Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Андроид хэрэглэгчдийн байрлалыг нууцаар цуглуулж байсан Google компанийг Өмнөд Солонгост шалгаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Харилцаа Холбооны зохицуулах байгууллага (KCC) Google Korea компанийг Андроид хэрэглэгчдийн газар зүйн байрлалыг нууцаар цуглуулж байсан хэрэгт буруутган шалгахаар болжээ.

Тус улсын харилцаа холбооны болон хувийн нууцын хуулийг зөрчсөн эсэхийг KCC шалгахаа Пүрэв гарагт мэдэгдсэн байна.

“Энэ бол зөвхөн манай улсад үүссэн асуудал биш, АНУ-д анх яригдаж эхэлсэн асуудал. Тиймээс бид дэлхий даяар хэрхэн шийдэгдэж байгааг давхар харгалзаж үзнэ” гэж тус байгууллагын менежэр Чун Жи Хюн ярьжээ.

Сүүлийн байдлаар Google Korea компани хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэдний мэдэгдэлд “2017 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлэн бид Андроид системээ сайжруулах зорилгоор мэдээллийг цуглуулж байсан. Бид цаашдаа үүнийг хориглож, програмын шинэчлэлээр зогсоох төлөвлөгөөтэй байгаа” гэсэн байна.

Хэрэглэгч GPS тохиргоог хориглосон байсан ч үүрэн холбооны станцуудын сигналын тусламжтайгаар газар зүйн байрлалыг нь олж цуглуулдаг байснаа тэд хүлээн зөвшөөрсөн юм. Ингэхдээ SIM картгүй байсан ч мэдээллийг авч чаддаг байжээ.

Өмнөд Солонгосын ухаалаг гар утасны зах зээлийн 78 хувь нь Андроид системтэй.

Өмнөд Солонгосын хуулиар хэн нэгний газарзүйн байрлалыг мэдэгдэхгүйгээр тагнавал 5 жил хүртэл шоронд хорих, эсвэл 50 сая хүртэл воны торгуультай байдаг ажээ.

Харин Google буруутай нь тогтоогдвол үүнээс хавьгүй их хэмжээний торгууль хүлээнэ гэж тус улсын хуулийн мэргэжилтнүүд ярьсан байна.

Google Korea 2014 онд StreetView үйлчилгээндээ хувь хүний мэдээллийг нууцаар цуглуулсан хэрэгт буруутгагдан 210 сая воноор торгуулж байжээ.

 

Эх сурвалж: Korea Times