Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Никос Пассас: Офшор бүсээс хөрөнгө татахад олон улсын байгууллагуудтай хамтрах нь үр дүнтэй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Офшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сургалт, хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Офшор бүс ашиглан татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэг тэмцэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Нордийстэрн их сургуулийн Криминологи болон эрүүгийн хуулийн профессор Никос Пассас "Санхүүгийн гэмт хэргийн эсрэг олон улсын стандартууд ба тэдгээрийн Монгол дахь нөлөө", Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын Ерөнхийлөгч Николас Жианнакопулос "Офшор хөрөнгө ба Монголын эдийн засагт түүнийг буцаан авчрах боломжууд" сэдвээр лекц уншлаа. 

Мөнгөө хаана нуусан бэ гэдгийг тодорхойлох нь чухал

Нордийстэрн их сургуулийн Криминологи болон эрүүгийн хуулийн профессор Никос Пассас "Монголын Засгийн газар офшороос хөрөнгө татах асуудалд хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгаа нь анзаарагдлаа. 

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хүртэл өөрсдийн оролцоог бий болгож байгаа нь цаашид үр дүнд хүрнэ гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.

Мөнгөө хаана нуусан бэ гэдгийг тодорхойлох нь чухал. Олон давхаргаар дамжиж хийгддэг учраас үүнийг тодорхойлох хэцүү. Офшор хөрөнгийг буцааж авчрах асуудал дээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах нь үр дүнтэй" гэлээ. 

Офшор бүсээс хөрөнгө илрүүлэхэд улс төрийн дарамт байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээч Ц.Туяацэцэг "Их хурлын гишүүн гэсэн албан тушаал гэмт хэргийг халхавчлах сүүдэр байх ёсгүй. Одоо ч гэсэн УИХ дотор сууж байгаа гишүүд ил болоод буй баримтууд дээр офшор бүсэд хөрөнгөтэй гэж гараад байна. Тэгэхээр энэ хүмүүсийг албан тушаалаасаа буусны дараа юм уу эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байхад нь шалгаж байгаа. Гадаадад хөрөнгө орлогоо нуудаг гэсэн асуудлууд яригдаж байгаа нь зүй ёсны анхаарал татаж байна. 

АТГ албан тушаалын гэмт хэргийг илүү сайн шалгаж тогтоох ёстой байгууллага. Албан тушаалын гэмт хэрэг албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, эрх мэдлээрээ бусдад давуу байдал олгосон зэргийг хэлж байгаа. Энэ хэргүүдийг сайн шалгахгүй байна. Офшор бүсээс хөрөнгө илрүүлэх нөхцөл байдлын хувьд улс төрийн дарамт байна гэж харж байгаа. Жишээ нь аль нам төрийн эрх мэдэл барьж байна. 

Түүний эсрэг намыг нь шалгадаг ч юм уу? ийм байдал газар авсаар байгаа. Офшорын хэргийг илрүүлэх асуудал АТГ-т ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг ур чадвартай хамаагүй.

Зөвхөн эрх мэдлийн эзэд, тэдгээр хүмүүсийг томилдог хүмүүстэй холбоотой. С.Баярцогттой холбоотой хэргийг тухайн үеийн УИХ нь хамгаалаад аваад үлдчихсэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Одоо бол хэрэг нь шалгаад явж байгаа. 

Гэхдээ офшорын хэрэг зөвхөн АТГ-ийн илрүүлэх хэрэг биш. Гадаад улсад энэ хөрөнгө байгаа учраас прокурорын байгууллагатай бас холбоотой. Тэгэхээр прокурорын байгууллагын даалгавраар АТГ хэргээ үргэлжлүүлнэ. Прокурорын байгууллага улс төржихгүй шударгаар шуурхай ажиллах шаардлагатай. Үндэстэн улс дамнасан санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцье гэвэл прокурорын байгууллагад анхаарал хандуулж, чадавхжуулах хэрэгтэй" гэв.

Санхүүгийн мөнгөн урсгалуудад тодорхой хяналт тавих хэрэгтэй

 

Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын Ерөнхийлөгч Николас Жианнакопулос "Өмч хөрөнгийг хаана байгааг нь тогтоочихвол офшороос хөрөнгө татах амархан. Гэхдээ үүнийг гэмт хэргийн шинжтэй юу үгүй гэдгийг тодорхойлох нь хэцүү.

Монголын хууль хяналтын байгууллагууд энэ асуудлын хойноос явах хэрэгтэй. Мэдээллийн хяналтыг сайжруулах ёстой. 

Энэ санхүүгийн мөнгөн урсгалуудад тодорхой хяналт тавихыг хэлж байгаа юм. Нөгөө талаас гэмт хэргийн үүсэлтэй гэдгийг нь батлах тогтоох хуулийн заалт хэрэгтэй. Тухайлбал НҮБ-ийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцэд нэгдээд үүгээр дамжуулж, асуудлыг шийдэх юм бол илүү дөхөмтэй байж болно. Офшор хөрөнгийг илрүүлсэн тохиолдол байгаа. Хоёр ч тохиолдол бий. 

Африкийн хоёр улс Швейцарт хөрөнгөө нуусан байсан. Үүнийг илрүүлээд Засгийн газар руу нь өмч хөрөнгийг нь буцаасан боловч Засгийн газар нь тухайн мөнгийг яаж, юунд хэрэглэсэн тодорхойгүй байгаа. 

Офшор бүсээс татсан хөрөнгийг тухайн улсын Засгийн газар руу буцаахгүй, царцааж байлгах тохиолдлууд байна" гэв.