Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

“АДУУНЫ ТҮҮХ” жүжгийг үзэхээр театрыг зорихоосоо өмнө МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгож үзэгчдэд хүргэж эхэллээ.      

Тоглолт 11 дүгээр сарын 27,28,29,30,12-р сарын 01-нд 19:00 цагаас, 11-р сарын 26,12-р сарын 02,03-нд 17:00 цагаас болно. Тасалбарыг УДЭТ-ын касс, ticket.mn-ээс аваарай. Үнэгүй хүргэлт: 1900-1800


 

“Холстомер” бол Оросын их зохиолч Лев Николаевич Толстойг богино өгүүллэгийн мастер байсныг батлан харуулсан шилдэг бүтээл юм.

Хэдийгээр хэмжээний хувьд жижиг бүтээл боловч Толстой энэ зохиолоо 1863 оноос 1886 он хүртэл 23 жил бичсэн гэдэг.

Сүүлд Холстомерийг “Холстомер: Адууны түүх” нэртэйгээр хэвлүүлсэн юм. Зохиолд нэгэн хөгшин морины урт бөгөөд хэцүү бэрх амьдралыг хүний нүдээр бус адгуусны нүдээр харж бичсэн байдаг.

Зохиол төрөх болсон шалтгаан

Бусад их зохиолчдын нэгэн адил Лев Николаевич байнга шинэ зохиолын санааг эрж хайж явдаг байсан нь тодорхой. Зохиолуудынх нь ихэнх санаа түүний ойр хүрээллийн  хүмүүсээс төрсөн байдаг.

 

Энэ жишгээр Хреновскийн адууны аж ахуйн Холстомер нэртэй морины түүхийг Толстойтой ойр нөхөрлөж явсан ах дүү Александр ба Михайл Стахович нар ярьж өгч байжээ. Энэ бол 1850-аад онд болсон явдал байлаа. Гэхдээ энэ сэдвийг тухайн үед зохиолч, яруу найрагч, этнографикч байсан Михайл Александрович Стахович бүтээл болгохоор нэгэнт ажиллаад эхэлсэн байв.

Харамсалтай нь 1858 онд Стахович 38 насандаа дээрэмчдийн гарт амиа алдсанаар зохиол нь дуусаагүй үлдсэн юм.

Үүнээс 5 жилийн дараа Лев Николаевич уг бүтээлийг авч үргэлжлүүлсэн ч “Дайн ба Энх” романаа бичиж байсан тул дуусгах гэж төдийлөн яаралгүй, их ажлынхаа зай завсраар бичиж байсан юм. 20 жилийн дараа буюу 1885 онд Толстойн эхнэр София Андреевна Толстая их зохиолчийн бичиг цаасыг эмхэлж байгаад Холстомерийн нооргыг олж, сануулснаар энэхүү бүтээлийг дуусгаж, хэвлүүлэхээр болсон байна.

Сүүлд 1975 онд буюу Зөвлөлт Холбоот Улсын үед найруулагч Георгий Товстоногов уг бүтээлийг театртаа жүжиг болгон тавьжээ.

Зохиолын товч агуулга

Зохиолын гол баатар нь Холстомер нэртэй морь. Түүний нэр “хол харайгч” гэсэн утгатай, явдлын онцлогийг илтгэсэн үг юм.

 

Залуу үедээ хүндлэгдэж, бусдын хайрыг хүлээж явсан Холстомер насны эцэст хүмүүсийн хараалыг идэж, зодож дээрэлхүүлсэн арчаагүй амьтан болж хувирдаг. Ээлжит зодуурынхаа үеэр тэр өнгөрсөн амьдралын түүхээ сэтгэл дотроо хүүрнэж эхэлдэг ба энэ нь таван шөнө үргэлжилдэг ажээ.

Холстомерийг ид үед нь залуу офицер Серпуховский худалдаж аван олон жил унаж эдэлдэг. 

Гэвч түүний хүч чадлыг муудсаны дараа эзэн нь хүнд хямд үнээр худалдсанаар хэцүү цаг үе ирдэг юм. Хэдэн жилийн дараа Холстомер эзэнтэйгээ тааралдах боловч эзэн нь түүнийг таньдаггүй. 

Залуудаа бужигнуулж явсан онгироо сагсуу Серпуховский тэр үед хөгшрөн бүдүүрч, зугаа цэнгэлд хамаг хөрөнгөө дуусгасан, ямар ч ололт амжилтгүй нэгэн болсон байдаг.

Энэ уулзалтын дараа удалгүй тэд хоёул хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байна. Холстомер насан туршдаа бусдад хэрэгтэй амьдарч, үхсэн хойно нь хүртэл түүний махыг амьтад идэж, арьс ясыг нь хүмүүс хэрэглэдэг. Харин Серпуховский хүнд тустай зүйл ганцыг ч хийж чадалгүй амьдарсаар насыг барж байгаагаар дүрслэгддэг юм.

Адгуус, хүн хоёрын хэн нь ашигтай амьдардаг вэ гэсэн асуултыг эцэст нь үлдээдэг байна.

Зохиолын үзэл санаа

“Холстомер” бол маш гүн ёгт утгатай зохиол. Хүн нийгмийн амьдрал адгуусны нүдээр ямар утгагүй харагддагийг зохиолд дүрслэн харуулсан.

 

Амьтны нүдээр хүн төрөлхтөн бол хэн хэзээ зохиосон нь мэдэгдэхгүй ямар нэг дүрмийг сохроор дагагч сүрэг амьтан юм.

Тэдний ихэнх нь ямар ч утгагүй зүйлд амьдралаа зориулж, үр бүтээлгүй хорвоог бардаг. Магадгүй нийгмийн энэ гаж байдлаас залхсан Лев Толстой өөрийгөө Холстомероор төлөөлүүлж харуулсан ч байх магадлалтай.

Нөгөө талаас тухайн үеийн Оросын нийгмийн зарц барлагууд хэдий эздээсээ илүү чадал, ухаантай ч яг Холстомер шиг номхон, дуулгавартай амьдарсаар амьдралаа эмгэнэлтэйгээр дуусгадгийг шүүмжлэн дүрсэлсэн гэж судлаачид үздэг юм.