Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Нобелийн шагналтнуудад “ногоон карт” олгожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн нэртэй эрдэмтдийг шинжлэх ухаан, судалгааны ажилдаа татан оролцуулах бодлогын хүрээнд Нобелийн шагналт хоёр эрдэмтэнд Хятадын засгийн газар тус улсад байнга оршин суух “ногоон карт” олгохоор болжээ.

Өнгөрсөн онд химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн Нидерландын химич Бернард Феринга “өөрийгөө нөхөн сэргээдэг материал” гаргаж авах ажлыг удирдахаар Шанхайн Зүүн Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн сургуульд ирэхээр болсон байна. Түүнд ирэх сард “ногоон карт” олгохоор болжээ.

2002 онд Нобелийн шагнал хүртэж байсан Швейцарийн химич эрдэмтэн Курт Вютрих мөн л “ногоон карт” авч, Шанхайн их сургуульд хүний эсийн талаар хийгдэх судалгааг ахлахаар болсон байна.

“Ногоон карт” хүртэгчид нь дахин дахин виз сунгуулах шаардлагагүйгээр Хятадад удаан хугацаанд ажиллаж, амьдрах боломжтой болдог гэнэ. Бээжин 2004 оноос эхлэн АНУ, Европын шинжлэх ухааны салбаруудтай өрсөлдөхийн тулд “ногоон карт” гаргах болсон юм.

Мөн хөрөнгө оруулагчид, бизнесийн шилдэг удирдагч нарт ийм боломж олгодог болжээ. Гэхдээ бизнесийнхэнд тавьдаг Хятадын шалгуур өндөр. Тэд хамгийн багадаа $500,000-ын хөрөнгө оруулалтыг Хятадын ядуу буурай баруун бүс нутгуудын төсөлд оруулсан байх ёстой.

2004-2013 онуудад Хятадын засгийн газар нийт 7,356 ногоон карт олгожээ. Гэхдээ энэ нь АНУ-ын жил бүр гаргадаг ногоон картны тоотой харьцуулбал чамлалттай байгаа. Сүүлийн жилүүдэд энэ тал дээр Бээжин нэлээд ахицтай байна. Тухайлбал 2016 онд 1,576 ногоон карт олгосон нь 2015 оны хэмжээнээс хоёр дахин гаруй илүү болжээ.

Нобелийн шагналтнуудын тоогоор Хятад улс бусад том гүрнүүдээс хол хоцроод байгаа нь бас ийм бодлого барихад нөлөөлж байна. 2015 онд анагаах ухааны салбарт Ту Юүюү Нобелийн шагнал хүртсэн нь зөвхөн Хятадад судалгааны ажил хийж энэ шагналыг авсан цорын ганц эрдэмтэн болоод байгаа.

Үүнээс өмнө АНУ-д амьдардаг, физикч Ян Зенминь 1957 онд Нобелийн шагнал хүртэж байсан. Тэр 1964 онд АНУ-ын иргэн болж байсан бол сүүлд 2015 онд буцан Хятадын иргэн болжээ.

Сүүлийн байдлаар Хятадад 900,000 гадаадын иргэн амьдарч байгаа гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: South China Morning Post