Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоодог.
Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх гол үүрэгтэй юм. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг бөгөөд банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг.
Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлсэнээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэх юм. Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тогтоож байгаа нь ирэх дөрвөн жилийн туршид манай улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэн гаргав.
Эх сурвалж: Монголбанк