Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бүжигчин бүсгүйг Владимир Путины охин гэдгийг баталсан ч дараа нь хэлснээсээ буцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Оросын рокн-ролл бүжгийн тамирчин асан Катерина Тихоноватай хамтран ажилладаг албаны хүн түүнийг ерөнхийлөгч Владимир Путины төрсөн охин мөн гэдгийг баталсныхаа дараа хэлсэн үгнээсээ буцсан явдал болжээ.

Анх хоёр жилийн өмнө Ройтерс агентлаг Тихоноваг ОХУ-ын ерөнхийлөгчийн охин гэдгийг анх мэдээлж байв. Тэгвэл өнгөрсөн Ням гарагт Дэлхийн Рокн-ролл Бүжгийн Холбооны дэд ерөнхийлөгч Манфрэд Мохаб тус агентлагт ярилцлага өгөхдөө мэдээллийг дахин баталсан юм.

Тихоноваг Путины охин гэдгийг мэдэх үү гэсэн асуултад тэр “Тиймээ. Мэдэлгүй яахав” гэж хариулжээ. Мохабын хариултыг дахин бататгахад тэр толгой дохиод “Тийм” гэж хариулсан байна.

Харин уг ярилцлага Мягмар гарагт нийтлэгдсэний дараа Мохаб Ройтерс агентлаг руу утсаар ярьж “Би Путины охин мөн гэдгийг хэлж мэдэхгүй. Танхимд дуу чимээ ихтэй байсан тул би асуултыг буруу ойлгосон байна. Тиймээс миний хариултыг зөв гэж үзэж болохгүй” хэмээн тайлбарлажээ.

 
Манфрэд Мохаб нээлтийн үеэр

2015 онд Оросын Газпромбанкны ТУЗ-ийн дэд дарга Андрей Акимов мөн Ройтерс агентлагт ярихдаа Тихоноваг Путины охин мөн гэж баталсан ч дараа нь хэлсэн үгнээсээ буцаж байв.

Үүний дараа Ройтерс нэрээ нууцалсан хоёр ч эх сурвалжаас энэ мэдээллийг баталж байжээ. Акимовын ярилцлага нийтлэгдсэний дараа Газпромбанк мэдэгдэл гаргаж, удирдлагаа тийм үг хэлээгүй гэж эрс няцааж байсан юм.

Өмнө нь КГБ-ын офицер байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хувийн амьдралаа ихээхэн нууцалдаг. Мария, Катерина гэдэг хоёр охиноо ч олны нүднээс далд байлгадаг билээ.

Эмээгийнхээ овгийг өвлөж авсан Тихонова нь Москвагийн их сургуульд ашгийн бус төсөл хэрэгжүүлдэг ба мөн Дэлхийн Рокн-ролл Бүжгийн Холбоонд маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

Одоо 31 настай Тихонова өмнө нь спортын энэ төрлийн тамирчин байжээ. Түүний нөхөр Кирилл Шамалов нь Путины ойрын найзын хүү гэгддэг ба Тихоноватай гэрлэснийхээ дараа Оросын томоохон төрийн өмчит компанитай ашигтай наймаа хийж, доод тал нь $1 тэрбумын хөрөнгөтэй болсон гэдэг.

Мохаб дээрх ярилцлагыг өгөхдөө Москвад болж байсан Европын аварга шалгаруулах рокн ролл бүжгийн тэмцээнд зочноор оролцож байсан юм. Спорт бүжгийн энэ төрөл зүүн Европын орнуудад өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд түүн дотроо ОХУ тэргүүлдэг аж.

 

Эх сурвалж: Reuters