Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров: Америкчууд Хойд Солонгост довтлох далим хайж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын пуужингийн туршилт нь Вашингтоны хүсэж байсан дайн эхлүүлэх шалтаг гэж сэжиглэж байгаагаа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр сэтгүүлчдэд ярьжээ.

“АНУ-ын сүүлийн үед хэрэгжүүлж буй арга хэмжээ нь Пёньянаар ямар нэг зүйл хийлгэх гэсэн өдөөн хатгалга мэт харагдаж байна. Америкчууд санаагаа бидэнд ил тод тайлбарлах хэрэгтэй. АНУ-ын НҮБ дахь төлөөлөгчийн хэлсэнчлэн хэрвээ тэд үнэхээр Хойд Солонгост довтлох гэж байгаа бол үүнийгээ тодорхой болгож, удирдагчид нь батлах хэрэгтэй. Тэгвэл бид ямар хариу үзүүлэхээ шийдмээр байна” гэж Лавров ярьжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Есдүгээр сард Америкчууд дараагийн цэргийн сургуулилалтаа 2018 оны хавар хийх тухай мэдээлж байсан. Ингэвэл Хойд Солонгос ч ямар нэг туршилт хийлгүй амсхийх байв. Гэтэл тэд аравдугаар сард төлөвлөгдөөгүй сургуулилалт хийж эхэлсэн. Дараа нь арваннэгдүгээр сард бас. Одоо тэд арванхоёрдугаар сард том хэмжээний төлөвлөгдөөгүй сургуулилалт хийхээ зарлаад байна” гэсэн байна.

Лавровын үзэж байгаагаар Солонгосын хойг орчимд болж буй энэ олон дараалсан цэргийн ажиллагаа нь Хойд Солонгосоор ямар нэг үйлдэл хийлгэх гэсэн санаа бөгөөд үүн дээр шалтаглан Пёньянд цохилт өгөх гэж байх магадлалтай ажээ.

Хойд Солонгосын пуужингийн туршилтын дараа АНУ-ын НҮБ дахь төлөөлөгч Ники Хэли “Хойд Солонгос биднийг хүсээгүй дайн руу түлхэж байна” гэж мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Дональд Трамп ч “энэ бол бидний хариуцах хэрэг” гэж товч мэдэгдсэн нь мөн сэжиг төрүүлж байна.

Хойд Солонгосын сүүлд туршсан пуужин нь тус дэглэмийн зохион бүтээсэн хамгийн алсын тусгалтай зэвсэг болоод байгаа ба АНУ-ын эх газрын аль ч цэгт цохилт өгөх чадвартайг мэргэжилтнүүд баталж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today