Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятад хүмүүс ямар зан чанараараа АДИЛХАН БЭ?!

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Саяхан Хятадад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нэг ээж үгүй хийчихсэн тухай мэдээ гарсан. Тэр ээж шүүх хурал дээр миний хүүхэд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Би өөрөө хүнд өвчтэй учраас урт наслахгүй. Тиймээс хүүхдээ зовоохыг хүсээгүй гэсэн тайлбар өгөөд хэрэг нь цагаадсан. Энэ үйл явдалтай холбогдолтой мэдээллийн доор бичигдсэн сэтгэгдлүүд миний анхаарлыг их татсан" гэж  "LEAD Talks" төслийн арга хэмжээний үеэр "Түгээмэл хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяр ярилаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тэднийг асран хамгаалагчид болон ажил хайж буй залуус зэрэг 300 гаруй хүн оролцсон "Хандлагыг өөрчилье, Хамтдаа хөгжье" уриатай уулзалт арга хэмжээ өчигдөр болсон юм. 

Арга хэмжээний үеэр амжилтад хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийн түүхээ бусадтай хуваалцсан юм.

Хамгийн эхний илтгэгч Ч.Ундрахбаяр байв.

Монгол, Хятадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авдаггүй гэдгээрээ адилхан юм шиг
 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Одоогоос 17 жилийн өмнө 20 настай байхдаа би нуруу нугасны гэмтэл аваад тэргэнцэртэй нийгмийн амьдралд шилжсэн. Эмчилгээний тактикын алдаанаас суумгай болох шалтгаан үүссэн. Тухайн цаг үед залуу хүний хувьд хүмүүсийн ярьдгаар тэнгэр нурж байгаа юм шиг л болсон. Үүнээс цааш ямар нэгэн гарц, арга замгүй мэт тийм хүнд цочролд орох үе байлаа.

Энэ цочрол зөвхөн надад ч биш миний гэр бүлд бүр илүү хүчтэй туссан болов уу. 

Би энэ цаг мөчөөс хойш хэнд ч хэрэггүй хүн шиг амьдарчих вий гэх бодол төрж байв. 

Харин ээж хүний алсыг харсан тэрхүү бодол намайг өдий зэрэгтэй амьдрахад нөлөөлсөн. Нэг л өдөр ээж маань "Миний хүү ингэж хэвтэх биш сургуульд орох ёстой" гэж зөвлөсөн. Ингээд би сургуульд орсон. Мэдээж үүнийг дагаад нөгөө л олон бэрхшээл тулгарч л байсан. Монголдоо сургуулиа төгссөний дараа Япон улсад суралцахаар болсон.

Японд очсон тэр үе бол миний амьдралд дараагийн маш олон боломжийг нээсэн. Япон улсын иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах хандлага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь оролцоогоор бий болсон гэдгийг би ойлгосон.

Хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл миний хөлд юм уу? эсвэл тэргэнцэртэй холбоотой зүйл биш. Нийгмийн бий болгосон сэтгэхүй л гэдгийг мэдэж авсан. Ингээд эх орондоо ирээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн амьдралын төлөө сэтгэл нэгдсэн залуустайгаа хамтран "Түгээмэл хөгжлийн төв"  ТББ-ыг үүсгэн байгуулсан.

Биднийг анх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие дааж амьдрах эрхтэй гээд ажлаа эхлүүлж байхад ойлгохгүй, дэмжихгүй хүн олон байсан. 

Хятад эмэгтэй хүүхдээ үгүй хийсэн мэдээний дор одоо санаж байгаагаар Хятадын шүүх ямар мундаг юм бэ? эсвэл ээжийн зөв, өөр арга байхгүй гэсэн сэтгэгдлүүд байсан юм. Хамгийн аймшигтай нь хөгжлийн бэрхшээлтэй байснаас үхсэн нь дээр гэсэн байсан.

