Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрхэм улс төрч өө, төгрөгийн ханшийн уналт танд ч бас ХАМААТАЙ

ikon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Apple компани цоо шинэ загварын iPhone X утсаа зах зээлд танилцуулж, үнэлгээ нь 1 их наяд ам.долларыг давсан компани болоход тун ойр байна. Тэд нэг ширхэг iPhone X-ийг 999 ам.долларын үнэтэйгээр зах зээлд санал болгоод буй. Энэ утас 2011 онд гарсан байсан бол бид 999*1,319 төгрөг=1 сая 317 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой байж. Харин 2017 онд гарсан учраас өнөөдрийн ханшаар тооцож үзвэл 999*2,444 төгрөг=2 сая 441 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм.

Үнийн зөрүү нь 1 сая 124 мянган төгрөг.

2011 оноос хойш Монгол иргэн бүрийн бодит орлого энэ хэмжээтэй тэнцэхүйц өсч чадаагүй бол төгрөгийн ханш өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бараг 50 хувиар суларчээ. Манай эдийн засаг, Монгол хүний худалдан авах чадвар яаж доройтсоныг хамгийн энгийнээр, бүдүүн тойм аргаар харуулж байгаа нь энэ.

Монголын эдийн засгийн дархлаа болсон үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн ханшид хэн санаа тавих ёстой вэ?

гэдэг асуултаар энэхүү сэдвийг үргэлжлүүлье. Мэдээж Төв банк хүчтэй савлагаатай үед зах зээлд оролцож, зохицуулалтын үүргийг гүйцэтгэх ёстой. Дэлхийн аль ч улсын Төв банкууд мөнгөн тэмдэгтээ тоолгүй хаядаггүй. Гэхдээ өнөөдөр Монголбанкны бодлогын орон зай хумигдмал. Төв банкны гол зорилго нь инфляци буюу үнийн тогтвортой байдал руу илүү чиглэдэг.

Харин төгрөгийн ханшид хамгийн сайн нөлөөлөх өөр нэг хүчин зүйл бол Засгийн газраас хэрэгжүүлэх төсвийн сахилга баттай бодлого, эдийн засгийн төрөлжилтийг хангах юм. Эдгээрийг хийх нь хэцүү ч АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогыг удирдах, Австралийн Күиснландад үер тавих, Орос, Хятадын дарга нарын шийдвэрт нөлөөлөх, Солонгос, Японы гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг өргөтгөхөөс хавьгүй амархан юм шүү улс төрчид өө. Яагаад гэвэл бид ам.долларын ханшийг барьж чадахгүй. Нүүрсний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулж чадахгүй. Мэдээж хоёр хөршийнхөө геополитикийн бодлогыг бүр ч “барахгүй”. 

 

График: Ам.долларын Монгол төгрөгтэй тэнцэх ханшийн өсөлт 2001 оноос, Монголбанк.мн

Ийм гэдгээ бүгдээрээ эртхэн хүлээн зөвшөөрч, өөрсдөөсөө шалтгаалах ажлуудаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй байна. Энэ талаар “Эдийн засгийн бүтэц буруу, тэнцвэргүй явж ирсэн, мөн эдийн засгийн бодлого хангалтгүй, дан ганц олон улсын таваарын захаас хамааралтай буй зэрэг шалтгаанаас төгрөгийн ханш тогтмол сулрах хандлагатай байдаг” гэж эдийн засагч Ө.Ганзориг хэлжээ.

Ам.долларын ханшид нөлөөлөгч үндсэн хүчин зүйл нь Монгол Улс руу орох ба улсаас гадагшлах ам.долларын урсгал баланс, мөн дотоодын хадгаламжийн долларжилт. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалт муудвал бид урсгал тэнцлийн алдагдалд орно. Харин улс төрчид “попроод” байвал иргэдийн хүлээлт муудаж, төгрөгт итгэх итгэл суларснаар төгрөгөө зарж, ам.доллар худалдаж авна гээд ойлгочих.
Төлбөрийн тэнцлийг ашигтай байлгахын тулд бид олон төрөлтэй, тогтвортой эдийн засагтай байх шаардлагатай байна. Тэгэхгүй бол нүүрс, зэсийн үнэ унахад л ард түмэнтэйгээ өвдөг шороодно.

Нөгөө талаас засаглал өөрөө тогтвортой, гарсан шийдвэрүүд нь буух эзэнтэй, буцах хаягтай байх хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд төгрөгийн ханшийн уналтыг бид Төв банк руу чихэж ирсэн. Төв банк ойлгомжгүй энэ шаардлагыг биелүүлэхийн тулд хамаг л валютын нөөцөө шавхаж дуусдаг. Тэгвэл улс төрчид, Засгийн газрын гишүүд ханшийн уналтынхаа эсрэг ямар алхам хийсэн бэ? гэдгээ өөрсдөөсөө асуух цаг болж. Төгрөгийн ханшийн уналтыг сулруулна гэдэг хэн нэгнийг “загнаад” биелчихдэг зүйл биш. Энэ бол бидний эдийн засагт дэлхий нийтээс тавьж буй ДҮН юм.

Харамсалтай нь Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, томоохон төслүүдээ хэрэгжүүлэх бодитой алхмууд хийгээгүй л байна. Хийхгүй удаад л байвал зах зээлийн хүлээлт улам л доройтно.

Тиймээс Ерөнхий сайд аа, УИХ, Засгийн газрын гишүүд ээ, төгрөгийн ханшийн уналт ТАНД Ч БАС хамаатай гэдгийг эртхэн ойлго оо.

 

Д.Лутбаяр