Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны ажиллагаа иргэдийнхээ эсрэг чиглэж байна"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN

"Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ-аас ОХУ-д суугаа Элчин сайдыг эргүүлэн татах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

"Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Амарбаясгалан "Манай байгууллага сүүлийн есөн жил эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид оюутан залуучуудыг дэмжих, нийгмийн ажилд оролцуулах, спорт урлаг, эх орноо сурталчлах үйлст нь оролцоход туслах зорилготой. 

ОХУ-д 60,000 гаруй Монгол оюутан суралцдаг гэх албан бус тоо баримт бий. Монгол оюутнууд маань ОХУ-ын тэтгэлгээр суралцдаж, сар бүр 20 ам.долларын тэтгэмж авдаг. Харин байр, амь даатгалын мөнгө буюу 250-300 ам.долларыг өөрсдөө төлдөг.

Монгол оюутнууд хамгийн ядуу, авч байгаа 20 ам.доллар нь юунд ч хүрдэггүй. Энэ залуучуудын эрх ашиг үргэлж хөндөгдөж байна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг байсан нийтийн спорт заалыг манай Элчин сайдын яам түрээсэлчихсэн. Тэдний бүх ажиллагаа иргэдийнхээ эсрэг чиглэж байна.

Гаргасан шийдвэр, ажиллагаа бүр нь Монгол хүндээ халгаатай, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хаан боогдуулж байна. 

Тухайлбал, манай байгууллага Элчин сайдын яамны 3 дугаар байрны 17 давхрын дөрвөн өрөөг түрээсэлсэн. Жил бүр гэрээгээ шинэчлээд үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Москва өөрөө олон урсгал, хөдөлгөөний газар. Тиймээс бичиг баримтаа гээгдүүлж, эсвэл өвдсөн шалтгаантай иргэд олон байдаг. Үүний улмаас манай байгууллага элчин сайдын яамтайгаа хамтран түрээсэлсэн газрынхаа гурван өрөөнд түр орогнох газар байгуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. 

Гэтэл сүүлийн жилд Элчин сайдын яамтай үл ойлголцсоны улмаас гэрээг маань хүчингүй болгож, 10 дугаар сарын 1-нээс цахилгааныг таслан иргэдээ орон байргүй болголоо. Яам өөрөө энэ газрыг зочид буудал болгохоор шийдвэрлэж, манай үйл ажиллагааг зогсоогоод байна" гэлээ. 

Ийнхүү яамны үйл ажиллагааг эсэргүүцэж, ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг эргүүлэн татахыг шаардаж буйгаа мэдэгдсэн юм.