Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Судалгаагаар 2050 оноос хойш хүн төрөлхтөн шинэ антибиотик гаргаж чадахгүй"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Антибиотик буюу нян устгах үйлдэлтэй эмийг эмчийн заавраар олгох ёстой байдаг. Гэвч энэ хууль төдийлөн сайн хэрэгжихгүй байсаар өдийг хүрлээ.

Тиймээс эм, антибиотикын зохистой хэрэглээний талаар эм зүйч А.Туултай ярилцлаа.

-  Эмийн зохистой хэрэглээг олон нийтэд хэрхэн төлөвшүүлэх ёстой вэ?

- Цаг агаар хүйтэрч, амьсгалын замын өвчлөл ихэсч байна. Үүнтэй холбоотойгоор ард иргэд дур мэдэн эм тэр дундаа Антибиотик эмийг зохисгүй хэрэглэх нь элбэг байдаг. 

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь энгийнээр бол тухайн өвчинд тохирох эмийг тохирох тунгаар  тодорхой хугацааны туршид хэрэглэж өвчнөө эдгээхийг хэлнэ. 

Энэ бол эмч, эм зүйч , иргэдийн оролцооноос шууд хамааралтай.

Эмч нар жорыг зөв стандартын дагуу бичих, Эм зүйч эмчийн бичсэн жорыг үндэслэн хэрэглэгчдэд эмийг өгөх, эцсийн хэрэглэгч өөрийгөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл ирээдүйн төлөө жортой эмийг зөвхөн жороор авч хэрэглэх хэрэгтэй. 

- Түгээмэл ямар эмүүдийг Монгол Улсад хэрэглэхийг хориглосон байдаг вэ?

- Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. 

- Аливаа эмийг хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог. Эмийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

Эмийг эмч, эм зүйчийн заасан тунгаар тогтсон цагт, тодорхой хугацааны туршид хэрэглэх хэрэгтэй. Дур мэдэн ямар нэг эм тэр дундаа антибиотикыг хэрэглэхгүй байх, таны хэрэглэж буй эм Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй эсэх, зөв хадгалагдсан эсэх, дуусах хугацаа зэргийг шалгах, тунг хэтрүүлэхгүй байх, өөрийгөө ямар эм бэлдмэлд харшилтай эсэхээ мэддэг байх хэрэгтэй.

Мөн дээр хэлсэнчлэн найдвартай газраас авах хэрэгтэй. Сүүлийн үед сошиалаар эм бэлдмэлийг маш их рекламдан хүргэж өгч худалдаалдаг болсон байна. Зөвшөөрөлтэй баталгаагүй хувь хүний гар дээрээс эм бэлдмэл витамин зэргийг худалдан аваад эргээд таны амь нас эрүүл мэндэд хор хохирол учирвал хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Иймээс хувь хүний гар дээрээс элдэв рекламд итгэж эм бэлдмэл худалдан авахгүй байхыг онцгой анхааруулъя. 

- Антибиотикын ямар төрлүүд байдаг вэ? Антибиотик нь ямар хор нөлөөтэй вэ?

- Антибиотик нь дотроо маш олон бүлэг эмүүд болон задардаг.

Антибиотик эмийг зохисгүй хэрэглэх нь антибиотикт дасалтай нян үүсэх хамгийн том эрсдэлт хүчин зүйл болдог. Урт хугацааны турш антибиотик хэрэглэх нь хүний ашигтай нянгууд устах, мөөгөнцөртөх, дархлаа унах, антибиотикт дасалтай нян бий болох зэрэг хөнөөлтэй. Манайхан антибиотикыг аваад нэг, хоёр хоног хэрэглээд халуун нь буураад бие нь сайжраад ирэхээр эмээ зогсоочихдог.

Ингэснээр антибиотик эмэнд устах гэж байсан нөгөө нян усталгүй хэсэг хугацааны дараа дахин сэргэж, дараагийн удаад өмнө нь хэрэглэсэн антибиотикоо хэрэглэхэд нөгөө эм үйлчлэхгүй болсон байдаг. Ингээд антибиотикт дасалтайн нян үүсдэг.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь хэрэглэдэг байсан антибиотик дараагийн удаад үйлчлэхгүй, улам хүчтэй антибиотик хэрэглэхээс өөр аргагүй болно. Гэтэл ДЭМБ-с гаргасан судалгаагаар 2050 оноос хойш хүн төрөлхтөн шинэ антибиотик гаргаж чадахгүй гэсэн байдаг. Тэгвэл бид нянгийн гаралтай халдварт өвчний өмнө бууж өгнө.

Өнөөдөр бид хайртай хүмүүсээ хурдан эдгээж байна гэж бодож антибиотикыг замбараагүй хэрэглүүлснээр тэдний ирээдүйг үгүй хийж байна. Антибиотикыг зохисгүй хэрэглүүлсэн 1 настай хүүхэд 30 нас хүрээд магадгүй нянгийн халдварт өртлөө гэхэд түүнд үйлчлэх антибиотик байхгүй болсон байна гэсэн үг. 

- Ямар тохиолдолд антибиотикыг зайлшгүй хэрэглэдэг вэ? 

- Антибиотик эмийг тодорхой нянгийн халдваруудын үед зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.  

- Хүмүүс ханиад хүрээд эдгэхгүй удсан тохиолдолд антибиотик уучихдаг. Ер нь антибиотикгүйгээр ханиад томууг хэрхэн эмчлэх вэ?  Ханиад нь эдгэхгүй уддаг шалтгаан нь юу вэ?

- Тийм ээ. Хүмүүс ханиад хүрэнгүүтээ өөрийн мэддэг дурын антибиотикоо хэрэглэдэг. 

Гэтэл ханиад бол вирусийн халдвар. Антибиотик зөвхөн НЯН-д нөлөөлөх  болохоос вируст нөлөөлөхгүй. Ханиадны эхний шинж тэмдгийн үед антибиотик хэрэглэвэл өөртөө өөрийнхөө мөнгөөр сайн дураараа хор авч ууж байгаатай ялгаагүй. 

Антибиотик хэрэглэхгүйгээр дархлаагаа сайжруулах, тохирох жоргүй эмийг хэрэглэх  мөн эмчид заавал хандах хэрэгтэй. 

Ханиад эдгэхгүй удах нь нянгийн халдвар, антибиотикын дасал,  дархлаа суларснаас болдог. Энэ үед эмчид хандах, дархлаагаа дэмжих, тогтмол дасгал хөдөлгөөнтэй байж  цэвэр агаарт гарах хэрэгтэй.