Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп сагсчин залуугийн аавд дахин гомдлоо илэрхийлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Хятадад гэрээгээр тоглож байсан АНУ-ын коллежийн гурван сагсан бөмбөгчин дэлгүүрээс хулгай хийсэн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байв.

Тэднийг өөрсдийн байрлаж байсан Ханьжоу хотын “Louis Vuitton” дэлгүүрээс бараа хулгайлсанд буруутгасан юм. Тухайн үед Бээжинд айлчлал хийж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын удирдлагуудтай ярилцсаны үр дүнд тэднийг суллан нутаг буцаасан гэдэг.

Гэвч залуусын нэгний аав ЛаВар ерөнхийлөгчийн зүтгэлийг үгүйсгэж, түүнийг хүүгийнх нь жижиг алдаагаар нэр төр хөөцөлдөж байна гэж буруутгасан юм. Тэр сүүлд CNN сувагт ярихдаа Трампыг хүүгийнх нь төлөө юу ч хийгээгүй, оронд нь Хятадын тэргүүн Ши Жиньпинд талархах ёстой гэж хэлжээ. Бас ЛаВар хүүгээ суллахад өөрийгөө илүү зүтгэл гаргасан гэсэн юм.

Трамп түүнд хандаж өмнө нь твиттер хуудсаараа гомдлоо илэрхийлж байв.

Тэгвэл тэр саяхан дахин твиттер хуудсандаа ЛаВарт хандсан гомдлын үг бичихдээ түүнийг “тэнэг” гэжээ.

Трамп “Цагаан ордон ч биш, Төрийн департмент ч биш, ЛаВар ч биш, харин БИ л тэднийг Хятадад олон жил хоригдохоос аварсан. Маш муу байна! ЛаВар бол халзан л болохоос Дон Кингтэй адилхан тааруу хүн юм! Ирэх 5-10 жилийн Талархлын баярыг хүүтэйгээ Хятадад өнгөрөөнө гээд төсөөл дөө. NBA ч үүнд тусалж чадахгүй. ЛаВарт сануулахад дэлгүүрээс хулгай хийх бол жижиг хэрэг биш. Тэр тусмаа Хятадад энэ бол том асуудал. Ач мэддэггүй ТЭНЭГ!” гэж бичсэн байна.

 
Дональд Трамп, Дон Кинг нар хуучны бизнесийн хамтрагчид

Трампын мэдэгдэлд нэр нь гарсан Дон Кинг нь мэргэжлийн боксын промоутер бөгөөд Майк Тайсоныг анх гаргаж ирж байжээ. Трамп, Кинг хоёр 1980-аад оны үед шоу бизнес, мэргэжлийн боксын тулаан зохион байгуулахад хамтардаг байсан юм. Тэгвэл Трамп ЛаВарт үг хэлэхдээ урьд нь эвдрэлцэж байсан Дон Кингийг хавсаргаж, нэг сумаар хоёр туулай буудсан бололтой.