Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Алтыг нь аваад, авдрыг нь хоосон үлдээхгүй байх ТАВАН санал

ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Эдийн засагч Л.Наранбаатарын илтгэл

Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож "АЛТ-2" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан илтгэл тавьж, 5 санал хэллээ.

Үүнд:

  1. Шороон ордод хайгуулаар жилд 5 тн алтны нөөц бэлтгэгдэж, 18 тн алт олборлогдож байна. Олборлолтын хурд, нөөц бэлтгэх хурдаас 3-4 дахин их байгаа тул нөөц шавхагдаж байна. Хайгуулын ажлыг эрчимжүүлэх, лиценз олголтыг хурдлуулах.

    Үндсэн ордод жилд 30 тн геологийн нөөц бэлтгэгдэж буй боловч техник-эдийн засгийн үндэслэлээр үр ашигтай олборлож болох нөөц нь 5-15 хувь байгаа нь хангалтгүй дүн юм. Ойрын үед ашиглаж болох Гацуурт (50тн), Алтан Цагаан Овоо (6.5тн) -оос өөр үндсэн ордууд байхгүй байна.
     
  2. Шороон ордод нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа нь салбарын нэр хүндийг бүхэлд нь гутааж, харлуулж байна. Иймээс уулын ажлын эзэлхүүнтэй нь уялдуулж 1м3 тутамд техникийн нөхөн сэргээлтийн зардлыг нормжуулах (500-800 төг), биологийн нөхөн сэргээлт, мониторингийн зардлыг 1 унц алт тутамд 30-50 ам доллароор суутган борлуулалтаас тооцож "Нөхөн сэргээлтийн сан" байгуулж хуримтлуулах. 

    Лиценз эзэмшигчээр  нөхөн сэргээлтийг гүйцэтгүүлэхгүй байх. Лиценз эзэмшигч нь нөхөн сэргээхэд  ашиг сонирхолын зөрчилтэй тул зардлаа хэмнээд, стандартын дагуу нөхөн сэргээж чаддаггүй. Тиймээс нөхөн сэргээлтийг хөндлөнгийн мэргэжлийн оператор компаниудаар гүйцэтгүүлэх хэрэгтэй. Сангийн зарцуулт, нөхөн сэргээлтийн гүйцэтгэгч компанийг тухайн орон нутгийн ИТХ шийдвэрлэдэг байх нь зөв. 
     
  3. Нөөцийн төлбөрийн 70 хувийг аймагт нь өгдөг болох. Аймгийн ИТХ нь сумдууддаа хэрхэн хуваарилахаа шийднэ биз. Уулыг нь ухчихаад онгойсон нүх үлдээгээд явж болохгүй биздээ! Орон нутаг нь энэ мөнгөөрөө замаа, сургууль цэцэрлэгээ өөрсдөө бариг! (Шороон ордоос улсад төлж буй нөөцийн төлбөр нь уул уурхайн салбараас төлж буй нийт нөөцийн төлбөрийн 5-8 хувь болно
     
  4. Усны эргэлтийн даланг стандартын дагуу барьж байгуулсаны дараа уурхайн үйл ажиллагааг нь эхлүүлэх зөвшөөрөл олгох. Ингэхдээ даланг бариад, даатгуулсан байх хатуу шаардлага тавих. 

    Ашиглалтын явцад далан сэтэрч, гол ус бохирдуулбал даатгалын компани яланд унана. Нөхөн төлбөр төлнө. Мэргэжлийн хяналтын оролцоо буурна, татвар төлөгчдийн мөнгөөр шалгадаг төрийн зардал ч буурна. 
     
  5. Хаягдал ихтэй, хоцрогдсон цагаан хааны технологитой уурхайд торгууль тавих. Ингэхдээ хаягдсан алтны хэмжээгээр нь тооцож нөөцийн төлбөрийг авах хэмжээнд байвал оновчтой байх. 

Скрубер, шлюзээр алт авахад төсөлд 70-80% гэх боловч үнэндээ 52% байгааг Заамарын бүсэд хийсэн судалгаагаар харж болно. (Mongolia Gold-2014, QMC илтгэл) Ингэж их алт хаяж байгаа учраас ашиглалтын дараа мянга нөхөн сэргээсэн ч  нинжа үүрлээд, байгаль сүйдэж байна.

Мөн энэ хаясан алтаа дахин дахин угаах зэргээр ашиглалтын технологи зөрчих, үргүй зардал гаргах, улмаар "шатах" гэдэг нь болж ордоо нөхөн сэргээх төсөвгүй болж дампуурч байна.

Торгуулийн хөшүүргийг хэрэглэж эхэлбэл тунаах машин, гүйцээн баяжуулалтын шинэ дэвшилтэд технологиуд нэвтэрч, алтны салбарын үр ашиг, бүтээмж бүхэлдээ дээшилнэ. 

Анхны алт хөтөлбөр улс орны эдийн засгийг хүнд үеэс аварч түүхэн үүргээ гүйцэтгэсэн ч хүнээ, байгалиа мартсан нь алдаа байсан. Алт-2 хөтөлбөрт алдааг давтахгүйн тулд дээрх саналуудыг манай яам, агентлаг харгалзан үзнэ гэж найдаж байна.