Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн шинэ ерөнхийлөгч өнөөдөр тангараг өргөнө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва

37 жил улс орныг удирдсан Роберт Мугабэг огцорсны дараа “матар” хочит Эммерсон Мнангагва Зимбабве улсын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдож байна.

Гадаад оронд толгой хорогдож байгаад Лхагва гарагт эх орондоо баатрын ёсоор ирсэн экс дэд ерөнхийлөгч Мнангагва өнөөдөр нийслэл Хараре хотын 60,000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэнд ерөнхийлөгчийн тангараг өргөх юм.

Энэ сарын эхээр дэд ерөнхийлөгчийн суудлаас зайлуулагдаж, намаасаа хөөгдсөн Мнангагва ийнхүү богино хугацаанд улсын тэргүүн болж байна. Өнгөрсөн Мягмар гарагт 93 настай Роберт Мугабэ сайн дураар огцорч байгаагаа зарласан юм. Ням гарагаас хойш Мугабэ болон түүний эхнэр Грэйс нар олны нүдэнд ил гараагүй байна.

Эх сурвалжууд тэднийг халдашгүй дархан эрхтэй болж, ямар нэг шийтгэл амсахгүй болсныг саяхан мэдээлсэн юм.

Харин өнөөдрийн тангараг өргөх арга хэмжээнд Мугабэг оролцоно гэж албаныхан мэдээлжээ.

Мнангагва улс төрийн хямрал эхлэх үед Өмнөд Африк руу дүрвэсэн бөгөөд тэнд хоёр долоо хоног орчим байж байгаад эх орондоо ирсэн юм. Тэр Зимбабвегийн 90 хувь хүрээд байгаа ажилгүйдлийг бууруулж, эдийн засгаа өөд татах, ардчилалыг хөгжүүлэхээ амлаж байгаа.  

 

Эх сурвалж: BBC