Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-Их Британий харилцаанд асуудал үүсгэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Британий хэт барууны үзэлтнүүдийн тараасан исламын эсрэг агуулгатай дүрс бичлэгийг твиттер сүлжээнд хуваалцсан юм. Анти-ислам үзлийг сурталчилсан энэ бичлэгийг Трампын 43 сая твиттер дагагчийн тодорхой хэсэг нь үзсэн гэсэн үг.

Удалгүй Британий ерөнхий сайд Тереза Мэйгийн хэвлэлийн алба мэдэгдэл гаргаж, Трампын үйлдлийг шүүмжилжээ. Британий бусад улс төрчид ч Трампын жиргээг улс оронд нь аюул учруулсан алхам гэж буруутгасан байна.

Гэтэл өнөөдөр Трамп дахин твиттер хуудсандаа олны нүдэн дээр Тереза Мэй рүү хандсан хариу мэдэгдэл бичжээ. Түүний мэдэгдэлд “Тереза, надад анхаарал тавиад хэрэггүй, Их Британид үүрлээд байгаа Радикал Исламын Терроризмд анхаарлаа хандуул! Бид зүгээр!” гэсэн байна.

 

Трампын энэ хэрүүл уламжлалт онцгой дотно харилцаатай АНУ-Их Британий харилцаанд хүндрэл учруулж болзошгүй болжээ. Атлантын далайн хоёр талд оршдог гүрнүүдийн удирдагч нар дэлхийн үйл хэрэгт үргэлж амь нэгтэй явж ирсэн түүхтэй.

Уинстон Черчиль ба Фрэнклин Рузвельт, Маргарет Тэтчер ба Рональд Рейган, Тони Блэйр ба Билл Клинтоны харилцаа үүнийг баталдаг.

Дональд Трампын Их Британид хийх айлчлал хойшилсоор байгаа нь Британий олон нийтийн дундах АНУ-ын ерөнхийлөгчийн нэр хүндтэй холбоотой.

Британичууд Трампыг Хатан хааны хүндэт зочны хэмжээнд хүлээж авахыг эсэргүүцэж байгаа юм. Трамп нэг удаа өөрийнх нь талаар олон нийтийн уур амьсгал сайжирсан үед Британид зочлохоо амлаж байв.

 

Эх сурвалж: The Guardian