Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Египетийн түүхэнд хамгийн их хохиролтой террорист халдлага гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Исламын зэвсэгт бүлэглэл Египетийн Синайн хойгийн Суфи урсгалын сүмд халдлага үйлдэж, хамгийн багадаа 235 хүний амийг хөнөөн, 130 гаруй хүнийг шархдууллаа.

Орчин үеийн Египетийн түүхэнд хамгийн олон хохирогчтой халдлагад тооцогдож байгаа энэ хэрэг нийслэл Кайр хотоос зүүн хойш 200 км зайтай Синайн хойгийн Бир Аль Абед хотод болжээ. Одоогоор халдлагыг үйлдсэн тал тодроогүй байгаа ч Суфи урсгалыг дагагсдыг буруу номтонд тооцдог Исламын улс бүлэглэлийн аль нэг холбоотон байх гэж таамаглаж байна.

 

Египет улс Исламын улс бүлэглэлийн Синайн хойгийн салбартай 2013 оноос хойш тэмцэж байгаа юм.

Өчигдөр орон нутгийн цагаар өдрийн 1:50 цагт хэдэн арван зэвсэгт этгээд жип машинтай довтолж, сүмийн дотор хоёр тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Үүний дараа сүмээс гарч ирсэн мөргөлчид рүү гал нээсэн байна. Мөн шархдагсдыг ойролцоох эмнэлэгт ирэх үед өөдөөс нь гал нээжээ.

Хэргийн дараа сүмийн гадна талбай цусанд будагдсан цогцоснуудаар дүүрсэн байсныг гэрчүүд мэдээлсэн байна. Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах эл Сиси үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, дараа нь гурав хоногийн гашуудал орон даяар зарлажээ.

Ерөнхийлөгч Сиси алуурчдыг сул орхихгүй, амиа алдагсдын өшөөг авна гэдгээ ард иргэддээ амласан байна. Үүний дараа Египетийн арми умард Синайн уулархаг бүсэд агаарын цохилт өгч эхэлжээ. Энэ бүс нутагт Исламын зэвсэгт бүлэглэлүүд байрладаг юм.

Халдлагын дараа АНУ, ОХУ улсууд мэдэгдэл гаргаж, Египетийн засгийн газарт эмгэнэл илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Business Insider