Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оргодол цэргийн тухай мэдээг Хойд Солонгос руу Өмнөд Солонгосоос цацаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Оргож ирсэн цэргийн тухай дэлгэрэнгүй мэдээг Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын нутаг дэвсгэр рүү цацаж эхэлснийг Ням гарагт Ёнхап агентлаг мэдээлжээ.

Зэвсэггүй бүсийн ойролцоо байрлуулсан олон тооны чанга яригчаар 24 настай цэрэг хэрхэн зугтаж ирсэн, харуулуудад яаж буудуулсан, ямар эмчилгээ хийлгэсэн, биеийн байдал нь одоо ямар байгаа зэргийг мэдээлж байгаа гэнэ.

Эдгээр чанга яригчууд нь Хойд Солонгосын хил орчмын цэргүүдийн үзэл бодлыг эргүүлэх зорилготой суртал нэвтрүүлгийн зэвсэг болон ашиглагддаг. Өмнө нь оргож ирсэн хэд хэдэн Хойд Солонгосын иргэн Өмнөд Солонгосын хөгжил цэцэглэлтийн талаар чанга яригчаас мэдээлэл сонссоны дараа оргох болсноо ярьсан байдаг.

Жил бүр Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу Хятадаар дамжин 1,000 гаруй хүн дүрвэж ирдэг ба харин хоёр Солонгосын хилийг давж ирэх тохиолдол маш ховор байдаг юм.

1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш Өмнөд Солонгос үе үе хил дагуу байрлуулсан чанга яригчаар суртал нэвтрүүлэг явуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд тогтмолжоод байгааг BBC мэдээлжээ.

Нэвтрүүлгийн агуулга нь цаг агаарын мэдээ, Өмнөд Солонгосын болон гадаад мэдээ, K-pop дуу хөгжим байдаг гэнэ. 11 жил орчим ашиглагдаагүй чанга яригчийн системийг Хойд Солонгосын дөрөв дэхь цөмийн туршилтын дараа буюу 2016 оны нэгдүгээр сараас байнга ажиллуулж эхэлжээ.

Чанга яригчуудын чадал нь Хойд Солонгосын хилээс дотогш 20 км хүртэл зайнд сонсогдох хэмжээтэй гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider