг шууд тусгаарлаж, аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээг үзүүлнэ. Аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээнд нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байр, асралт гэр бүлд холбон зуучлах хэлбэрүүдтэй.

Хуулиар мөн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг тодорхой хуульчилж журамласан. Хамтарсан баг харьцангуй чадавхажсан.

-Танай байгууллагаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүүхэд нэгдүгээрт” аян эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд шийдвэрлэхийг зорьж буй ажлуудаас хуваалцвал?

-Энэ сарын 20-ноос эхлэн бууруулах “Хүүхэд нэгдүгээрт” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хүүхэд хамгааллын хуулинд үүрэг хүлээж оролцож байгаа, оролцогч талуудаа хамруулж, нийгэм эцэг, эх рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд явж байна. Үнэнийг хэлэхэд эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргахгүй, хамгаалахгүй байна.

-Нийгэмд гарч буй жигшүүрт хэргүүдийн талаар хамгийн чанга дуугарч буй нь хүүхдийн эрхийн төлөөх төрийн бус байгууллагууд байна. Хүүхэд хамгааллын ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Хүүхэд хамгааллын тухай хуулинд хариу үйлчилгээг төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ гэж заагаад өгсөн байгаа. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ гэдэг нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, нийгмийн харилцаанд дасган зохицох, гэр бүлд нь эргэн нэгтгэх олон шаттай үйл ажиллагааг хэлдэг. Хариу үйлчилгээ үзүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн төрийн бус байгууллагын материалыг одоогоор хүлээн авч дууссан.

Нийт 30 гаруй төрийн бус байгууллага магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ ирүүлээд байна. Цаашид шалгуур үзүүлэлт хангасан төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад ажиллаад явна. Ер нь хүүхэд хамгааллын асуудал бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дангаараа шийдэж чадах асуудал биш шүү дээ.

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөнд, орон нутагт эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд онгоцоор тээвэрлэнэ гэсэн. Үхэл сэхлийн ирмэгт байгаа өвчтөнөө орон нутгаас тээвэрлэж чадахгүй байгаа Монгол Улсад энэ боломжтой зүйл үү?

-2017 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хурдан морь унаад гэмтсэн хоёр хүүхдийг онгоцоор зөөвөрлөж авчирсан. Цаашид энэ асуудал гарч магадгүй гэсэн үүднээс авиа компаниудтай урьдчилан гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын зардлын тодорхой хувийг үүнд зарцуулна гэсэн тооцооллыг хийж, эрсдэлт нөхцөлийг тооцоолж, судалгааны үндсэн дээр тооцоолол гаргаж, эрүүл мэндийн болон хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг яаралтай тээвэрлэх асуудлаар хамтарч ажиллах гэж байна. Яаралтай нөхцөлд суудал олдохгүй нислэгийн захиалга дүүрсэн гэдэг асуудлыг бий болгохгүйн тулд энэхүү ажлыг хийх гэж байна.

-Саяхан болсон хэлэлцүүлгээс нийгэмд гарч буй хэргүүдийг нийгмийн асуудалтай холбон тайлбарлах бус шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, үр дүнд суурилсан хариу арга хэмжээг авах нь чухлыг онцолсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Нийгэмд гарч буй энэ хэргүүдэд насанд хүрэгчдийн нийгмийн асуудалд хэрхэн оролцохоо мэдэхгүй, зан үйлийн хувьд өөрчлөлттэй байх нь мэдээж нөлөөлж байгаа. Гэхдээ насанд хүрэгчдийг, хүүхдийг зөв мэдээллээр хангах, амьдрах зан үйлд чадавхжуулах, сургах, соён гэгээрүүлэх нь чухал. Мөн соён гэгээрүүлэх ажлын хүртээмжийг сайжруулж, давтамжтай, тасралтгүй хийх нь чухал байна.“Хүүхэд нэгдүгээр” аяны хүрээнд хийгдэх сургалт, нөлөөллийн ажлыг захын дүүргийн алслагдсан гэр хороололд хийнэ.

-Хүүхдийн хүчирхийллээс гадна цахим орчны ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл нийгмийн томоохон сэдэв болоод байна. Үүнтэй холбоотой хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярихгүй юу?

-Цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудал гарч байна. Бид цахим орчны аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаар хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сурталчилгаа, нөлөөллийн ажлыг НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсад Ази Номхон далайн 31 дүгээр “Жембори” болсон.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсон 6,000 хүүхдэд мэдээлэл өгч, цахим орчны сөрөг нөлөө, хүчирхийлэл, дарамтыг ажиглахаар судалгаа, шинжилгээний ажил хийсэн. Судалгаанд оролцсон өсвөр насныхны 70 орчим хувь нь цахим орчинд ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дарамтад өртсөн байсан. Иймд цахим орчны аюулгүй байдал, цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр олон ажил төлөвлөж байна.

Зураг