Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бали арлын нисэх буудал хаагдаж, олон мянган жуулчин гацаад байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Индонезийн аялал жуулчлалын том төв болох Бали арлын галт уул идэвхжиж, үнс нурмаар нисэх буудлыг нь булсан тул олон мянган жуулчин арлаас явах боломжгүй болоод байна.

Тус арлын Агун нэртэй галт уул идэвхжиж, хэзээ мөдгүй дэлбэрэх болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн галт уул утаа тортог, үнс нурам тэнгэрт цацах болсон байна.

Үүний улмаас арлын нисэх буудал Даваа гарагт хаагдсан бол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн ажиллахгүй болжээ. Албаныхан Лхагва гарагийн өглөө болтол бүх нислэгийг хойшлуулаад байна.

Онгоцны хөөрөх, буух зурвасууд үнсэнд дарагдсан тул нислэг үйлдэх аюултай гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар Агун уулын ойролцоо амьдардаг нутгийн 40,000 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бол цаашдаа 100,000 болж өсөх төлөвтэй байна.

 

Нисэх буудал хаагдсаны улмаас 445 нислэг цуцлагдаж, 59,000 жуулчин арал руу нэвтрэх, арлаас явах боломжгүй болоод байгаа юм. Индонезийн тал аралд гацсан жуулчдыг нүүлгэхийн тулд 100 автобусаар эрэгт хүргэж, цааш нь далайн усан онгоцоор зэргэлдээх Жава арал хүртэл тээвэрлэхээр болжээ. Агун уул хамгийн сүүлд 1963 онд дэлбэрэхэд 1,600 орчим хүн амиа алдсан байдаг. 130 орчим идэвхтэй галт уултай Индонез улсын хувьд энэ нь томоохон гамшигт тооцогддог юм.

Индонез улсын 17,000 орчим арал нь Номхон далайн “Галт цагираг” гэгддэг тектоник хавтангуудын уулзвар хэсэгт байрладаг тул газар хөдлөлт, галт уулын идэвхжил өндөр байдаг.

 

Эх сурвалж: AFP