Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотой 480 тэрбум төгрөгийн ЭЗЭНГҮЙ АВЛАГА төрд байдаг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн Байнгын хорооноос өнөөдөр Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцүүлгийг Монголбанктай хамтран зохион байгууллаа. УИХ 11 дүгээр сарын 30-ны Пүрэв гарагт уг хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зээлийн хүү бууруулах асуудалтай хольж, гол өөрчлөлтүүдийг төдийлөн сайн ярьж чадахгүй байгааг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Жавхлан нар онцолж байв.

Тухайлбал Б.Жавхлан энэ талаар “Ерөнхий концепцийн хувьд сүүлийн арваад жил яригдаж байгаа гол өөрчлөлтүүдийг оруулсан байна лээ. Банкны тухай хууль 1990-ээд оноос хойш гурван удаагийн том хямралыг давж гарч байгаа юм. Тэр бүртээ шинэчлэгдээд, сайжраад явж байгаа. Энэ мөчлөгүүдэд Төв банкны оролцоо тухай бүртээ тестлэгдэж, зарим үед хүчин мөхөстөж байгаа нь харагддаг. Төв банкны оролцоо яагаад чанга байх ёстой юм бэ гэвэл банкны систем 22 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болсон. Үүний 10 хувь нь л банкны эздийн өмч. Үлдсэн 19 их наяд төгрөг нь ард иргэд, олон нийтийн хуримтлалын мөнгө. Тиймээс олон нийтийн хөрөнгийг хамгаалах шийдвэрийг Төв банк гаргадаг. Үүнийг илүү хүчтэй болгож буй өөрчлөлтүүд байна.

Нөгөө талаас банкны эздийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлсэн гол өөрчлөлт орсон байна гэж харсан. Гэтэл олон нийтийн дунд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох асуудал хүчтэй яригдаж байна. Дээд хязгаарыг нь тогтооно гэдэг Төв банкны зүгээс гаргасан агуулга биш. Харин хууль өргөн баригчдын зүгээс дагаж буй гурван хуулийн нэгэнд нь Төв банкнаас зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож болно гэж заасан байгаа. Энэ өгүүлбэр л улс төр хийх, популизм хийх шалтгаан болоод байна. Яг гол өөрчлөлт нь үүнд дарагдаад байгаа” гэдгийг онцолж байв.

"дөрвөн багцалсан асуудлын хүрээнд гол өөрчлөлтүүд орно"

Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат хуулийн төсөлд тусгагдсан гол өөрчлөлтүүдийн талаар гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Дөрвөн багцалсан асуудлын хүрээнд гол өөрчлөлтүүд орох юм. Үүнд

  1. Банкны эрсдэлд суурилсан хяналт шалгалт,
  2. Банкны зохистой засаглал,
  3. Банкны бүтцийн өөрчлөлтийг боловсронгуй болгох,
  4. Эрх зүйн хамгаалалт багтаж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор Монголбанк өөртөө эрх үүрэг төвлөрүүлж байна гэсэн шүүмжлэл  байна. Банкны системийн хэмжээнд авч үзвэл эрх мэдлийн төвлөрөл гэхээсээ илүү зайлшгүй байх ёстой эрх мэдлийн хэлбэрүүд байгаа” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкны системд буй энэ их мөнгөний  90 хувь нь харилцагчийн мөнгө учраас банк асуудалд орвол Төв банк зайлшгүй оролцох шаардлагатай. Энэ нь ганцхан Монголд байгаа юм биш. Олон улсын санхүүгийн Базелийн хороонооос стандарт болгож гаргасан зүйл” гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Банкны салбарт эргэлдэж буй мөнгийг эдийн засагт оруулах, бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр ямар өөрчлөлт гарах юм бэ. Эдийн засгийн үр ашиг ямар байх вэ” гэдгийг онцолж асуусан юм.

Үүний хариуд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Бодит эдийн засгаа дэмжихийн тулд банкны салбар сайн ажиллах ёстой гэдэгтэй санал нийлж байна. Иргэдээс мөнгөн хөрөнгө хуримтлуулж, санхүүгийн зуучлал бий болгож буй арилжааны банкууд эрсдлээ хэрхэн хянаж, түүнээс сэргийлж байна вэ гэдэг чухал. Банк нь өөрөө зөв ажиллаж, эрсдлээ удирдаж чадвал бодит эдийн засгаа дэмжинэ. Хэрэв хүндрэл үүсэхэд албадлагын арга хэмжээг авна. Энэ үед авах арга хэмжээ нь маш ойлгомжтой байх ёстой” гэсэн юм.

"өмнө нь маргаантай байсан зүйлүүдийг тодорхой болгосныг дэмжиж байна. гэхдээ..."
 
Гэрэл зургийг MPA.mn

Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болд “Арилжааны банкны үйл ажиллагааг зохицуулах, хянаж шалгах, албадлагын арга хэмжээ авах тусдаа хуулийг Төв банкны хуультай зэрэг хэлэлцээд байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж, хүлээлтийг буруу тийш нь залаад байна. Тиймээс тусад нь хэлэлцвэл илүү ойлгомжтой болох юм болов уу.

Банкны тухай хуулинд оруулсан дийлэнх зүйл, заалттай санал нэг байна. Илүү нарийвчилсан, ойлгомжтой болгосон, өмнө нь маргаантай байсан зүйлүүдийг тодорхой болгосон. Нарийн заалт байхгүй байсан ч 1996-2000 онд 9 банкыг хааж байсан. Гэхдээ нарийвчлалтай болгож байгааг дэмжиж байна. Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг, арилжааны банкны үйл ажиллагаанаас салгах, эрсдлийг нь салгах тал дээр гарсан саналуудтай санал нэг байна.

Харин зарим нэг туйлширсан заалтууд байна. Жишээ нь банкны гүйцэтгэх захирал, удирдлага охин компани, нэгдлийнхээ удирдлагад байж болохгүй гэх мэт. Бизнесээ авч явж буй арга ухаан, засаглалд хязгаар тавьсан заалтууд хэрэггүй байх гэж бодож байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Албадлагын арга хэмжээний хуулийн зохицуулалт нарийн болж, Төв банкны хүчийг нэмж байгаа. 1996-2000 оны хооронд 9 банк татан буугдсан. Хүчээр татан буулгаж болж байсан л даа. Гэхдээ одоо Сангийн яамны баланс дээр 480 тэрбум төгрөгийн эзэнгүй авлага байдаг. Банкны бүтцийн өөрчлөлтөөс үлдсэн авлагууд чинь тэнд явж байна. Хадгаламж, харилцагчдын мөнгөн хөрөнгийг төр даачихсан. Завшчихсан нөхдүүд нь нөгөө талдаа байж байгаа. Ахиж ийм байдал гаргахгүй л гэсэн санаа юм.

Алийн болгон төр алдагдал хүлээгээд байх вэ. Эздийг нь илүү хариуцлагатай болгож, алдаа гаргасан банкируудад хариуцлага тооцъё, эрсдэлд суурилсан урьдчилсан арга хэмжээнүүдийг нь чангатгая гэсэн өөрчлөлтүүд гэж би ойлгож байна” гэсэн юм.