Тэнд бичигдэж байгаа тэр олон сэтгэгдлийн нэг нь ч өөдрөг зүйл байгаагүй. Монгол болон Хятадын нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авдаггүй гэдгээрээ адилхан юм шиг санагдсан. Ээжийг юм уу? эсвэл шүүхийг буруутгахдаа гол нь биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд бие даан амьдрах эрхийг нь нээж өгөх нь чухал" гэлээ. 

"LEAD Talks" төсөл нь 2017 оны есдүгээр сараас 2018 оны гуравдугаар сар хүртэл хэрэгжинэ.

Уг төсөл нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл болон ажил олгогчдыг холбох, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв мэдээлэл түгээж, эерэг хандлагыг төрүүлэх зорилготой нөлөөллийн төсөл юм.

Таны дутуу гэж харсны цаана хэний ч төсөөлөөгүй дүүрэн зүйл байж болно
 
Гэрэл зургийг mpa.mn

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, Ахиллис Монгол ОУБ-ын гүйцэтгэх захирал О.Саранчулуун "Одоогоос 24 орчим жилийн өмнө мориноос унаад баруун хөлөө гэмтээж, онош нь сайн тогтоогдоогүй учраас хөлөө тайруулж байлаа. Үүнээс хойш би хиймэл хөлтэй амьдарч эхэлсэн. Нийгмийн гадуурхал, хүмүүсийн ойлголт зэргээс шалтгаалаад туулж ирсэн багагүй зүйл бий.

1994 оны хавар онош тодорхой болоод хөлөө тайруулж, химийн тариа зэргээс шалтгаалж хоёр жил сургууль завсардсан байлаа. Хоёр жилийн дараа 1-р хорооллын нэг шинэ сургууль руу шилжсэн юм. Химийн тарианаас болоод үс бас унасан үе л дээ. Шилжиж очих ангийнхан маань намайг яаж хүлээж авах бол гэж би маш их айж байсан.

Сургуулийн захирал маань намайг н.Цэндмаа гэж багшийн ангид оруулъя гэж шийдсэн байсан. н.Цэндмаа багш маань өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн. 

"Миний хиймэл хөл явахаар дуугардаг, би ийм хөгжлийн бэрхшээлтэй" гэсэн утгатай захидлыг шилжиж очихоосоо өмнө Цэндмаа багшид бичсэн байв. Тэгсэн Цэндмаа багш хөл гаргүй байна гэдэг тухайн хүний хэнийг нь тодорхойлохгүй гэсэн утгаар ангийнханд маань аль хэдийнээ миний талаар тайлбарлачихсан байсан.

Хамгийн анхны өдөр шинэ ангийнхан маань надад хичээлийн хэрэгсэл бэлдээд угтсан.  Хүүхдүүдийн хандлагыг өөрчилсөн багшийн үйлдэл надад хичээлээ сайн хийх хүсэл төрүүлсэн юм. Ангийнхан маань намайг үүрэх үедээ үүрч, хичээлийг маань нөхөхөд ч тусалдаг байлаа. Ингэж би сургуулиа алтан медальтай төгссөн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн чухал зүйл бол тухайн хүнийг бусадтай адилхан гэдэг ойлголтыг өгөх нь чухал. Хүмүүс бие махбодын бэрхшээлийг бэрхшээл гэж хардаг.

Яг үнэндээ бэрхшээл бол зөвхөн сэтгэл санаанд л байдаг. Заавал бие махбодын хувьд бусдаас ялгаатай байснаараа хөгжлийн бэрхшээлтэй болохгүй. Нүдэнд харагдах болон харагдахгүй түм буман бэрхшээлтэй хүмүүс бидний дунд байгаа. Хандлагыг өөрчилж хамтдаа хөгжицгөөе.

Таны дутуу гэж харж байгаа тэр зүйлийн цаана хэний ч төсөөлөөгүй дүүрэн зүйл байж болно" гэв. 

Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг тамхи архинаас хөнөөлтэй зүйл биш
 

ОУХМ, Дэлхийн шилдэг тамирчин Х.Энхтуяа "Пара тэквэндогийн спортоор хичээллээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд өөрийгөө нээж, маш их зүйл хийж чадна гэсэн итгэлийг авсан. Миний ярих түүх бусдад урам зориг өгөөсэй гэсэн үүднээс би зоригтойгоор энд зогсож байна. 13 насандаа би гарын бэрхшээлтэй болсон. Би багадаа ер нь их зоригтой хүүхэд байлаа.

