Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

11 дүгээр сургуулийн МАТЕМАТИКИЙН олимпиадыг "Сант" сургуулийн баг ӨНГӨЛЛӨӨ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддоржийн нэрэмжит “Сайн гараа-2017” математикийн олимпиадыг 11 дүгээр сургууль зохион байгуулж, амжилт гаргасан сурагчдыг өчигдөр /11.27-нд/ шагнаж урамшууллаа. Олимпиадад аймаг, нийслэлийн 700 орчим сурагч өрсөлдөж 49 сурагч медаль хүртсэн юм.

Монгол Улсын Гавьяат багш Л.Чимэддорж “Миний ажиллаж байсан хугацаанд улс, хот, аймгийн олимпиадаас 1,500 гаруй хүүхэд медаль авсан байдаг. Ер нь математикийн хичээлээр суурилсан хүүхдүүд бусад хичээллүүддээ ч сайн байж, шинжлэх ухааны салбарт өндөр амжилт гаргадаг. Та нараараа маш их бахархаж байна. Мөн та бүхэн бэлтгэсэн багш нараараа, ээж ааваараа бахархах хэрэгтэй. Цаашид улс орондоо ихийг бүтээсэн, амжилттай иргэн болоорой” гэв.

 

Зохион байгуулагч 11 дүгээр сургуулийн захирал Б.Энхжаргал “Энэ хичээлийн жилд бид 5-12 дугаар ангийн сурагчдын дунд математикийн олимпиад зохион байгууллаа. Манай сургуулийн нэрэмжит энэ олимпиад зохион байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Олимпиадад оролцож медальт байранд шалгарсан эрхэм хүүхдүүд, бэлтгэсэн багш нарт нь халуун баяр хүргэе” гэв.

Эгч, дүү хоёр амжилтаа бататгалаа

 

“Сант” сургуулийн 6 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт 8 дугаар ангид дэвшин орж алтан медаль хүртсэн байна. Ингэхдээ олимпиадын үндсэн 4 бодлогыг зөв бодож бүтэн 7 оноо авсан буюу оролцсон нийт хүүхдүүдээс ганцаараа 100 хувийн гүйцэтгэлтэй байсан нь шилдэг амжилт болжээ.

Түүний эгч Д.Итгэл 11 дүгээр ангийн төрөлд өрсөлдөж алтан медаль авав. Тэд өнгөрсөн жил математикийн улсын олимпиадад мөн хоёул алтан медаль авч аав ээж, багш, хамт олноо баярлуулж байсан билээ.

“Олимпиадад амжилт гаргах нь дэлхийн шилдэг сургуулиудад элсэхэд чухал нөлөөтэй”

 

11 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч С.Сайханбилэг /хүрэл медальт/ “Энэ удаа өөрийнхөө сургуулийн нэрэмжит олимпиадад оролцож амжилт гаргасандаа баяртай байна. Би өмнө нь физикийн чиглэлээр олимпиадад оролцож улсын олимпиадаас мөнгөн медаль, нийслэлийн олимпиадаас хоёр удаа алтан медаль хүртэж байсан. Математикийн олимпиадад оролцож анх удаа медаль хүртсэндээ баяртай байна. Цаашид сургууль болон эх орныхоо нэрийг төлөөлж олон улсын олимпиадад оролцохоор шаргуу хөдөлмөрлөж байгаа. Энэ тал дээр манай сургуулийн захиргаанаас маш их дэмжлэг үзүүлдэг.

Ирээдүйд байгалийн ухааны чиглэлийн  сайн инженер болж, эх орныхоо хөгжилд гар бие оролцоно гэж боддог. Олимпиадад оролцохын давуу тал бол олон улсын нэр хүндтэй, өндөр төлбөртэй сургуулиудад элсэн орж, тэтгэлэг авахад чухал хувь нэмэр болдог” гэсэн юм.

Математикийн олимпиадад анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн сурагч

 

“Сант” сургуулийн 7 дугаар ангийн сурагч М.Бэлгүтэй хоёр жил бэлдэж, анх удаа олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр “Оройтсон ч амжилт гаргаж болно гэдгээ мэдэж, анх удаа медаль авсандаа баяртай байна. Математикийн хичээлдээ би маш их дуртай. Цаашид сургуулийнхаа бусад хүүхдүүд шиг олон улсын олимпиадад орж үзэхийг хүсдэг” гэсэн юм.

Алтан медаль хүртсэн Ц.Цэнгэл, С.Манлай нар

 

“Сант” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч С.Манлай 5 дугаар ангийн төрөлд оролцож алтан медаль хүртсэнээрээ онцлогтой юм. Тэрбээр өмнө нь математикийн олон олимпиадад оролцож амжилт гаргаж байжээ. С.Манлай бидэнд “Энэ жил болох томоохон олимпиадуудад бэлдэж байна. Цаашид олон улсын олимпиадад оролцох хүсэлтэй байдаг” хэмээн хэлсэн юм. Тус сургуулийн 6 дугаар ангийн сурагч Ц.Цэнгэл мөн алтан медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил Энэтхэгт болсон олон улсын олимпиадад оролцож, амжилт гаргаж байжээ. Хөвгүүд өдөрт 3-5 цаг хичээлээ хийдэг гэв. 

Тус олимпиадад Ерөнхий боловсролын “Сант” сургуулийн сурагчид амжилттай оролцож 5 алт, 6 мөнгө, 4 хүрэл, нийт 15 медаль хүртжээ. Мөн "Орчлон", "Олонлог",  11, Нэгдүгээр сургуулийн сурагчид амжилттай оролцов. 
 

“Сант” сургуулиас шагнал хүртсэн сурагчдын нэрс

V анги-С.Манлай алтан медаль, А.Анхмэнд мөнгөн медаль

VI анги-Ц.Цэнгэл алтан медаль, И.Тамир, М.Түвшинбаяр нар мөнгөн медаль, М.Мөнх-Уянга хүрэл медаль

VII анги-А.Амирлан мөнгөн медаль, Б.Төгөлдөр мөнгөн медаль, М.Бэлгүтэй хүрэл медаль

VIII анги-Д.Энэрэлт алтан медаль, Б.Билгүүн мөнгөн медаль, Я.Түвшинсанаа хүрэл медаль

X анги-А.Нямдаваа алтан медаль, Б.Тэмүүлэн хүрэл медаль

XI анги-Д.Итгэл алтан медаль

Нийслэл, улс, олон улсын хэмжээнд болж буй олимпиадад “Сант” сургуулийн сурагчид тасралтгүй амжилт гаргасаар байна. Тус сургуулиас 12 дугаар ангиа төгсөөд шууд АНУ-ын нэр хүндтэй их сургуулиудад элсэн орсон сурагчид олон байдаг билээ. Тухайлбал 2016 оны төгсөгч Х.Цэрэнчимэг, 2017 оны төгсөгч Л.Оюунтөгс нарыг нэрлэж болох юм. Тэд өдгөө дэлхийн шилдэг Массачусетсийн Технологийн Институтэд /MIT/-д элсэн суралцаж байна.

Гэрэл зургууд /Г.Өнөболд, MPA.mn/:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.