Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эртний бүсгүйчүүд өнөө цагийн тамирчдаас илүү гарын бядтай байсныг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд 7,000 жилийн өмнөх буюу Шинэ Чулуун зэвсгийн үеийн эмэгтэйн ясыг орчин үеийн эмэгтэйчүүдийн ястай харьцуулж судалснаа “Science Advances” сэтгүүлд нийтлүүлжээ.

Тэд ингэхдээ төв Европт эрт цагт амьдарч байсан эмэгтэйг өнөөдрийн сэлүүрт завьны тамирчин эмэгтэй болон Кэмбрижийн оюутан эмэгтэйтэй харьцуулсан байна.

Үр дүнд нь эртний эмэгтэй өнөө цагийн тамирчин эмэгтэйгээс 11-16 хувь илүү гарын чадалтай байсныг тогтоожээ. Харьцуулсан тамирчид нь Кэмбрижийн их сургуулийн сэлүүрт завьны клубын гишүүд, 20 гаруй настай, сүүлийн 7 жил хичээллэж байгаа юм байна. Мөн тэд долоо хоногт 21 цагийн дасгал хийж, дунджаар 120 км зайд завь сэлүүрддэг гэнэ.

Харин энгийн оюутан бүсгүйчүүдээс эрт цагийн эмэгтэй 30 хувь илүү гарын бядтай байсныг тогтоожээ.

Тухайн үеийн эмэгтэйчүүд газар тариалан, мал аж ахуйд ажиллахдаа ихэнх ажлыг гарын хүчээр амжуулдаг байсан нь үүнтэй холбоотой гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Мөн байнгын дасгал хөдөлгөөн хүний ясны нягтрал, хэлбэр, хэмжээнд нөлөөлгдийг эндээс тогтоожээ.

Судалгааг ахалсан Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн Жэй Сток “Олон мянган жилийн турш эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөр хөдөө аж ахуйд чухал үүрэгтэй байсныг манай судалгаа харууллаа” гэсэн байна.

 

Эх сурвалж: AFP