Анх би гаргүй болчихоод сургуульдаа явах гэсэн цагаан цамц маань хиртчихсэн байсан. Тэгээд ээждээ үүнийг хэлтэл өөрөө угаа гэсэн. Цамцаа би тэр үед хөлөө оролцуулаад өөрөө угаасан. Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн бэрхшээлтэй бол түүнийг өрөвдөх биш, бусадтай адил харьцах хэрэгтэй.

Нийгэмших явцдаа хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр зүүгээд боловсрол эзэмшээд ажлын байранд гарч, дэлхийн тавцанд нэрээ дурсгасан миний түүхийн ихэнх нь хичээл зүтгэл байсан. 

Хүмүүс гарын бэрхшээлтэй гэхээр харилцааны соёлгүй, оюуны хомсдолтой юм шиг ойлгодог. Амьдрал хүнээр, бас хүн чанар, сайхан сэтгэлээр дутдаг. Би анх 2012 онд их сургуулиа төгсөөд нягтлан мэргэжлээр нэгэн Төрийн бус байгууллагад ажиллаж эхэлсэн. Үүнээсээ гадна давхар ажил бас хийдэг байлаа. Шөнийн гурван цаг хүртэл ажилладаг байсан. Энэ түүхээ ярихаар би уйлчих гээд байдаг. Яагаад гэвэл нулимсны үнэ цэнэтэй адилхан тийм хэцүү зүйлийг би давж гарсан.

Миний спортын карьер 2020 оны олимпоор дуусна.

Би 2020 оны олимпийн аварга болно гэдэгтээ өөртөө бүрэн итгэлтэй байгаа. Би чадна. Эцсийн зорилгодоо заавал хүрнэ. Гэхдээ энэ ганцхан миний зорилго биш. Яагаад гэвэл намайг хараад нийгэмших гэж байгаа мянга мянган гарын бэрхшээлтэй хүүхдүүд бий" гэлээ.

25 хүн тумын нэгийг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулах хуультай
 
 
 

"LEAD Talks" төслийн хүрээнд Lead Talk show, Lead Expo, Lead Job Fair нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 

Мөн LEAD Mongolia хөтөлбөрийн ажилгүйдэл ядуурлыг бууруулах багийн Lead Bridge төслийн багийнхан гарааны бизнес эрхлэгч залуусыг дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлж байлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

LEAD Talks төслийн багийн ахлагч Н.Мөнхбат "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нийт ажилгүйдлийн хамгийн өндөр хувийг нь эзэлдэг. Монгол Улсад байгаа 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 35 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй. Үлдсэн 65 хувь нь олдмол.

Зам тээврийн болон үйлдвэрийн ослоос шалгаалаад олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Нэг талаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжиж, ажилтай орлоготой байх талаас нь дэмжиж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлд байгууллагын 25 хүн тумын нэгийг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулна гэж заасан.  Бид төслөө хэрэгжүүлэх гээд томоохон компанийн төлөөллүүдтэй уулзахад тэдний ихэнх нь "Хаана ямар чадвар, боловсролтой хөгжлийн бэрхшээлтэй хүн байгааг мэддэггүй болохоор торгуулиа төлөөд яваад байдаг" гэж хэлсэн.

Тэгвэл өнөөдрийн энэ арга хэмжээнд иргэдэд компаниудын зүгээс өөрсдийн ажлын байраа танилцуулна. Нөгөө талаасаа иргэд тухайн ажлын байранд орохын тулд ямар боловсрол чадвар эзэмшсэн байх ёстой вэ гэдэг талаар мэдээлэл солилцох зорилготой. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 5 орчим хувь нь ажлын байртай гэж хэлж болно. Гэхдээ эдгээр иргэн маань өөрсдөө л төрийн бус байгууллага байгуулаад, эсвэл ихэвчлэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа юм" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.